Өлзийн Бадрах

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Өлзийн Бадрах

Өлзийн Бадрах нь Монгол Улсын төрийн сайд, улс төрийн зүтгэлтэн.1924 онд БНМАУ-ын анхдугаар хуралд сонгогдож, Сангийн сайдын албан тушаалд томилогджээ. 1925-1932 онуудад МАХН-ын Төв хорооны хэлтсийн эрхлэгч, нарийн бичгийн даргаар мөн сонгогдон ажилласан, 1932-1934 онд Эрүүлийг хамгаалах яамны сайдаар томилогдон ажиллаж байгаад 1934 онд хилс хэргээр ЗХУ-д цөлөгдөж 1937 онд цаазлагдсан байна.

Намтар[засварлах | edit source]

Дөрвөд далай хан аймгийн Зоригт ханы хошуу буюу одоогийн Увс аймгийн Давст сумын нутагт 1895 онд төржээ. Гэрээр боловсрол олж хошуу тамгын газар бичээч, мэйрэнгийн алба хашжээ.1924-25 онд Сангийн яамны сайд, 1925-27 онд МАХН-ын Төв Хорооны хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан. Эрх мэдэлд хүрэх гэсэн эрмэлзэлдээ хөтлөгдөн намын удирдагчдыг элдвээр шүүмжлэн буруутгаж байв. Монголын удирдагчдыг хагаралдуулахаар оролдож байсан Коминтерны төлөөлөгч Амагаевын дэмжлэг түүнд байр сууриа бататгахад тусласан бөгөөд удалгүй намын сөрөг хүчин болох “хөдөөгийн бүлэг”-ийг толгойлох болжээ. Коминтерноос Монголын баруун хязгаарт оршин сууж байсан үндэсний цөөнхийн соёл, зан заншлын өвөрмөц байдлыг ашиглан Тува, Шинжааныг хамарсан Зүүнгарын улс байгуулахыг зорьж байсан нууц ажиллагаанд тэр дөрвөд ястны хувиар татагдан оролцож улмаар “дөрвөд”-ийг БНМАУ-аас тусгаарлах тухай яриа өгүүлэл гаргаснаар шалтаглан эрх баригчид 1928 оны есдүгээр сард баривчлан хорьжээ. Гэвч Монголд ирсэн Коминтерны тусгай комисс тэдэнд шахалт үзүүлснээр суллагджээ. 1928 онд зүүнтнүүд засгийн эрхэнд гарахад Бадрах МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга болж, Монгол оронд социализмыг хурдавчлан байгуулах хэрэгт шамдан оржээ. Түүний явуулсан бодлого дампуурснаар 1932 онд [Гэндэн, Пэлжидийн|П.Гэндэн]]тэй хийсэн улс төрийн тэмцэл нь ялагдлаар дуусчээ. Тэрээр 1934 он хүртэл Эрүүлийг хамгаалах яамны сайдаар ажиллаж байгаад Лхүмбийн хэрэгт холбогдон Зөвлөлтөд хүргэгдсэн бөгөөд тэндээ цаазлагджээ. 1963 онд түүнийг Дээд шүүхээс цагаатгажээ.

Гэр бүл[засварлах | edit source]

Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Б.Сумхүү түүний хүү юм.