Jump to content

10-р Богд Жавзандамба Хутагт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Монголын Буддын шашны тэргүүн, Оройн Дээд Очирдара Аравдугаар Богд Жавзандамба Хутагт.

10-р Богд Жавзандамба Хутагт
Богд лам
Дээрхийн гэгээнтэн 10-р Жавцандамба Хутагт (Богд Гэгээн)
Өмнөх9-р Жавцандамба хутагт
Хувийн мэдээлэл
Төрсөнc. 2015
Америк
МэргэжилМонголын буддын шашны тэргүүн

Монголын Буддын шашны тэргүүн, Оройн Дээд Очирдара Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бээр билгийн тооллын 17 дугаар жарны 29 дүгээр он хаврын адаг цагаан луу сарын 15 буюу аргын тооллын 2015 оны 5 дугаар сарын 4-ний өдөр мэндэлжээ.

10-р Богд Жавзандамба хутагтын аав хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ Дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Бугат сумын уугуул, Монгол Улсын Их Сургуулийн багш, математикийн шинжлэх ухааны доктор Цогт овогт Чинчулууны Алтаннар, ээж нь хуучнаар Түшээт хан аймгийн Говь Түшээт вангийн хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, “Монполимет” группийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга, эдийн засагч Боржигэд овогт Нармандахын Мөнхнасан билээ.

Хутагтын аав Ч.Алтаннарын аав Очирхуягийн Чинчулуун, ээж Дамдингийн Нямсүрэн математикийн шинжлэх ухааны доктор, Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн профессор, багш хүн байжээ. Хутагтын аав Ч.Алтаннарын аав, ээж хоёулаа хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Бугат сумын уугуул хүмүүс ажээ.

Хутагтын ээж Н.Мөнхнасангийн аав Гончигсүрэнгийн Нармандах хуучнаар Түшээт хан аймгийн Говь Түшээт вангийн хошуу, одоогийн Өмнөговь аймгийн Булган сумын уугуул, математикийн багш мэргэжилтэй хүн байжээ. Хутагтын ээж Н.Мөнхнасангийн ээж Цэдэнгийн Гарамжав хуучнаар Түшээт хан аймгийн Эрдэнэ Дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Орхон сумын уугуул, “Монполимет” группийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, Эрдэс Баялаг Эрчим хүчний дэд сайдаар богино хугацаанд ажиллаж байсан.

10-р Богд Жавзандамба хутагтаар тодорсон нь

[засварлах | кодоор засварлах]

2016 оны 11 дүгээр сард Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Монгол Улсад айлчлахдаа: “Монголын Богд Жавзандамба хутагт түүхэнд алдартай, маш агуу хүн байсан”, олон хүүхдийн дундаас “Есдүгээр Богдын дараагийн дүр Монголд мэндэлсэн байгаа шинж тэмдэг илэрч байна” хэмээн 10 дугаар Богд Жавзандамба хутагтын дүрийг эндүүрэггүй магад тодруулсан болохоо нийтэд зарлажээ. 2016 онд Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам 10-р Богд Жавзандамба хутагтад Данзан Жамбал Чойжи Ванчүг [Түвэдээр: Tenzin Jampal Choegyi Wangchuk] хэмээх алдар хайрлажээ. 10-р Богд Жавзандамба хутагтын алдарын эхний “Данзан” нь 14-р Далай лам Данзанжамцын нэрээс, удаах “Жамбал” нь 9-р Богд Жавзандамба Жамбалнамдолчойжижанцан хутагтын нэрээс, удаах "Чойжи" нь 8-р Богд Жавзандамба Агваан Лувсан Чойжи Ням Данзан Ванчүг Балсамбуу хутагтын нэрээс оруулсан байна.[1][2][3][4]

