Өлзийтийн Чүлтэмсүрэн
Төрсөн газар | өнөөгийнхөөр Монгол улсын Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум |
---|---|
Амьдарсан нь | 1912 – 1980 |
Алдар цол | |
Бөхийн цол | улсын арслан |
Дуурьсгасан нь | Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум |
Цол ахисан он жил | |
Улсын арслан | 1942 |
Улсын начин | 1936 |
Улсын наадмын барилдааны амжилт | |
Түрүүлсэн | 1 (1942) |
Үзүүрлэсэн | 1 (1952) |
Шөвгөрсөн | 12 |
Өлзийтийн Чүлтэмсүрэн (1912 - 1980) нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, үндэсний бөхийн улсын арслан юм.
“Хужаа хэмээх” Ө.Чүлтэмсүрэн арслан Засагт хан аймгийн Ний бэйсийн хошуу, одоогийн Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутаг Баян-Улааны хоолой гэдэг газар 1912 оны усан хулгана жил төржээ. Гурван настайдаа эх нь нас барж өнчин хоцорсон тул Дэлгэрмөнхийн хүрээнд “Донхор” Гүржав гэдэг хочтой ах ламынхаа асрамжид амьдарч байсан бөгөөд түүнийг “хужгар” гэж хочилдог байсан. Тэр улмаар Улаанбаатар хотод шилжин ирсний дараа хужгар хоч нь “Хужаа” болон дуудагдах болсон гэдэг. Ө.Чүлтэмсүрэн бага наснаасаа хүрээнд шавилан сууж, үеийн банди нартайгаа ноцолдон бөх болох замналаа эхэлжээ. Тэрээр 12-13 насандаа сумын заан цолтой ах Ө.Дугар, Ө.Гэндэнжамц нараа дагаж овоо, хийд, сахиусын тахилга, аймаг орон нутгийн наадамд барилдан нутгийн ахмад бөх “Годон” хэмээх Равдангийн Дампил арслан, Дурайн Дагва нарт тоогдож улмаар улсын баяр наадамд барилдах болсон байна. 1930 онд 16 настайдаа Хөвсгөл аймгийн баяр наадамд тав давж “Аймгийн начин” цол авчээ. 1936 оны Улсын баяр наадамд зодоглож, 1024 бөхөөс 5 давж “Монгол Улсын начин” цолыг 24 насандаа хүртсэн ба энэ наадмын 4-ийн даваанд таарч түүнд өвдөг шороодсон Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн харъяат, 1927 оны улсын баяр наадамд "цагдаа" хэмээх Долгорын Содном заанаар 7 давж заан цол хүртэсэн “Данигай” хэмээх Дамдин “сайн бөх болоорой” гэж 10 төгрөг өгөхөд улсын цол авснаас дутуугүй баярлаж байсан тухайгаа хожим дурсаж урам гэдэг багаддаггүй юм шүү хэмээн ярьж байжээ. 1948 оны зун арсланг нутаг сэлгэж нүүж явахад нь машинтай хүмүүс хээр уулзаад Сэлэнгэ аймгийн наадамд очино. Тэднээс Ш.Батсуурь аварга зэрэг хот хөдөөгийн олон бөх очих гэнэ гэдгийг сонсоод тууж явсан хонь, уналга морио хүнээр хөсөг рүүгээ явуулчихаад тэр машинаар нь Ш.Батсуурь аваргатай барилдах гол зорилготой очиж, “Ш.Батсуурь аваргыг далбаагаа өгнө үү. Өмсөж гаръя” хэмээн гуйж авчраад өмсөж үзвэл гарын хуруу орж барьц авах боломжгүй шахам байсан бөгөөд гагцхүү ар суганд нь 2 хуруу орж болохыг мэдээд далбааг нь “надад томдоод байна” хэмээн буцаажээ. Наадмын үзүүр, түрүү булаалдахаар аварга, арслан хоёр үлдэж Ө.