Jump to content

Японы Шинжлэх ухааны академи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Японы Шинжлэх ухааны академи
Японы Шинжлэх ухааны академийн Лого

Японы Шинжлэх ухааны академи (япон. 日本学士院 Ниппон гакүшиин, англи. The Japan Academy) — шинжлэх ухааны шилдэг ололттой Японы тэргүүлэх эрдэмтдийг нэгтгэх зорилгоор байгуулагдсан Японы хамгийн дээд түвшний эрдэм шинжилгээний байгууллага юм. Япон улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яамны “харьяа байгууллага” гэсэн статустай. Академийн үндсэн байр нь Токио хотын Тайто дүүргийн Үэно цэцэрлэгт хүрээлэн дэх Японы Урлагийн академи, Токиогийн Урлагийн их сургууль болон хэд хэдэн музейн хажууд байрладаг.

Японы Шинжлэх ухааны академи нь 1879 оны 1-р сард Эзэн хаан Мэйжигийн удирдлага дор Японд шинэчлэл хийх үед "Токиогийн академи" (япон: 東京学士会院) нэртэйгээр байгуулагдсан бөгөөд барууны, ялангуяа Лондоны Эзэн хааны нийгэмлэгийн жишгээр зохион байгуулагдсан байна. Тухайн үед академи нь Японы хамгийн шилдэг 40 эрдэмтнийг гишүүнээр элсүүлж байжээ. Академийн анхны ерөнхийлөгчөөр зохиолч, гүн ухаантан Фүкүзава Юкичи, Ниши Аманэ нар байсан ажээ.

1906 онд академийн үүрэг үйл ажиллагааг өргөжүүлж «Эзэн хааны Шинжлэх ухааны академи» (япон. 帝国学士院) гэж нэрлэсэн байна.

Япон улс Дэлхийн 2-р дайнд ялагдсаны дараа 1947 онд үндсэн хуульт хаант засаглалд шилжиж хэд хэдэн төрийн болон харьяа байгууллагуудад нэрээ солихоос эхлээд холбогдох шинэчлэл хийгдсэн. 1947-1949 оны 12-р сарын хооронд Эзэн хааны академийг одоогийн нэрээр нь өөрчилж, Японы Шинжлэх ухааны академи болгосон. Японы засгийн газрын Шинжлэх ухааны зөвлөлд харьяалагдаж байгаад Японы Соёл, боловсролын яаманд шууд захирагдах болжээ. Одоогийн байдлаар тус академийн үйл ажиллагааг 1956 оны 3-р сарын 24-нд батлагдсан "Японы академийн тухай хууль"-аар зохицуулж байна.