2023 оны 3 сарын 8-ны өдөр Энэтхэгийн Himachal Pradesh мужийн Дарамсала хот дахь "Зүглаг Хан" дуганд 5000 лам хувраг, сүсэгтэн түүний дотор 600 монголчууд оролцсон Дэмчог Нагбува Хэрүга Кришначаряа уламжлалын авшиг хүртээх ёслолын үеэр Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам түүний зүүн талд сууж буй бяцхан хүүг заан “Өнөөдөр бидэнтэй хамт Монголын Халх Жавзандамба хутагтын дүр сууж байна. Түүний өмнөх дүрүүд Дэмчогийн Кришначаряа язгууртай ойр холбоотой. Тэдний нэг энэ уламжлалд зориулж, Монгол Улсад сүм хийд байгуулж байсан. Богдын шинэ дүр өнөөдөр энд, бидэнтэй хамт байгаа нь маш их өлзий дэмбэрэлтэй хэрэг юм” хэмээн хурсан олонд айлдсаныг Энэтхэгийн Таймс, Английн Таймс зэрэг дэлхийн олон хэвлэлүүд түгээн цацсан билээ.[5][6]

2016 оноос хойш нууцалж байсан 10-р Богд Жавзандамба хутагтын талаар 14-р Далай лам дэлхийд зарласан нь буддын шашинтан хийгээд дэлхийн олон нийтэд шуугиан тарьсан юм. Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам мөн өдөр лам хувраг, сүсэгтэн монголчуудын төлөөлөлтэй уулзаж, Монголын Буддын шашны тэргүүн 10-р Богд Жавзундамба хутагт бээр 14-р Далай ламд мандал өргөсөн байна.

10-р Богд Жавзандамба хутагт бол Монголын Буддын шашны тэргүүн бөгөөд Буддизмын гурав дахь том лам, оюун санааны удирдагч билээ.

Ийнхүү 260 гаруй жилийн дараа Монгол нутагт, Монгол хүн Монголын Буддын шашны тэргүүнээр тодорлоо.

Богд ламын замнал

[засварлах | кодоор засварлах]

Монголын Буддын шашны тэргүүн 10-р Богд Жавзандамба хутагт бээр 2023 оны туулай жилийн Цагаан сарын шинийн гуравны билигт сайн өдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд лам хуврагуудтай золголт хийжээ.[7][8]


2023 оны 8 сарын 30-нд Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд Монголын Буддын шашны тэргүүн 10-р Богд Жавзандамба хутагт бээр Жадо ринбүчи хувилгаантай номын барилдлага тогтоон, Аюуш бурханы насны авшигийг багшаас шавьд, чихнээс чихэнд, нууцын нууц, зүрхний гүн дэх нандин авшиг дамжлагын эрхийг ёсчлон хүртжээ.[9][10]

2023 оны 11 сарын 18-ны өглөө Монголын Бурханы шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн шинэ тэргүүн хамба ламыг ширээнээ залах ёслолыг тохиолдуулан Монголын Бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамбын албыг 31 жил хашсан, 29-р Хамба Номун Хан Дэмбэрэлийн Чойжамцаас шинэ Хамба лам, 30-р Хамба Номун Хан, гэвш, лхаарамба Дуламрагчаагийн Жавзандоржид хамбын тамгыг шилжүүлэн өгөх хүндэт үүргийг Монголын Буддын шашны тэргүүн 10-р Богд Жавзандамба хутагт бээр хүлээж, бэсрэг ёслол Батцагаан дуганд хаалттай болж, цөөн тооны лам хувраг оролцжээ.[11][12]

2024 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Даян дэлхийн амар амгалангийн төлөөх Дүйнхорын ван буюу Цогт Цагийн Хүрдэний Их авшгийн айлдварт Монголын буддын шашны тэргүүн 10-р Богд Жавзандамба хутагт морилж, 2024 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн мөн сарын 22-ны өдрийг дуустал өөрийн биеэр оролцов. Энэхүү Цогт Цагийн Хүрдэний Их авшгийн айлдварт нийтдээ олон улс орны хорин мянга гаруй лам хувраг, сүсэгтэн олон оролцсон бөгөөд эл айлдварын үеэр Монголын буддын шашны тэргүүн 10-р Богд Жавзандамба хутагт бээр анх удаа нийтийн өмнө заларч, лам, хувраг сүсэгтэн олонтой мэндчилсэн болно. [13][14][15]

2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Монголын Буддын шашны тэргүүн, Оройн дээд Очирдара 10-р Богд Жавзандамба хутагтад Монголын Буддын шашны хутагт хувилгаад мөргөж, мандал өргөв.

