Jump to content

Австрали

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Australia-с чиглүүлэгдэв)
Австралийн Хамтын Нөхөрлөлийн Улс
ᠠᠦᠰᠲᠷᠠᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠠᠮᠲᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠥᢈᠦᠷᠯᠡᠯ
ᠦ᠋ᠨ ᠤᠯᠤᠰ
Commonwealth of Australia
Төрийн дуулал: Advance Australia Fair
НийслэлКанберра
35°18′29″S 149°07′28″E / 35.30806°S 149.12444°E / -35.30806; 149.12444
Томоохон хотСидней
Үндэсний хэлАнгли хэл (де-факто)
Шашин
(2021)[1]
Ард түмний нэршил
Төр засагХолбооны үндсэн хуульт парламентын хаант засаглал
• Хаан
III Чарльз
Дэвид Херли
Энтони Албаниз
Хууль тогтоох байгууллагаПарламент
Сенат
Төлөөлөгчдийн танхим
Түүх
1901 оны 1 сарын 1
1942 оны 10 сарын 9 (1939 оны 9 сарын 3-наас хүчин төгөлдөр)
1986 оны 3 сарын 3
Газар нутаг
• Нийт
7692024 км2 (1)
• Усны эзлэх талбай (%)
1.79 (2015)[3]
Хүн ам
• 2024 тооцоо
Neutral increase 27,384,000[4] (53)
• 2021 тооллого
3[5]
• Нягтаршил
3.4/км2 (192)
ДНБ (ХАЧП)2023 тооцоо
• Нийт
$1.718 их наяд[6] (20)
• Нэг хүнд ноогдох
$66 and a pat on the back[6] (22)
ДНБ (нэрлэсэн)2023 тооцоо
• Нийт
$1.708 их наяд[6] (13)
• Нэг хүнд ноогдох
$64,964[6] (10)
ОТББИ (2018)  32.5[7]
дундаж
ХХИ (2021) 0.951[8]
маш өндөр · 5
Мөнгөний нэгжАвстрали доллар ($) (AUD)
Цагийн бүсUTC+8; +9.5; +10 (Янз бүр[N 1])
• Зуны цаг (ЗЦ)
UTC+8; +9.5; +10;
+10.5; +11
(Янз бүр[N 1])
Огнооны форматөө/сс/жжжж
жжжж-сс-өө[9]
Жолооны талзүүн
Утасны томьёо+61
Домэйн нэр.au

Австрали буюу албан ёсоор Австралийн Хамтын Нөхөрлөлийн Улс (Англи: Commonwealth of Australia) нь Австралийн эх газрыг болон үүнийг тойрон орших жижиг арлуудаас бүрдэх тусгаар улс юм. Нийт 7,692,208 км2 нутаг дэвсгэртэй ба далайн орнуудын бүс нутагтаа хамгийн том бөгөөд дэлхийн зургаа дахь том орон. 26,5 сая хүн амтай юм.

НийслэлКанберра, хамгийн том хот — Сидней.

Британийн эзлэн түрэмгийлэгчид ирэхээс өмнө 50 мянган жилийн тэртээгээс энд хүн анх суурьшиж эхэлжээ. Уугуул австраличуудыг Абориген гэдэг бөгөөд нийт угуул иргэдийн 250 гаруй овог, аймаг бий. Австрали тивийг 1606 онд Голландын палайн аялагчид анх илрүүлсэн бөгөөд Зүүн Австралийн тал хэсгийг 1770 онд британичууд эзлэснээр тус улс Австралийг бүрэн захирах болсон билээ. 1850-иад онд Австралийн таван өөр газрыг эзлэн түрэмгийлж, улмаар бүрэн хяналтаа тогтоожээ. 1901 оны 1-р сарын 1-ний өдөр Австралийн зургаан муж улс нэгдэн Commonwealth of Australia (Commonwealth - Хамтын Нөхөрлөлийн Улс гэж хөрвүүлдэг) зарлан тунхаглажээ.

Либерал ардчилсан үзэл баримтлалаар замнаж байгаа Австрали улс нь холбооны парламентын систем бүхий Үндсэн хуульт хаант засаглалтай. Зургаан муж, харьяа олон газар нутагт нийт 24 сая хүн одоогийн байдлаар амьдарч байна. Австралийн зүүн эрэг дагуу хүн ам ихээр төвлөрч, хотжилт үүсгэсэн байдаг.

