Jump to content

Ян Амос Коменский

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ян Амос Коменский (чех. Jan Ámos Komenský, лат. Ioannes Amos Comenius; 1592 оны 3-р сарын 28-нд Өмнөд Моравийн Нивнице тосгонд төрсөн — 1670 оны 11-р сарын 15-нд Амстердам хотод нас барсан) — Чехийн хүмүүнлэг-сурган хүмүүжүүлэгч, зохиолч, шашны болон нийгмийн зүтгэлтэн, епископ чех ах дүү нарын шашны хамба лам, сурган хүмүүжүүлэх шинжлэх ухааныг үүсгэн байгуулагч, анги-хичээлийн тогтолцоог системчлэгч, сурталчлагч юм.

Ян Коменский Морави нутгийн Нивниц тосгонд Мартин Коменский, Анна Хмелова нарын хүү болон төржээ. Эцэг Мартин Коменский хөрш Комне тосгоны уугуул хүн байв. Мартины эцэг Ян Сегеш Словакаас Морави руу нүүж ирж суурьшсан Комне тосгоныхоо хүндэтгэлд зориулж Коменский овог авчээ. Мартин, Анна Коменский нар Чех (Моравын) ахан дүү нарын шашны нийгэмлэгийн гишүүд байжээ.

Ян хүү "Ахан дүүсийн сургууль"-д анхны боловсролоо авсан бөгөөд 1602-1604 оны хооронд түүний эцэг, эх, хоёр эгч нь тахлаар нас баржээ. 1608-1610 онд Ян Преров дахь латин сургуульд шилжээд үргэлжлүүлэн суралцжээ. 1611 онд сүмийнхээ сургаалын дагуу Ян Коменский баптисм хүртэж, Амос хэмээх дунд нэрээ авсан байна.

Дараа нь тэрээр Германы Херборн академи болон Хайдельбергийн их сургуульд суралцаж, "Бүх зүйлийн театр" (1614–27) хэмээх өвөрмөц нэвтэрхий толь бичгийг бүтээж, чех хэлний бүрэн толь бичиг (Чех хэлний сан хөмрөг, 1612–56) дээр ажиллаж эхэлжээ. 1614 онд Коменский Преров дахь "Ахан дүүсийн сургууль"-д багшилж байсан. 1618-1621 онд тэрээр Моравийн Фулнек хотод амьдарч, Италийн гүн ухаантан Томмазо Кампанелла, Испанийн шашны зүтгэлтэн, гүн ухаантан Хуан Луис Вивес болон бусад Сэргэн мандалтын үеийн хүмүүнлэгийн зүтгэлтнүүдийн бүтээлийг судалж байжээ. Фулнект амьдрах үед Ян Коменский Моравийн эртний эд зүйлс (1618–21) ном бичиж, төрөлх Морави (1618–27) нутгийнхаа газрын нарийвчилсан зургийг эмхэтгэсэн юм.

1627 онд Ян Коменский дидактикийн тухай бүтээлээ чех хэлээр бичиж эхлэв. Католик шашны бишрэгчдийн хавчлагын улмаас Коменский Польш-Литвын хамтын нөхөрлөл буюу Лешно хот руу цагаачилжээ (1626 онд Моравийн ахан дүүс гимназиа байгуулжээ). Энд тэрээр тус гимназид багшилж, "Дидактик"-аа чех хэлээр (1632) дуусгаж, дараа нь Агуу Дидактик (латин. Didactica Magna, 1633-1638) гэж нэрлэж, латин хэл рүү хөрвүүлсэн байна. Тэрээр мөн хэд хэдэн сурах бичгүүдийг бэлтгэсэн: Хэлний нээлттэй хаалга (1631), Одон орон (1632), Физик (1633), гэр бүлийн боловсролын анхны гарын авлага болох "Эхийн сургууль" (1632). Ян Коменский пансофийн (бүгдэд бүхнийг заах) санааг хөгжүүлэхэд идэвхтэй зүтгэж байсан нь Европын эрдэмтдийн сонирхлыг ихэд татах болжээ.