Jump to content

Үндэстнүүдийн Баялаг (ном)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Анхны 1776 оны хэвэлийн нүүр хуудас.

Үндэстнүүдийн Баялаг буюу Үндэстнүүдийн баялгийн мөн чанар түүний үүслийн шалтгааны талаарх судалгаа (англи. An Inquiry into the Nature and Causes of the Wealth of Nations) — Шотландын алдарт эдийн засагч Адам Смитийн 1776 оны 3-р сарын 9-нд хэвлүүлсэн үндсэн бүтээл.

Энэ ном эдийн засгийн онолд маш том нөлөө үзүүлсэн бөгөөд сонгодог улс төрийн эдийн засгийн суурь бүтээл гэж үздэг юм.

Энэхүү ном нь эдийн засгийн салбарыг үндэс сууриар нь тодорхойлж, 19-р зуунд ноёрхож байсан чөлөөт зах зээлийн капитализм, эдийн засгийн шинжлэх ухааны онолын үндэс суурийг тавьсан юм. Шотландын соёлын болон аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үеийн бүтээгдэхүүн болох уг зохиол нь тухайн үеийн меркантилист бодлогод шүүмжлэлтэй хандаж, эдийн засгийн хөгжилд түлхэц өгөх чөлөөт худалдаа, татварын үр дүнтэй бодлогыг хэрэгжүүлэхийг дэмжсэн юм. Энэ нь эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулалт гэхээсээ илүү хувийн ашиг сонирхол, эрэлт нийлүүлэлтийн хүчин зүйлээр тодорхойлох ёстой гэж санал болгосноор өмнөх эдийн засгийн сэтгэлгээнээс тодорхой өөрчлөлтийг авчирсан юм.

"Үндэстнүүдийн баялаг" ном 1776 оны 3-р сарын 9-нд Шотландын гэгээрэл ба хөдөө аж ахуйн хувьсгалын үеэр (1-р боть I-III ном, хоёрдугаар ботид IV, V ном багтсан) хоёр боть болж хэвлэгджээ. Энэ нь Карл Маркс зэрэг хэд хэдэн зохиолч, эдийн засагч, засгийн газар, байгууллагуудад нөлөөлж, дараагийн 19-р зууны эхний хагасын эдийн засгийн мэтгэлцээн, хэлэлцүүлгийн нөхцөлийг тогтооход ихээхэн нөлөөлсөн юм. Жишээлбэл, Александр Хамильтон "Үндэстнүүдийн баялаг" номны нөлөөн дор "Үйлдвэрлэлийн тухай тайлан"-гаа бичихэд хэсэгчлэн нөлөөлж, Адам Смитийн олон үзэл бодлыг эсэргүүцэж байжээ. Хамильтон энэхүү тайлангийн ихэнх хэсгийг Францын төрийн зүтгэлтэн Жан-Батист Колберын санаан дээр үндэслэсэн байна. Адам Смитийг амьд сэрүүн байхад тус ном 5 удаа шинэчлэгдэн хэвлэгдэж байжээ (1776, 1778, 1784, 1786, 1789). Мөн франц (1779), герман болон испани хэлээр орчуулагдан хэвлэгдэн гарчээ. Орос улсад 1802, 1866, 1902, 1924, 1962 онд орос хэл дээр хэвлэгдсэн байна.

Энэхүү бүтээл нь доорх 5 номоос бүрддэг. Үүнд:

  1. Хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийн шалтгаан, түүний бүтээгдэхүүнийг ард түмний ангиудад байгалийн жамаар хуваарилах дараалал;
  2. Хөрөнгийн мөн чанар, түүний хуримтлал, хэрэглээний талаар;
  3. Янз бүрийн ард түмний сайн сайхан байдлыг хөгжүүлэх тухай;
  4. Улс төрийн эдийн засгийн тогтолцооны тухай;
  5. Хааны буюу улсын орлогын тухай.