Монголын Буддын шашны тэргүүн 10-р Богд Жавзандамба хутагт бээр өдөр бүр, “миний монгол ахан дүүс, багш, лам хувраг, шавь нар маань амар амгалан болтугай” хэмээн ерөөл тавьсаар буй билээ.[16]

  1. "eagle.mn". eagle.mn. Татаж авсан: 2025-02-25.
  2. Kuepper, Miriam (2023-03-23). "Mongolian boy named by Dalai Lama as reincarnation of Buddhism leader". Mail Online. Татаж авсан: 2025-02-25.
  3. "Mongolian boy named reincarnation of Buddhist spiritual leader by the Dalai Lama". The Independent (англи хэлээр). 2023-03-27. Татаж авсан: 2025-02-25.
  4. "Dalai Lama names US-born Mongolian boy as as 3rd highest leader in Buddhism". www.business-standard.com (америк-англи хэлээр). Татаж авсан: 2025-02-25.
  5. Б.Анхтуяа (2023-03-21). "Mongolian child named as the reincarnation of Buddhism's spiritual leader - News.MN". News.MN - The source of news (англи хэлээр). Татаж авсан: 2025-02-25.
  6. "A Mongolian boy has been declared an important leader for Tibetan Buddhists". NPR (англи хэлээр). Татаж авсан: 2025-02-25.
  7. "БОГД". www.inews.mn. 2023-03-14. Татаж авсан: 2025-02-25.
  8. iSee.mn. "Гурван настайдаа тодорч, 7 жил нууцлагдмал байсан Монголын X Богд олны өмнө гарч, "Монгол Улс буддын шашны цөм болно" гэж гаднынхан онцлов". iSee.mn. Татаж авсан: 2025-02-25.
  9. "10-р Богд Жавзандамба эрдэнийн эрхи ёсчлон хүртлээ". sonin.mn. Татаж авсан: 2025-02-25.
  10. "Д.Чойжамц: X Богд бол Бурханы шашны ертөнцөд агуу үйл бүтээх гэгээнтэн юм DNN.mn". dnn.mn. Татаж авсан: 2025-02-25.
  11. Админ (2023-09-03). "Д.ЧОЙЖАМЦ: 10-Р БОГД МААНЬ НОМ ЭРДЭМДЭЭ ШАМДАЖ, ШАШИН МААНЬ СЭРГЭЖ БАЙНА". Өрөг.МН - Монголын хараат бус хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Татаж авсан: 2025-02-25.
  12. "Тэргүүн хамба лам Д.Чойжамц: Шинэ Хамба Д.Жавзандоржид шашин номын үйлсэд сайн зүтгэж, ард олноо тэгш үзэж, энэрэн хайрлаж, бурхны шашнаа хөгжүүлээрэй гэж ерөөе". Улаанбаатар ньюс. 2023-11-18. Татаж авсан: 2025-02-25.
  13. Zindaa. "X Богд Жэвзүндамба хутагт Дүйнхорын ван Их авшгийн айлдварт мориллоо". www.zindaa.mn (англи хэлээр). Татаж авсан: 2025-02-25.
  14. iKon.mn, Г. Мөрөн (2024-08-19). "ФОТО: Гандантэгчэнлин хийдэд Дүйнхорын вангийн авшиг хүртээх үйл ажиллагаа үргэлжилж байна". ikon.mn (англи хэлээр). Татаж авсан: 2025-02-25.
  15. iSee.mn. "ФОТО: Дүйнхорын ван буюу Цогт Цагийн Хүрдэний Их авшгийн айлдварт X Богд Жэвзүндамба хутагт морилжээ". iSee.mn. Татаж авсан: 2025-02-25.
  16. "Х БОГД: Эрдэмт бурхны шашин 10 зүгтээ дэлгэрэх болтугай". www.reelnews.mn. 2024-05-23. Татаж авсан: 2025-02-25.