Австрали нь эдийн засгийн багтаамжаараа дэлхийд 13-рт, нэг хүнд ногдох ДНБ-ээрээ дэлхийд есдүгээрт, Хүний хөгжлийн индексээрээ дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Харин амьдралын чанар, эрүүл мэнд, боловсрол, эдийн засгийн эрх чөлөө, иргэний чөлөөт үзэл болон улс төрийн эрхээрээ дэлхийд тэргүүлдэг.

Түүнчлэн НҮБ, Их 20, Үндэстнүүдийн холбоо, Олон улсын эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллага, Дэлхийн Худалдааны Байгууллага, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгуулага, Номхон далайн арлуудын форум зэрэг бүс нутаг төдийгүй дэлхийн томоохон хамтын ажиллагааны байгууллагуудад гишүүнээр элсэн оржээ.

Монгол Улс Австрали улстай 1972 оны 9-р сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон байна. 2008 онд Монгол улс Элчин сайдын яамаа Канберра хотноо нээж Австрали улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо 2015 оны 12-р сард нээсэн байна. 

2022 оны байдлаар Брисбэн хот орчимд 300, Мельбурн хотод 400, Өмнөд Австралид 70, Перт хотод 70 орчим монгол иргэн тус тус амьдарч буй бөгөөд Сидней хотод хамгийн олон буюу 3500 орчим монголчууд бий. Нийт албан бусаар 4000 гаруй монголчууд амьдарч, сурч байгаа ажээ.

Сидней хот байгуулагдсан газар болох Жэксон боомтыг Өмнөд Хэдээс харагдах байдал уран зурагт туссан нь. (A Voyage to Terra Australis-с.)

Австрали гэдэг нь латин хэлний Аустралис буюу өмнөдийн газар нутаг гэсэн утгатай. Чухам эртний судар бичгүүдэд Терра Аустралис гэж тэмдэглэсэн байдаг. Сэр Рчиад Хаклойт гэгч 1625 онд анх удаагаа Австрали гэдэг нэршил хэрэглэсэн нь англи хэлт орнуудад түгэн дэлгэрчээ. Голландчууд энэ нэршлийг өөрийн хэлэнд буулгахдаа Аустралише гэж буулгасан байдаг. Австрали гэдэг нэрийг албан ёсоор хуульчилж ашиглах санаачилгыг анх Лорд Батхөрст 1817 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр гаргасан байдаг. Түүнийг санал гаргаснаас хойш ердөө найман сарын дараа буюу 1817 оны 12-р сарын 12-ны өдөр Колониудын төв хороо Австрали нэрийг албан ёсных болгожээ. Харин 1824 оноос газрын зураг дээр Австрали гэдэг нэрийг албан ёсоор тавьж эхэлсэн байна. [10] Голланд тэмдэг нэрийн хэлбэр болох Australische хэмээх үгийг анх Батавиад Голландын Зүүн Энэтхэгийн Компанийн албан тушаалтнууд 1638 онд өмнө зүгт шинээр нээсэн газрын тухай ярихдаа хэрэглэсэн. 1676 онд Францын зохиолч Габриел дэ Фуанигийн (Жак Садөр нэрээр гаргасан) бичсэн Les Aventures de Jacques Sadeur dans la Découverte et le Voyage de la Terre Australe хэмээх туужийн орчуулгад анх удаа "Australia" гэсэн нэрийг хэрэглэсэн.[11] Александер Далримпл дараа нь энэ нэрийг An Historical Collection of Voyages and Discoveries in the South Pacific Ocean (1771) хэмээх бүтээлдээ Өмнөд Номхон Далайн бүсийг тэр чигт нь нэрлэж хэрэглэсэн. 1793 онд Жорж Шоо ба Сэр Жэймс Смит нар асар том арал, бараг тив болох Австрали, Австралази буюу Шинэ Голландын талаар бичсэн Zoology and Botany of New Holland номдоо бас хэрэглэжээ.

