Jump to content

Ян Шанкунь

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ян Шанкунь (хятад: 楊尚昆, пиньинь: Yáng Shàngkūn; 1907 оны 5-р сарын 25-нд төрсөн - 1998 оны 9-р сарын 14-нд нас барсан) -Хятадын улс төрч, БНХАУ болон Хятадын Коммунист намын удирдагчдын нэг, мөн "ХКН-ын үхэшгүй мөнхийн 8 хүний" нэг байв.

Тэрээр 1988-1993 онд БНХАУ-ын дарга, 1989 онд ХКН-ын Төв хорооны Цэргийн Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга, 1980-1988 онд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (БАТИХ) Байнгын хорооны дэд дарга, 1989 оноос хойш БНХАУ-ын Цэргийн Төв Зөвлөлийн дэд даргаар ажиллаж байжээ.

1907 оны 5-р сарын 25-нд Сычуань мужийн Шуаньжян хотод төрсөн. Тэрээр 1925 онд Коммунист Залуучуудын Холбоонд, 1926 онд Хятадын Коммунист намд элссэн. 1925-1926 онд Шанхай, Сычуань болон бусад газруудад оюутны хөдөлгөөнд оролцсон.

1927-1931 онд Москва дахь Хятадын Хөдөлмөрчдийн Коммунист Их Сургуульд суралцсан. 1931 онд эх орондоо буцаж ирээд Бүх Хятадын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны суртал ухуулгын хэлтсийн дарга, намын бүлгийн нарийн бичгийн дарга, ХКН-ын Төв Хорооны суртал ухуулгын хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байжээ. Тэрээр Шанхай дахь ажилчдын хөдөлгөөн болон Японы цэргүүдийн эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулахад оролцсон.

Хятад-Японы дайнд ялсны дараа тэрээр ХКН-ын Төв Хорооны Цэргийн Төв Зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдож, Гадаад хэргийн Төв Ажлын Хорооны орлогч даргаар ажиллаж байжээ. 1949 онд түүнийг ХКН-ын Төв Хорооны Ерөнхий Тамгын газрын даргаар томилжээ.

1959 оны 9-р сард болсон ХКН-ын 8-р их хурал болон Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлаар түүнийг ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, ХКН-ын Төв Хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын орлогч гишүүнээр сонгожээ.

БНХАУ-ын Соёлын хувьсгалын өмнөхөн түүнийг ХКН-ын Гуандун мужийн хорооны Нарийн бичгийн дарга нарын газрын гишүүнээр шилжүүлжээ. Үүний дараа тэрээр хавчигдаж, шорон, хөдөлмөрийн лагерьт 12 жилийг өнгөрөөсөн байна.

1978 оны 12-р сараас 1980 оны сүүл хүртэл тэрээр ХКН-ын Гуандун мужийн намын хорооны хоёрдугаар нарийн бичгийн дарга, Гуандун мужийн орлогч дарга, Гуанжоу хотын ХКН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байжээ.

1980 оны 9-р сард тэрээр мөн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга, тус хорооны гүйцэтгэх нарийн бичгийн даргаар сонгогджээ. 1981 оны 7-р сард тэрээр Цэргийн Төв Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогджээ. 1982 онд тэрээр БНХАУ-ын Цэргийн Төв Зөвлөлийн байнгын дэд дарга болжээ.

1982, 1987 онд тэрээр ХКН-ын 12 дахь Их хурал, 13 дахь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлыг даргалж, ХКН-ын Төв Хорооны Байнгын хорооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Цэргийн Төв Зөвлөлийн дэд дарга, нарийн бичгийн даргаар сонгогджээ.

1988 оны 4-р сард 7 дахь удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар бүгд хурлаар түүнийг БНХАУ-ын даргаар сонгосон байна.

Ян Шанкуны карьерын уналт нь 1989 оны Тяньаньмэний талбайн эсэргүүцлийн жагсаалтай холбоотой юм. Ян 1989 онд Тяньаньмэний талбайд жагссан оюутнуудыг өрөвдөж байсан ч хожим нь хатуу байр суурь баримталсан Дэн Сяопиныг дэмжиж байв.

1990-ээд оны эхээр тэрээр тус улсын шинэ удирдагч Жян Зэминтэй зөрчилдөж эхэлсэн. Ян Шанкунь цэргийн салбарт нэлээд алдартай байсан тул Дэн Сяопин түүний нөлөө улам бүр нэмэгдэж байгаад айж, түүнийг БНХАУ-ын даргын албан тушаалаас нь чөлөөлж, Жян Зэминийг энэ албан тушаалд томилж чадсан юм.

1992 оны 10-р сараас 1993 оны 3-р сар хүртэл түүнийг ХКН-ын Төв Хорооны Байнгын Хорооны гишүүн, Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв Цэргийн Зөвлөлийн дэд дарга, төрийн тэргүүний албан тушаалаас нь ээлж дараалан чөлөөлсөн юм.