Өэлүн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Өүлэн» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search

Өэлүн (?-?) бол Хонгирад аймгийн салбар Олхонууд овогтон. Есүхэй баатрын ёсолж авсан хатан, хаан Тэмүүжиний төрсөн эх болно. Монгол судлаачид болон Монгол түмний түүхэнд мөнхрөн үлдсэн хамгийн их нэр хүндтэй эмэгтэй, дэлхий ертөнцийн талыг эзэгнэсэн энгүй их гүрнийг цогцлон байгуулсан их эзэн Чингис хааныг ариун хэвлийдээ тээн төрүүсэн нэгэн хэмээн өргөмжилдөг ажээ.

Намтар[засварлах | edit source]

Есүхэйн гэргий[засварлах | edit source]

Өэлүн 1159 оны орчимд Мэргидийн Чилэдүтэй дөнгөж гэрлээд байх үед нь Есүхэй баатар булааж өөрийн их хатнаа болгосон. Энэ тухай Монголын нууц товчоонд ийн өгүүлдэг.

54. Тэр цагт Есүхэй баатар, шувуу агнан явах зуур олхуноуд аймгаас эм аваад буцаж яваа мэргидийн их Чилэдү гэдэг хүнтэй уулзаж, түүний эмийг өнгийж үзвэл гоо үзэсгэлэнтэй хатан байна. Есүхэй баатар гэртээ давхиж ирээд ах Нэгүүн тайжи, дүү Даридай отчигин хоёрыг дагуулан мордож, их Чилэдүг гүйцэж очвол,

55. Тэр айж хурдан ухаа морины гуяыг ташуурдаж, уулын бэлээр дутаав. Түүнийг гурвуулаа цувалдан хөөвөл тэр улам дутаасаар нэгэн хошууг тойрч эргэж тэргэндээ хүрч ирсэнд эм Өэлүн үжин (фүжин гэж хятадаар хатныг хэлнэ) өгүүлрүүн: "Тэр гурван хүний учрыг мэдэв үү чи? Тэдний царай сэжиглэмээр байна. Чиний аминд хор хүргэж болно. Амьд мэнд үлдвэл эхнэрийг олоход бэрхгүй. Мухлаг тутам охид бий. Тэрэг тутам хатад бий. [Миний мэт өнгөт эхнэр олдоно А.то.] Хэрэв намайг санавал дахин авсан гэргийг миний нэрээр нэрлэгтүн. Одоо амиа арчил. Миний үнэрийг үнсэж яв" гээд өмссөн цамцаа тайлж өгөв. Их Чилэдү, тэр цамцыг морин дээрээс тонгойж авмагц, харвал, нөгөө гурав мөн хошууг тойрч нэхэж айсуй. Чилэдү, хурдан ухаа морины гуяыг ташуурдаж яаран Онон мөрөн өөд дутаав.

56. Түүнийг гурвуулаа хойноос нь нэхэж, долоон даваа давтал хөөж орхиод, Өэлүн үжинийг авч, Есүхэй баатар жолоодон хөтөлж, ах Нэгүүн тайжи тэргүүлж, дүү Даридай отчигин хажууд дагаж [тэмээг гилж А.то.] явна. Үүнд Өэлүн үжин өгүүлрүүн:

"Миний эр Чилэдү,

Сэрүүн салхинд

Сэвлэг үсээ хийсгэж

Хээр хөдөө

Гэдсээ өлсгөж яахин зовох болов?

Одоо би хоёр сэвлэг үсээ хойш урагш унжуулж яахин одно?" гээд Онон мөрнийг долгилтол, ой шугуйг ганхтал их дуугаар уйлахад Даридай отчигин хажуунаас өгүүлрүүн:

"Тэврэх хайрт эр чинь

Тэртээ давааг давав.

Уйлан санах эр чинь

Ус олныг гэтлэв.

Хайлж уйлавч

Харж чамайг үзэхгүй,

Хайж эрэвч

Хаалга зам нь олдохгүй.

[Гурван гол гэтэлгэв

Гурван гурви давуулав

Хайвал мөргүй

Харвал бараагүй

Хайлбал үл сонстоно. Ч.Ц.]

Дуугүй бай гэж ятгав. Өэлүн үжинийг Есүхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргий болгов. Өэлүн үжинийг Есүхэй баатрын авчирсан ёс ийм бүлгээ.

Тэрээр Есүхэйн их хатан болоод Тэмүжин, Хасар, Хачиун, Тэмүгэ дөрвөн хүү, Тэмүлүн охиныг төрүүлжээ.

Бэлэвсэн хатан[засварлах | edit source]

Есүхэй баатар 9 настай Тэмүжинд сүй тавиад буцах замдаа татаруудад хорлуулж нас барснаар Өэлүн бэлэвсэн хоцорсон бөгөөд тэднийг харьяат улс нь орхин нүүсэн байна. Өэлүн, нас барсан нөхрийнхөө бага хатан Сочихэлийн хамт хүүхдүүдээ өсгөжээ. Энэ тухай Монголын нууц товчоонд ийн өгүүлжээ.

70. Тэр хавар Амбагай хааны хатан Орбай Сохатай хоёр ихсийн газар (өвгөдийн хүүр оршуулах газар) тайлгын идээ өргөхөд Өэлүн үжин хождож очсон тул тайлгын идээний хуваариас хоцрогдов. Орбай Сохатай хоёрт Өэлүн үжин өгүүлрүүн: "Есүхэй баатрыг үхэв гэж, хөвүүнийг минь балчир гэж, ихсийн тайлгын хишгийн архи сархдаас яахин хождуулав, та? Нүд үзсээр үл өгөх, нүүхдээ үл хэлэх болов, та" гэжээ.