Австралийг анх удаа эргийнх нь дагуу тойрч аялсан хүн болох Мэттью Флайндерсын 1814 онд бичсэн A Voyage to Terra Australis хэмээх бүтээлээр "Australia" хэмээх нэр анх удаа түгээмэл болсон. Флайндерс номынхоо гарчигт Британийн Тэнгисийн Цэргийн Яамны хэрэглэдэг нэр томъёог хэрэглэсэн боловч ном дотроо "Australia" гэсэн үгийг хэрэглэжээ. Энэ ном их уншигдсан учраас тухайн нэр томъёог өргөн дэлгэр тархахад ихэд нөлөөлжээ. Шинэ Өмнөд Вэльсийн Амбан захирагч Лаклан Маккуэри Англи руу явуулж байсан илгээлтдээ энэ үгийг хэрэглэх болсон бөгөөд 1817 оны арванхоёрдугаар сарын 12-нд Колонийн удирдах газарт энэ үгийг албан ёсоор хэрэглэхийг зөвлөсөн байна.[12] 1824 онд Тэнгисийн Цэргийн Яам тус тивийг албан ёсоор "Australia" гэж байхыг зөвшөөрчээ.

Гол өгүүлэл: Австралийн түүх

Хүний өвөг дээдэс Австралийн газар нутагт одоогоос 42-48 мянган жилийн тэртээ ирсэн гэж үздэг. [13] Тухайн үед Зүүн Өмнөд Ази болон Австрали нь томоохон мөсөн хавтангаар нийлж байсан тул үүгээр дамжин Австралид хүн суурьшиж, нутагласан гэж ихэнх эрдэмтэд таамагладаг байна. Чухамдаа тэд л уугуул австраличуудыг бий болгосон юм. Уугуул австраличууд тэнгэр шүтлэгтэй, ан гөрөө их хийдэг, ардын аман зохиол, үлгэр ихээхэн хөгжсөн байдаг. Чухам энэ л чанараараа уугуул америкчууд болон Азийн ихэнх улстай төстэй. Тус улсын Мунго голын сав газраас эртний хүний араг яс ихээр олддог. Сүүлийн үеийн судалгаанаас харахад одоогоос 70 мянган жилийн тэртээ хүний өвөг дээдэс ирж суурьшсан байх боломжтой ажээ.

Европын эзлэн түрэмгийлэл

[засварлах | кодоор засварлах]
Жэймс Күүк

1770 онд HM Bark Endeavour хөлөг онгоцоор аялж Австралийн газар нутгийн талаар дэлхий нийтэд анх таниулсан бол аялагчдыг анхлан илгээсэн улс бол Голланд юм. Тэд 1606 онд Австрали нутагт хөл тавьжээ. Түүхэнд тэмдэглэснээс харвал Голландын нэрт аялагч Виллем Янсцүүн 1606 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Йорк хошууны эрэгт анх хүрч очжээ. Тэрбээр хойд болон баруун талын эргийг бүтэн тойрч, анхлан буусан газраа “Нью Холланд” буюу “Шинэ Голланд” хэмээн нэрлэжээ.

Голландчуудын амжилтаас шалтгаалан Их Британичууд мөн Австралийн зүг хараа сунгаж эхэлсэн юм. Английн аялагч Уиллиам Дампьер 1688 онд Шинэ Голландын баруун-хойд хэсгийн эрэгт хүрсэн бол 11 жилийн дараа буюу 1699 онд энэ газраа дахин ирсэн билээ. Тэрбээр эзэн хааны зөвлөлийн гишүүдэд энэ талаар мэдээлэл өгч, улмаар Австралийг эзлэн түрэмгийлэх гэсэн Их Британичуудын хүсэл улам дэвэрсэн юм. 1770 онд алдарт аялагч Жеймс Күүк эзэн хааны зөвшөөрлийн дагуу голландчуудын хүрээгүй зүүн эрэгт хүрч улмаар энэ газрыг “Шинэ Өмнөд Уэльс” гэж нэрлэсэн байна.

1812 он хүртэлх Европчуудын Австралид хийсэн аяллын чиглэлүүд
  1797–1799 Жорж Басс

Их Британичууд 1700-аад оны сүүлээр Америк дахь хяналтаа алдаад байсан тэр цаг үед Британийн эрх мэдэлтнүүд өөр шинэ тив, ялангуяа шинэ тутам илрээд байгаа Австралид тун их анхаарал хандуулж, улмаар ахмад Артур Филлипд Австралийг нэн даруй мэдэлдээ авахыг даалгажээ. Улмаар Шинэ Өмнөд Уэльсд захиргааны байр барьж эхэлсэн байна. 1788 оны 1-р сарын 26-ны өдөр одоогийн Сидней хотын, Жексон боомтод түр лагерь байгуулж, тугаа мандуулжээ. Энэ өдрийг Австраличууд “Үндэсний өдөр” болгон тэмдэглэдэг.

