Өндөр Гонгор

Өндөр Гонгор буюу Пүрэвийн Гонгор (Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутагт 1879 онд төрсөн- 1931 он орчим нас барсан)- 20-р зууны эхэн үед Монголын хамгийн өндөр хүний байсан гэдэг. Ард олны дунд "Өндөр Гонгор" хэмээн алдаршсан түүний биеийн өндөр, бяр чадлын талаар домог болсон хууч яриа хөөрөө, гадна дотно хүмүүсийн бичиж үлдээсэн тэмдэглэл, дүрс зураг цөөнгүй байдаг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрбээр 4 хүүхэдтэй байжээ. Түүний 2 охины нэг нь Жаргалант суманд аж төрж байна. Нөгөө охин Г.Бүдханд сэрүүн тунгалаг байхдаа 1997 оны намар ингэж хуучилсан юм.
Эцэг Пүрэвийнх олон хүүхэдтэй айл байсан гэдэг. П.Гонгор тэдний 3 дахь хүүхэд нь юм. Тэрээр багадаа тийм ч өндөр байгаагүй, харин гарын сарвуу урттай байсан гэдэг. П.Гонгор хоол их иддэг болохоор түүнийг жаахан шоолонгүй байжээ. Тиймээс тэр жинчин дагаад Их Хүрээ явчихсан гэсэн. Хүрээнд очоод нэлээд удсан юм байх. Нэг өдөр зах дээр явж байтал нэг хүн ирж, чамайг Богд хаан аваад ир гэсэн гээд дагуулаад явж гэнэ. Ордныхон аавын биенд тохирсон хувцас хийлгэж, бүрэн хувцаслаад, минжин малгай өмсгөж өгсөн гэдэг. Нэлээд удсан хойно хоёр лам дахин ирж, дагуулан айлд очин, нэгэн эмэгтэйтэй уулзуулжээ. Богд эзэн: Та хоёрын заяа төөрөг таарах учир айл гэр бол гэсэн хэмээжээ. Гонгорыг ингэж Богд хаан гэрлүүлсэн гэдэг. Эхнэр нь их уран хүн байсан гэдэг. Богд эзний малгайг оёдог байсан гэж ярьсныг тэмдэглэн авч, тухайн үед Ардын эрх сонинд нийтлүүлсэн юм. Богд хаан 1905 он орчим үеэс 8-р Богд Жавзандамба Хутагтын дэргэд түүний их сангийн нярваар ажиллах болжээ. 1911 онд Монголчууд, 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаанаар залахад түүний дэргэд үргэлжлүүлэн алба хаажээ.
Монгол Улсын Ерөнхий Сайд Төгс-Очирын Намнансүрэн тэргүүтэй төлөөлөгчид Хаант Орос Улсад 1913 онд айлчилахад П.Гонгор бүрэлдэхүүнд нь хамгаалагчаар орж явж байжээ. 1920-иод оны үед Монголд шинжилгээний ажлаар явж байсан АНУ-ын эрдэмтэн Рой Чэпмэн Эндрюс Гонгортой уулзаж зургийг нь авч, өндрийг нь хэмжиж 2 метр 41 см гэж тодорхойлжээ. Зарим судлаачид үүнээс өндөр байсан гэж үздэг.
Ардын хувьсгалын дараа 1924-1927 онд түүнийг Гаалийн хороонд байцаагчаар хэсэг хугацаанд ажиллуулсан байна. Үр хүүхдүүдийнх нь ярьж байснаар 50 гаруй насандаа 1931 он орчим нутаг усандаа нас баржээ. Хосгүй өндөр байсан тэр моринд мордохдоо дөрөөлөлгүй хөлөө шууд давуулаад мордчихдог байж. Түүний эдэлж хэрэглэж явсан хэт хутга Унгар улсын музейд байсныг тус улсад Элчин сайдаар сууж байсан М.Жамсран 25 мянган форинтоор худалдан авч, улсын төв музейд өгсөн гэдэг. Хэрэглэж байсан нэг мөнгөн аяга нь түүний ач болох хүүхдийн зохиолч Д.Даваанямд хадгалагдаж байгаа ажээ.
Тэрээр Сайн ноён хан аймгийн бөхийн сорилгыг тэргүүлэн явуулдаг, даншгийн начин цолтой сайн бөхчүүдийн нэг байжээ.
Пүрэвийн Гонгор дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр хүн болох АНУ -ийн иргэн Роберт Уодлоугоос өндөр байсан гэсэн мэдээ байдаг.