Чүлтэмсүрэн нөгөө л төлөвлөлсөн барьцаараа барихад нь Ш.Батсуурь түүнийг нь тавиулахаар хүчтэй сэгсчиж халахад нь хүчийг нь дагаж өхийлдэх мэхээр аваргыг давж түрүүлж байв. Ө.Чүтэмсүрэн арслан 1963 оны улсын наадмаар улсын заан Ж.Мөнхбатыг арслан Л.Сосорбарамтай барилдаж байхыг нь ажиглаж байснаа “чи сугадаж дайрахаар нь баруун хөлийн өсгий дээр нь зүүн хөлийн чинь өлмий хүрмэгц цааш нь түлхчих” гэж захиснаар Ж.Мөнхбат давж байсан гэдэг. Ө.Чүлтэмсүрэн арслан барилдахаа больсноос хойш зарим жил бөхийн засуул, хөлийн цэц хийдэг байсан бөгөөд ялангуяа бөх засах ухааныг гоц сайн эзэмшсэн бараг л зассан бөх бүрээ дэвуулдаг сайн зөвлөгч байсан юм. Тэр нуруугаар өндөр биш, шар царайтай, мулзан толгойтой тухайн үеийн бөхчүүд дунд жижигт нь ордог ч монгол бөхийн барилдааны арга ухааныг маш сайн эзэмшсэн аж. Өхийлдэх, өлгөх, мушгих, бусгах мэхүүдийг даацтай чадамгай хийдэг, барилдаж байгаа бөхийн хөдөлгөөн, мэх хийх үед биеэ суллаж авхаалжтайхан барилддаг, алиа шогч хүн байсан. Тэрээр бөхчүүдийг ам авахад нь Хөвсгөлийн Ө.Чүлтэмсүрэн гэж хужийсан жижиг шар юм байгаа. Түүнийг л хүртчих хэмээн өөрийгөө авахуулж байсан дурсамж бий. Арслан амьдралынхаа сүүлийн жилүүдэд Төв аймгийн Баянчандмань суманд амьдарч байсан бөгөөд ганц охинтой байжээ. Арслангийн дүү Ө.Шаравжамц 1941 оны улсын баяр наадамд 5 давж начин цол авчээ. Ө.Чүлтэмсүрэн арслан 1982 онд нас барсан юм. Түүний охин Ч.Уранбилэгийн дурсамжаас: “...Балдангийн Бат-Эрдэнийн бичсэн жижиг номонд нэлээн аятайхан үнэний голчтой зүйлүүдийг өгүүлсэн байдаг юм. Намайг 22 настай байхад 1982 онд аав минь бурхан болсон. Хэдийгээр бага хугацаанд аавтайгаа хамт амьдарсан боловч аавынхаа түүхийн талаар мэдэж байгаа зүйлээс товч дурдъя. Миний аав 1912 онд Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутагт “Баянулааны өвөр” гэдэг газар төрсөн хүн байсан. Улсын баяр наадамд 1 түрүүлж 1 үзүүрлэж 12 удаа шөвгөрсөн алдарт бөх.“Хужаа” хэмээх нэрний хувьд багадаа гүзээний хужирхай шиг хужгар шар хүүхэд байсан учир хужгар гэж дууддаг байсан нь хожим нь хужаа гэж нэрлэгдсэн гэдэг. Аварга цолны хувьд надад аваргын үнэмлэх нь хадгалагдаж байсныг Булган аймгийн харъяат, түүхч Ж.Болдбаатар гуай хөөцөлдөж өгнө гэж аваад үнэмлэхийг нь алга болгосон. Очиж уулзахад “миний бүтээлийн их сан хөмрөг дундаас олдохгүй байна” гэсэн тамгатай бичиг хийж өгсөн. Одоо улсын архиваас авсан бичигт “Аварга” цол олгосон баяр наадмын комиссийн шийдвэр байгаа. Гэхдээ аварга гэж бичсэний дээр харандаагаар 1 зурж дарсан байдаг. Өөр тайлбар байдаггүй юм. Аварга гэж дуудуулаагүйн учир үзүүрлэснийх нь хойтон жил өөрөө онь даваанд унаж хурдан азарга үхсэнээр хуучны