71. Тэр үгэнд Орбай Сохатай хоёр хатан хариу өгүүлрүүн:

"Урьж чамд өгөх ёсгүй

Учирвал чи идэх ёстой!

Хүргэж, чамд өгөх ёсгүй

Хүртвэл чи идэх ёстой!

Амбагай хаан үхээд, Өэлүнд ийнхүү хэлэгдэх болов.

72. Аргацаан эдний эх, хөвүүдийг нутагт орхиж нүүе. Бүү авч явъя" гэв. Түүний маргааш тайчуудын Таргудай-Хирилтуг, Тодойн-Гиртэ нар Онон мөрөн уруу хөдлөв. Өэлүн үжин, хөвүүдийн хамт орхигдоход хонхотаны Чирха өвгөн нүүж одогсдыг очиж ятгавал Тодойн Гиртэ,

"Цээлийн ус ширгэв

Цэгээн чулуу хагарав"

гээд Чирха өвгөний үгийг хайхрахгүй, цааш нүүж "Чи ингэж ятгах буюу" гэж тэр өвгөний зоо нурууг жадлан хөөв.

73. Чирха өвгөн шархтай болж гэртээ ирээд зовуурилан хэвтэхэд Тэмүжин үзэхээр одов. Хонхотаны Чирха өвгөн, Тэмүжинд өгүүлрүүн: "Сайн эцгийн чинь хураасан улс тарж нүүхэд ятгахаар яваад ийнхүү жадлагдав" гэвэл Тэмүжин уйлж гарав. Өэлүн үжин өөрийн биеэр туг барьж мордоод, орхиж нүүсэн иргэдийн заримыг буцааж авчрав. Гэвч, буцаж ирсэн иргэд бас тогтсонгүй, тайчуудын хойноос нүүжээ.

74. Ийнхүү тайчууд ах дүү нар бэлбэсэн Өэлүн үжинийг бяцхан хөвүүдийн хамт нутагт гээж нүүсэн ажээ.

Оюунтай төрсөн Өэлүн эх

Оёдолт дээлийг огшуулан өмсөж

Оготор хормойг шуун бүсэлж

Онон мөрнийг өгсөж уруудаж

Олирс мойлыг түүж явж

Өчүүхэн хөвүүдээ хайрлан тэжээж

Өдөр шөнийг аргацаан өнгөрүүлэв.

Чадалтай төрсөн үжин эх

Царсан шорыг барин явж

Цавчим газрыг өгсөж уруудаж

Сөдөн хичгэний үндсийг малтаж

Шөнө өдрийг хатамжин өнгөрүүлж

Суут хөвүүдээ тэжээн өсгөв.

[Хатан төрсөн үжин эх

Хайлаасан шор барин явж

Халдун уулыг өгсөн уруудаж

Хавийн мангирыг малтан түүж

Хаад хөвүүдээ хайрлан тэжээж

Ханатал цадтал идүүлж өсгөв. А.то.]

75. Гоо төрсөн Өэлүн эх

Гох дэгээ барин явж

Гол завыг өгсөж уруудаж

Гогод мангирыг түүн явж

Хутагтан хөвүүдээ тэжээж өсгөв.

Зарчимтай төрсөн үжин эхийн

Затгас төмсөөр тэжээсэн хөвүүд

Засагтан сайд болж өсөв.

Гоо төрсөн үжин эхийн

Гогод мангираар тэжээсэн хөвүүд

Хутагтан сайд болж өсөв

Эх үжиний тэжээсэн хөвүүд

Эрс сайд болон өсөж

Эрх омог төгөлдөр болж

Эх Ононы эрэгт сууж

Өлгүүр гох усанд хаяж

Эрэмдэг загасыг шүүн барьж

Эх үжинийг тэжээх болов

Зарчимт үжиний тэжээсэн хөвүүд

Засагт эрс болон өсөж

Замагтай усыг шүүрдэн байж

Загас жараахайг гөхидөн барьж

Заяат эхээ тэжээх болов.

Хатан эх[засварлах | edit source]

Ахмад хүү Тэмүжин нь хотол монголчуудыг нэгтгэж, Чингис хаан цолд өргөмжлөгдөхөд тэрээр хатан эхийн хувиар хүүгийнхээ итгэлт зөвлөх нь болж, мөн дайн байлдаанд өнчирч хоцорсон хүүхдүүдийг өсгөн хүмүүжүүлэх үүргийг хүлээж байжээ. Мөн 1206 онд Их Монгол Улс байгуулахад Чингис хаан эхдээ түмэн өрх захируулахаар өгсөн байдгийг Монголын нууц товчоонд ингэж дурьдсан.

242. Чингис хаан зарлиг болж, эх, хөвүүд, дүү нартаа иргэнийг хувааж өгсөн нь: "Улсыг хураахад зовж зүдсэн эх минь биз. Хөвүүдийн минь ах Зүчи биз. Дүү нарын минь бага Отчигин (отгон: галын хан, голомтын эзэн) биз" гээд эх Отчигин хоёрт нэгэн түмэн иргэн (түмэн өрх)-ийг өгвөл эх чамлаж эс дуугарав...

Мөн үзэх[засварлах | edit source]

Гадны холбоос[засварлах | edit source]