Өрнө дахины философи

Өрнөдийн философи (эртний грекээр: φιλοσοφία philosophía, латинаар: philosophia, үгчилбэл: Цэцэн ухаанд дурлах)- (англ. Western philosophy) нь МЭӨ 6-р зуунд Эртний Грекд үүсч хожим Баруун Европд хөгжсөн ухаан. Өнөөгийн шинжлэх ухаануудын эхлэл, тэдгээрийн арга зүйн чиглүүлэгч. Философи нь ертөнц ,хүн, хүний нийгмийн оршихуйн зүй тогтлыг олох, утга учрыг нь тайлбарладаг мэдлэгийн салбар.

Бусад ШУ-аас ялгарах онцлог нь ямар нэгэн сэдэв эсвэл арга барилд үл баригдах байдал нь юм. Ямар ч асуудлын мөн чанарыг нь асууж, өөрийн өвөрмөц аргаар дүн шинжилгээ хийж, хариулт өгдөг онцлогтой. Эртний Грект юмсыг системтэй, шинжлэх ухаанчаар тайлбарлах анхны оролдлого болон үүссэн. Үүгээрээ юмс үзэгдлийг тайлбарлах бусад аргуудаас тухайлбал шашны, иррационал, домогчилсон тайлбаруудаас ялгардаг. Хөгжлийнхөө явцад өөрөөсөө маш олон мэдлэгийн салбар (ШУ)-ыг төрүүлж, тэдгээрт тохирсон үй олон арга, аргачлал, аргазүйн зарчмуудыг гаргаж ирсэн. Философи нь Логик (зөв сэтгэх тухай ухаан), Этик (зөв үйлийн тухай ухаан) Метафизик (Юмс үзэгдлийн анхдагч шалтгаан, оршихуйн тухай ухаан) гэсэн үндсэн 3 салбартай. Мөн танин мэдэхүйн онол', ШУ-ы танин мэдэхүйн онол (ерөнхий болон тухайлсан мэдлэг, судалгааны арга барилын тухай ухаан) нь философийн аргазүйн үндсэн салбар болно.

Философийн асуултууд

Философи нь ихэнхдээ ШУ-ууд хангалттай тайлбар өгч чаддаггүй тийм ойлголтуудыг онцолж авч үздэг. Тухайлбал юуг сайн гэх вэ, юуг муу гэх вэ? Шударга ёс гэж юу юм? Бурхан байдаг уу? Хүн сүнстэй юу? Амьдрал утга учиртай юу гэх мэт. Мөн бусад ШУ-уудын асуудлуудыг ч өөрийн өнцгөөс харж шинжилдэг.

Жишээ нь биологид амьд организмыг судалдаг ч "амь" гэж чухам юуг хэлэх юм? Амийг таслах гэж юу юм? Ямар үед амийг таслаж болох вэ? Амь настай холбоотой эрх ба үүргүүд гэж юу вэ? гэх мэт асуудлууд биологид биш философид яригддаг.

Түүнчлэн физик, математикт байгалийн тухайлсан хууль зүй тогтлыг томъёолж болох ч ерөөсөө байгаль ертөнц өөрөө ямар нэг зүй тогтлын дагуу бий болсон уу гэсэн асуултад хариулт өгч чаддаггүй.

- Эрх зүйд ямарваа үйлдлийг хуульд нийцсэн эсвэл эс нийцсэн эсэхийг ярьж болох ч хууль гэж ямар байх юм гэсэн асуудал нь философийн асуудал болж хувирдаг.

Философи нь танин мэдэхүйн онолоороо ШУ-уудын өөрсдийнх нь тулгамдсан асуудлуудыг гаргаж ирэхээс гадна тэдгээрийн нийлүүлж байгаа мэдлэгүүдийг бид чухам яах, хэрэглэхэд ямар үр дагавар гарах зэрэг асуудлуудыг гаргаж тавьдаг.

Дээрээс нь философид бидний бодит байдал гэж байгаа зүйлс үнэхээр бодитой оршиж байгаа юу гэх мэт сэтгэхүйн хязгаарт тулсан асуултуудыг тавьдаг.

The School of Athens (cropped).jpg

Иймэрхүү асуултуудад тусгаар ШУ-ууд мухарддаг бөгөөд философи л тэдгээрт хариулт хайдаг.

Философи заримдаа " Ардчилал төрийн хамгийн зөв хэлбэр"," Үнэн бол шалгагдах ёстой", "Сэтгэхүй бол чөлөөтэй" гм хэн ч мэдээжийн юм шиг асуудлуудыг дахин нухацтай асуух нь бий. Философийн хувьд иймэрхүү анх сонсоход үнэмшмээр ярианууд харин ч эргэлзээтэй зүйлс байх нь олонтоо. Эцсийн бүлэгт аливаад эргэлзэх, гайхшрах хандлага бол философийн эхлэл мөн.