хүн үхсэнээр “надад Аварга цол хүнддэж байна” гээд нутаг нүүж 6 жил амьдраад эргэж ирснээр аварга цол мартагдсан өөрөө ч хөөцөлдөөгүй юм билээ. Нутагтаа 7 жил болохдоо аймгийнхаа наадамд 3 түрүүлж 3 үзүүрлээд ирэхэд бяр чадал нь харьсан байсан гэдэг. Миний бие Хөвсгөл аймгийн Түнэл сумын 50, 60 жилийн ойгоор уригдан очихдоо нутгийн зөвлөл болон сумын удирдлагуудад дуулгасан. Сумын засаг дарга байсан Ц.Цагаанчулуу болон зохиолч сэтгүүлч Б.Пүрэвсүрэн /миний үеэл/ нар аварга цолыг сэргээх талаар нэлээн хөөцөлдөж байсан боловч энэ тэр 2 хүн маань бурхан болсноор энэ ажил зогссон” хэмээжээ. Өлзийтийн Чүлтэмсүрэн арслангийн амжилт: 1936 онд 1024 бөхөөс 5 давж “Улсын начин цол” хүртсэн. 1938 онд 1024 бөхөөс 5 давсан, 1941 онд 512 бөхөөс 5 давсан, 1942 онд 360 бөхөөс улсын заан “нахиу” хэмээх Шагдарын Санжсүрэн заанаар 9 даван түрүүлж 28 насандаа “Монгол Улсын арслан” цол хүртсэн. 1943 онд 512 бөхөөс 5 давсан, 1944 онд 512 бөхөөс 7 давж, 8-ын даваанд Улсын аварга Б.Түвдэндоржид, 1945 онд 512 бөхөөс 4 давж, 5-ын даваанд Төв аймгийн залуу бөх Ж.Төмөртогтоход, 1946 онд 1024 бөхөөс 7 давж 8-ын даваанд “дэрэн бор” хэмээх Улсын начин С.Самданжигмэдэд, 1947 онд 512 бөхөөс 4 давж, 5-ын даваанд Архангай аймгийн залуу бөх Ж.Хөхөөд, 1948 онд 7 давж, 8-ын даваанд Улсын заан Гялдангийн Цоодолд, 1949 онд 512 бөхөөс 7 давж, 8-ын даваанд “Нисэхийн” хэмээх Улсын заан П.Аюушт. 1950 онд 512 бөхөөс 8 давж, 9-ийн даваанд Улсын аварга Ц.Чимэд-Очирт унаж үзүүрлэсэн ба энэ наадамд түүнд “Улсын аварга” цол олгосон боловч өгөөгүй байна. 1951 онд 1024 бөх барилдахад 1 давж, 2-ын даваанд унаснаар барахгүй тэр жил нь хурдан азарга нь үхсэн учраас төрсөн нутаг Хөвсгөлөө зорин тэнд очоод Төрийн наадамд зодоглолгүй 7 жилийг өнгөрүүлжээ. 1958 онд 6 давж, 7-ын даваанд энэ наадамд үзүүрлэсэн, хожмын Өөлдийн 3 арслангийн нэг, залуу бөх Ж.Чойжилсүрэнд, 1959 онд 5 давж, 6-ын даваанд энэ наадмын шинэ цолтон Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын харъяат Авидын Дашзэвэг тус тус унасан байдаг. Түүнээс хойш 1962 онд 512 бөхөөс 3, 1964 онд 512 бөхөөс 4 давж, тавын даваанд Ш.Батсуурь аваргад өвдөг шорооджээ. Бас нэг амжилтыг дурдахад Ө.Чүлтэмсүрэн арслан 1942 онд Сүхбаатар аймаг анх байгуулагдсаны ойн баяр наадамд очиж барилдаж Булганы Л.Нямжавыг хаяж түрүүлж байв.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- 1936 онд 5 давж улсын начин болов
- 1938 онд 5 давсан
- 1941 онд 6 давсан
- 1942 онд 9 давж түрүүлэн улсын арслан болжээ
- 1943 онд 5 давсан
- 1944 онд 7 давсан
- 1946 онд 7 давсан
- 1948 онд 7 давсан
- 1949 онд 7 давсан
- 1950 онд 8 давж үзүүрлэсэн
- 1958 онд 6 давсан
- 1959 онд 5 давж шөвгөрчээ