Jump to content

Ян Хус

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ян Хус (чех. Jan Hus, орос маягаар Ян Гус гэж бичих нь бий. 1369 онд Бохемийн Гусинецэд төрж, 1415 оны 7-р сарын 6-нд Швабын Констанцад шатаалгуулж нас барсан) — Чехийн номлогч, сэтгэгч, тус улсын шинэчлэлийн үзэл бодлын зүтгэлтэн.

Чехийн ард түмний үндэсний баатар. Тэрээр санваартан байсан бөгөөд хэсэг хугацаанд Карлын их сургуулийн ректор байсан. 1415 оны 7-р сарын 6-нд түүнийг шашны шийдвэрээр Констанцад бүтээлийнх нь хамт шатаажээ.

Түүнийг 10 настайд нь эцэг эх нь сүмийн сургуульд суулгасан байна. Хичээлдээ амжилтад хүрсэн тэрээр тухайн үеийн Чехийн хамгийн том хотуудын нэг болох Праг руу нүүжээ. Тэрээр Карлын их сургуульд (Прагийн их сургууль) элсэн орсон. 1393 эсвэл 1394 онд тэрээр теологийн буюу шашин судлалын бакалавр болсон. 1396 онд тэрээр урлагийн мастер цол авч, лекц уншиж эхэлжээ. Дөрвөн жилийн дараа (ойролцоогоор 1400 он) тэрээр шашны хэргэм авч, бараг нэгэн зэрэг сургаал номлож эхэлсэн байна. 1401-1402 онд тэрээр либерал урлагийн факультетын декан болжээ. 1402-1403, 1409-1410 онд тэрээр Карлын их сургуулийн ректор байсан.

Тэрээр Английн шинэчлэгч Жон Уиклифийн үзэл бодлыг тууштай дэмжигч байсан бөгөөд латин хэлээрх ихэнх номдоо түүнээс байнга эш татдаг байсан.