Jump to content

Өрөл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өрөл жимс
Өрлийн цэцэг

Өрөл (лат. Malus baccata) нь Сарнайн овгийн өтгөн навчтай, бор саарал өнгийн хайрслаг холтостой мод хэлбэрийн сөөгт ургадаг жимс юм.

Дэлхий дээр хэд хэдэн төрлийн өрөл ургадгаас манай оронд азийн өрөл гэдэг нь тархсан байдаг. Өрөл хавар эрт бусад моддоос түрүүлж цэцэглэхийн дээр чийглэг хөрсөнд илүү сайн ургадаг, мөн хүйтнийг маш сайн тэсвэрлэдэг. Өрлийн мод нь хавар анхилам сайхан үнэр бүхий бүдэг ягаан туяатай цагаан цэцэгтэй.

Үр жимсний ургалт 5-р сарын эхнээс 9-р сарын сүүлч хүртэл, найлзуурын өсөлт 5-р сарын сүүлчээс 8-р сарын сүүлч хүртэл үргэлжилнэ. 6-р сард цэцэглэж, 9-р сард үр жимс нь боловсорч дуусна. Өвөл болтол үр жимс нь модон дээрээ хадгалагдаж шувуудын амтат хоол нь болж өгдөг. Жимс бөөрөнхий, улаавтар туяа бүхий шаргал өнгөтэй, исгэлэн амттай, хүйтэнд тэсвэртэй, намар хяруунд цохиулж байж гүйцэд боловсордог бөгөөд түүхий байхад нь идэхэд тохиромжгүй ч түүхий байхад нь түүж аван хөргөгчинд хөлдөөж байж гүйцэд болдог. Үр жимс нь 8-р сарын сүүлч 9-р сарын эхээр боловсорно. Өрөл жимс нь өвөрмөц сайхан үнэртэй, бөөрөнхий, 1см орчим диаметртэй, дотроо маш жижиг үртэй, шаргал улаан өнгөтэй, наалдамхай, чихэрлэг болон исгэлэн амттай, болц нь гүйцсэн жимс аманд өөрөө уусдаг, эмчилгээний олон төрлийн ашигт чанар болон амтлаг байдлаараа хүн бүрийн амтархан иддэг жимсний нэг юм.

Өрлийн мод нь байгальд голын хөндийн бэлчир, бургасан шугуйд, гол горхины эрэг дагуух төгөл, ам хавцлын ёроол, хажуу энгэрт 3-8 метр өндөртэй ургадаг, бутлаг сөөг бөгөөд сарнайн овогт багтдаг. Монгол орны эрс тэс байгаль цаг уурт зохицон ургаж чадах тэсвэртэй, газар голохгүй таримлаар ургах чадвар сайтай, цэцэрлэгжилт чимэглэлд үзэмжтэй бут хэлбэрийн ургамал бөгөөд манай орны хойд хэсгийн томоохон гол мөрөн болох Туул, Онон, Хэрлэн, Улз, Балж, Сэлэнгэ, Орхон зэрэг голын бэлчрээр түгээмэл ургадаг.

Нас гүйцсэн мод нь 10 хүртэл метр ургадаг учир аж ахуйн зориулалтаар эсвэл айл хашаандаа эрчимжсэн байдлаар өндөр ургац авахын тулд анхнаас нь зөв засаж хэлбэржүүлэн ургуулбал хэт өндөр ургуулахгүйгээр өндөр ургац авах боломжтой байдаг.

Уламжлалт анагаах ухаанд

[засварлах | кодоор засварлах]

Өрөл жимсийг хатааж няцалж нунтаглаад ханд, цай болгон дархлаа дэмжих, ханиад дарах зорилгоор ашигладаг. Өрөл жимс болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн хэрэглэж өссөн хүн зүрх судасны асуудалтай байдаггүй.

Өрөл

Өрөл