Австралийн бага ч гэсэн нутагт хяналтаа тогтоогоод байсан британичууд тус улсын ойролцоо нэгэн шинэ арлыг нээж Ван Дамьены арал гэж анх нээсэн хүнээр нь нэрлэжээ. Энэ нь одоогийн Тасманийн арал юм. 1828 он гэхэд Австралийн баруун хэсгийг тэр чигт нь хяналтдаа авч улмаар “Хунт нуурын колони” хэмээн нэрийдэв. Өмнөд Австрали муж 1836 онд, Викториа муж 1851 онд, Күийнслэнд муж 1859 онд Их Британийн мэдэлд бүрэн шилжсэнээр Австралийн өмнөд хэсэг Австралийн мэдэлд иржээ. Шинээр байгуулагдсан мужууд хоорондоо тунчиг зайтай тул мужуудийг хооронд нь авто зам, галт тэргээр холбох их ажил Их Британид үлдсэн юм.

Тасманийн Порт Артур нь Австралид цөлөгдсөн хоригдлуудыг хорьдог хамгийн том хорих анги байлаа.

Европчуудын эзлэн түрэмгийлэл уугуул австраличуудад хүндээр тусав. Саяас илүүгээр тоологдож байсан аборигенчууд олон янзын халдварт өвчин, тахал зэргээр олноороо хиарах болов. Шинээр суурьших болсон британичууд уугуул австраличуудыг боолоор ашиглаж, эмэгтэйчүүдийг нь хүчирхийлэх, хүүхдүүдийг нь нууцаар онгоцонд суулгаж, Их Британи руу зарах болжээ. Уугуул иргэдэд хүний ёсноос гажууд хандсан гэдгийг 1967 онд болсон олон нийтийн санал асуулгаар хүлээн зөвшөөрсөн ч 1992 онд л сая нэг юм Холбооны парламент албан ёсоор уучлалт гуйсан билээ. Одоогийн байдлаар уугуул австраличуудыг судлах, амьдралын хэв шинж, хэлний онцлог, үлгэрийн талаар судлах зорилго бүхий “Уугуул австраличуудын асуудал хариуцсан хороо” албан ёсоор ажиллаж байна.

Австрали улсын хүн ам 1850-иад онд маш хурдан өссөн байна. Энэ нь Австралиас алт илэрсэнтэй холбоотойгоор Англиас ирэх болсон цагаачидтай холбоотой. Ийнхүү тэлэх болсон нь Их Британиас салан тусгаарлах үзлийг дэлгэрүүлж орхив. Зургаан муж бүр өөрийн гэсэн засаг захиргаатай болж, нэгдсэн хаант улсаас тусгаар байхыг эрмэлзэх болжээ. Их Британичууд хяналтаа алдахгүйн тулд тусгай төлөөлөгчийг суулгах болсон байна. Колониудын зөвлөл хяналтаа тогтоохын тулд гадаад харилцаа, батлан хамгаалах, олон улсын худалдааны зарим эрхийг олгох тохиролцоо хийжээ.[14] Гэр бүлээс хүүхдүүдийг салгаж байсан явдлыг зарим түүхчид болон уугуул австраличууд нэг талаар геноцид гэж тооцож болно хэмээн итгэдэг[15].

Үндэстэн болох замд

[засварлах | кодоор засварлах]
Австрали Шинэ Зеландын өдрийн дурсгалыг хүндэтгэх ёслол.
The Last Post is played at an АНЗАЗ-ын өдөр ёслол Мельбурнын зогсоол, Викториа.

