Jump to content

Үхрийн нүдний бут тарих (Органик хүнсний ногоо тариалах)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ургалтын хугацаа : Үхрийн нүд бут тарьсан жилээс эхлэн 10 жилийн турш эрчимтэй жимсээ өгнө. Үхрийн нүдний жимсийг 7 дугаар сарын 25-наас хойш хурааж авна.

Ургах нөхцөл: Хар үхрийн нүд ус чийг нэлээд шаарддаг таримал учир чийгэрхэг хөрстэй нөмөр буюу хашаа байшингийн нөмөр сүүдэрдүү, услахад тохиромжтой газар тарина. Харин гол нуга, намгархаг хөрстэй газар тохиромж муутай.

Aрчилгаа: Хавар 5 дугаар сард үхрийн нүдний бут цэцэглэж байх үеэр манай орны нөхцөлд гэнэтийн цочир хүйтрэлтүүд болдог учир бутны цэцгийг хамгаалж бороожуулагчаар орчны хөрсийг услах ,талбайд утаа май тавих зэргээр хамгаална.

Тарих талбайг сонгох / хөрсөө бэлтгэх:

Хөрсний гүний усны түвшин 1-1.5 м-ээс доош байх нь чухал. Үхрийн нүдийг чийглэг бөгөөд ялзмагаар баялаг, хөнгөн элсэрхэг хөрсөнд тарьж болно. Хүчиллэг ихтэй хөрсөнд үхрийн нүд муу ургадаг. Ялангуяа намгархаг хөрсөнд олигтой үндэслэж чаддаггүйн сацуу янз бүрийн мөөгөнцөр мэтийн өвчинд хялбархан нэрвэгддэг.

Хашааны үхрийн нүдийг тариалах талбайг зөв сонгож авсны дараа модоо суулгах газрын өргөн урт нь 40x40 см-ээс доошоо хүрзний мөр тултал гүнзгий ухна. Хөрсний ялзмагт давхарга зузаан аваас нүхийг доош нь 50 см хүртэл гүнзгий ухна. Харин хөрсний ялзмагт давхарга нимгэн бол нүх ухаж ялзмагт шороог нөгөө талд гаргана. Ийнхүү үхрийн нүд тарихад зориулан ухсан нүхэнд ялзмагт шороотой малын бууц, шувууны сангас буюу аргал, модны үнс тус тус сайн хольж нүхээ дүүргэнэ. Суулгац бут суулгахаас 2-3 хоногийн өмнө нүхээ ухаж, хөрсөө бордож боловсруулна.

Суулгац бэлтгэх:

Үхрийн нүдийг тайрдас эсвэл бутны нугалга хийж, үндэслүүлэн суулгацаар тарьж ургуулна. Үүнд намар 9-р сарын 1, 2-р хагаст үхрийн нүдний бутны 5-6 нахиа бүхий 18-20 см мөчрийг тайран авч, мөчрийн дээд үзүүр, доод үзүүрийг нахианы доод талаар хурц хутгаар огтолж, түүнийгээ нар салхинд удаахгүй өдөрт нь багтаан тарина. Сайн бордож боловсруулсан хөрсөнд мөчир хооронд 12-15 см, эгнээ хооронд 60-70 см зайтай, 45° налуу газраас дээш 2 нахиа ил гаргаж 2 нахиатай доод үзүүрийг хөрсөнд булaж эргэн тойрны шороог сайтар нягтруулж усалж дараа нь хөрсөн дээр хөх бууц хийж болно. Ирэх хавар тарихаар намар тайрч авсан суулгац мөчрийг зооринд нойтон элсэнд эсвэл цасанд хучиж өвөлжүүлнэ. Дараа хавар нь эрт газрын хөрс гэсэж эхэлмэгц талбайд шилжүүлэн дээр дурдсан аргаар суулгана. Хөрсийг байнга сийрэг нойтон байлгавал суулгац түргэн үндэслэж эрчимтэй ургана.

