Японы эзэмшлийн Солонгос
1910–1945 оны хооронд Солонгосыг Японы эзэнт гүрэн “Чоосэн” (солонгосоор “Жосон” гэх нэрийн япон дуудлага) нэрээр захирч байв.
Япон улс 1800-аад оны сүүлчээр Солонгосыг өөрийн нөлөөний бүсэд оруулж эхэлсэн. Тухайн үед Солонгос (Жосон) болон Япон аль аль нь тусгаарлагдсан бодлого баримталж байсан ба Жосон нь Чин гүрний вассал (тусгаар хараат) улс байв. Гэвч 1854 онд АНУ Японыг албадан нээж, Япон Мэйжийн шинэчлэлийн хүрээнд түргэн хөгжиж эхэлсэн бол Жосон гадаадын нөлөөнөөс татгалзсан хэвээр байв.
Эцэст нь, Япон улс 1876 оны Япон-Солонгосын тэгш бус гэрээгээр Жосоныг албадан нээж чадсан. Үүний дараа Япон бүс нутгийн өрсөлдөгчдөө дараалан ялан дийлж, Барууны улсуудтай холбоотон болж, Солонгост нөлөөгөө тогтоох олон жилийн үйл явцыг эхлүүлсэн.
Япон улс Солонгосын эсэргүүцэгч хатныг алж, Дунхакийн тариачдын бослогын үед оролцсон. 1894–1895 оны Хятад-Японы нэгдүгээр дайнд Япон Хятадыг ялсны дараа Жосон нэр төдий тусгаар тогтнол зарлаж, богино настай Солонгосын Эзэнт гүрнийг тунхаглав. Харин 1904–1905 оны Орос-Японы дайнд Япон Оросыг ялж, бүс нутгийн цорын ганц хүчирхэг гүрэн болж, Солонгосыг бүрэн өөртөө нэгтгэх алхмуудыг хийж эхэлсэн.
Япон улс эхлээд 1905 оны Япон-Солонгосын гэрээгээр Солонгосыг протекторат (хамааралтай улс) болгож, улмаар Японы Солонгос дахь ерөнхий төлөөлөгчийн газраар дамжуулан шууд бус захиргаа тогтоов. 1907 онд Япон эзэн хаан Гожоныг албадан хаан ширээнээс нь буулгасны дараа, 1910 оны Япон-Солонгосын гэрээгээр Солонгосыг албан ёсоор колони болгосон.
Ингээд колоничлолын төгсгөл хүртэл Чоосэн хэмээх нэртэйгээр, тухайн үеийн Сөүл хотод байрлах Чоосэний ерөнхий захирагчийн удирдлага дор Японы захиргаанд орсон.
Япон улс Солонгост цогц өөрчлөлт хийсэн. “Ниссэн доосоорон” гэх арьсны ялгаанд суурилсан онолын нэрийн дор японжуулах үйл явцыг эхлүүлж, солонгос хэл, нэр хэрэглээг бүрэн хориглох хүртэл хүргэжээ.
Олон арван мянган соёлын үнэт зүйлсийг Япон руу авч явж, Гёнбокгун, Доксугун зэрэг түүхэн орд харшуудыг хэсэгчлэн болон бүрэн нураасан. Гэсэн хэдий ч Япон улс зарим дэд бүтэц, аж үйлдвэрийг мөн байгуулсан.