Суугац тарих:

Үхрийн нүдний суулгацыг хавар намрын улиралд шилжүүлэн суулгаж болох боловч намар суулгах нь хамгийн тохиромжтой. Учир нь намар өвлийн улиралд суулгацын үндсэнд шороо (хөрс) нягтран барилдаж бэхлэгдэх тул хавар эрт нахиалж амьдрах чадвар нь түргэн дээшилнэ. Хэрэв хавар тарих бол суулгацын нахианууд хөөж томрохоос өмнө газар гэсэж эхэлмэгц талбайд шилжүүлэн суулгана. Ирээдүйн тарималын ургацын чанар суулгац материалаас хамаарах учир мод үржүүлгийн газар болон өөрсдийн бэлтгэн гаргасан үхрийн нүдний суулгацын үндэсний систем, салаа мөчрүүд (иш) сайн хөгжсөн хэсгийг сонгож авна. Үүнд 20-30 см урт, 2-3 салаалж салбарласан өтгөн үндэстэй 40-50 см урт, 2-4 салаа мөчиртэй, мөчир тус бүр 3-4 нахиатай бөгөөд нэг буюу хоёр настай суулгацыг суулгана. Харин тарих хугацааны суулгацын үндэсний системийг аль болохоор гэмтээхгүй шороотой ухаж авахын сацуу суулгац нь өвчилж гэмтээгүй байх хэрэгтэй. Тарих үедээ суулгацын үндсийг өтгөн шавар зуурмагт дүрж шавар наалдуулж тарихад шороотой түргэн авцалдаж үндэс сайн үүсэж хөгжинө. Үхрийн нүдний суулгацыг бага зэрэг налуу (45°) мөчрийн доод талын нахианд тултал суулгаж тойруулж шороогоор манаж булаж өгвөл хожим хөрсөн доорх иш үндэснээс нэмэгдэл үндэс ишнүүд үүсэж яваандаа өтгөн бут ургана. Суулгац тарьсны дараа хөрсийг ханатал сайтар усална. Суулгасан мөчирт 2-3 нахиа үлдээн үзүүрийг тайрна. Хур тунадас дутмаг үед усалгааг 5-6 хоногийн дараа дахин хийнэ. Бут хоорондын хөрсийг 10-15 см гүн сийрүүлэлтийг үе үе хийж өгнө.

Усалгаа:

Үхрийн нүдийг 5-р сарын 1-ээс 9-р сарын 1 хүртэл 7 хоногт 1-2 удаа 40-50 литр усаар тооцож сайтар усална. 9-р сард ямар ч модыг усалдаггүй. Учир нь тэр мод сөөг өвөлд бэлтгэж сахар болон бусад бодисуудыг хуримтлуулдаг. Эсвэл эхний усалгааг нахиа задралтын өмнө 4-р сарын сүүлч 5-р сарын эхээр 2 дахь усалгааг цэцэглэлтийн өмнө 5-р сарын 15-20- ний үед, 3 дахь усалгааг үр жимс тогтолтын үед, 6-р сарын эхээр 4 дахь усалгааг жимс боловсруулалтын өмнө 6-р сарын сүүлчээр, 5 дахь усалгааг жимс хураалтаас 7 хоногийн өмнө услах байдлаар мөн хийж болно. Намрын цэнэг усалгааг 9-р сарын сүүлч 10-р сарын эхээр хөрсийг 60-80 см гүнд ус нэвчтэл усална.

Таналт:

Анхны жил суулгац тарьснаас хойш мөчрийн нахиа задралтаас өмнө (хавар) 2-3 нахиа үлдээж үзүүрийг тайрна. 2 дахь жилд хамгийн сайн үндэслэж хөгжсөн 3-4 мөчрийг үлдээж бусдыг тайрна, Дараах жилүүдэд хөлдсөн гэмтсэн, өвчилсөн мөчрүүдийг цэвэрлэх замаар таналт хийх ба 4-с дээш настай бутанд засалт, таналт хийж хэлбэршүүлнэ. Тухайлан хэлбэл: 5 настай бутанд таналт хийж хэлбэршүүлэхэд 5 настай гол мөчир, 4 настай мөчир 3, 3 настай мөчир 3, 2 настай мөчир З, 1 настай 3 мөчир тус тус байхаар үлдээж бусдыг нь тайрч авна. Тэгэхдээ хэлбэр муутай, газраар налж ургасан, тахирлаж мушгирч ургасан, хугарч гэмтсэн мөчрүүдийг модны хайч буюу хурц хутгаар тайрна. Бутанд тайралт зөв хийж хэлбэршүүлбэл жимс томорч ургац сайжирна. Цаашид жил бүр хатсан хугарч гэмтсэн турь муухан, жимс цөөхөн гардаг мөчрийг тайрч засал хийнэ. 6-7 настайгаас хуучирч хөгширсөн мөчрүүдийг цөөлж, залуу мөчрүүдийг үлдээн залуужуулж байх нь чухал.