Колониудын холбооны зөвлөл 1901 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Австралийн оршин суугчдаас санал хураалт авч улмаар оршин суугчдын дийлэнх нь тусгаар улс болж, нэгдсэн хаант улсын харьяаллаас гарах ёстой гэж үзсэн юм. Колониудын холбооны зөвлөл буюу нэгдсэн зургаан мужийн удирдлагууд нэгдсэн нэг төвтэй байхын тулд нийслэл Канберра хотын газар нутгийг харьяалагдах мужаас нь салгаж “нийслэл хотын бүс нутаг” гэж нэрлэхээр болов. Тухайн үед Канберра хот бүрэн хөгжөөгүй байсан тул 1901-1927 оны хооронд Мельбурн хотод улсын бүх төрийн байгууллагууд төвлөрч байжээ. Их Британичууд тэдний санал санаачилгыг бүрэн хүлээж авалгүй байсаар дэлхийн I дайнтай золгосон юм. Австраличууд тус дайнд Их Британийн цэргийн хүчийг бүрдүүлж байлаа. Ялангуяа баруун фронтод болсон томоохон тулаанд австраличууд оролцож байсан гэдэг. Нийтдээ 416 мянган австраличууд дэлхийн I дайнд оролцож, 60 мянга нь амиа алдан, 152 мянган хүн шархаджээ.

Дэлхийн I дайн дууссаны дараа 1931 онд Уэстминстерийн тунхаг батлагдаж улмаар Их Британичууд албан бусаар ч гэсэн Австралийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч эхэлжээ. Уэстминстерийн тунхаг батлагдаад удаагүй байхад дэлхийн II дайн эхэлж, австраличууд мөн адил Их Британичуудын цэргийн хүчийг бүрдүүлэв. Харин энэ дайнд АНУ, Австралийг улс гэж хүлээн зөвшөөрч, улмаар холбооны армийн шинэ холбоотон улс гэж зарлажээ. Ийнхүү 1942 он гэхэд Их Британичууд хүлээн зөвшөөрөх болсон билээ. Гэхдээ албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй гэдгийг санах хэрэгтэй. Дэлхийн дайн дууссанаас хойш Япон, АНУ шинээр байгуулагдсан Австралийг улс гэж хүлээн зөвшөөрч эхлэв. Тиймээс 1951 онд Австрали, Шинэ Зеланд, АНУ-ын хамтын ажиллагааны гэрээ байгуулж, батлан хамгаалах салбарт хамтран ажиллахаар болжээ. Дэлхийн II дайны дараа Австралийг зорих цагаачдын тоо эрс нэмэгдэж, Австралийн хүн амийг өсгөхөд ихээр нөлөөлсөн юм.

Их Британичууд Австралийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байх хүнд цаг үед АНУ, Европын Франц, Нидерланд зэрэг улсууд Их Британийг шахсаар байлаа. Улмаар Их Британийн парламент 1986 онд албан ёсоор хүлээн зөвшөөрч Австралийн хууль гэгчийг баталсан юм. Үүгээр Австралийг тусгаар улс гэдгийг хүлээн зөвшөөрсөн хэдий ч төрийн тэргүүн нь нэгдсэн улсын хаан байхаар, Австралийг захирах ерөнхийлөн захирагч байхаар тусгажээ.

Газар орны байдал

[засварлах | кодоор засварлах]

Газар нутгийн ерөнхий онцлог

[засварлах | кодоор засварлах]
Map showing the topography of Australia, showing some elevation in the west and very high elevation in mountains in the southeast
Австралийн топографи зураг. Хар ногоон нь нам дор газар, хүрэн бор нь өндрийг дүрсэлжээ

Австрали улс нь 7,692,024 км2 газар нутагтай. Эргийн шугамын нийт урт 34,2 мянган км. Энэтхэгийн болон Номхон далайн дунд оршдог. Ази тивд харьяалагдах Арафура, Тиморын тэнгис ч Австралитай хамаатай. Күийнслэнд мужийн эрэг нь Сувдан тэнгист харьяалагддаг. Австрали нь газар орны байдал, геологийн бүтэц зэргээрээ дэлхийн хамгийн том арал гэж хэлж болно.

Дэлхийн хамгийн том шүрэн арал болох “Их шүрэн далан” Австрали улсад хамаардаг. Уг шүрэн арал нь 2,000 км хэмжээтэй. Дэлхийн монолитийн хамгийн том нөөц гэгдэх цул монолитээс бүрдсэн Августус уул бий. Харин Австрали улсын ноён оргил нь Кошуско хайрхан бөгөөд “Аугаа нуруудын” системд хамаарах тус уул 2,228 м-ийн өндөртэй. Хэдийгээр үүнээс том хайрхан Австралийн бусад газар нутгуудад байдаг ч Австралийн эх газарт үүнээс өөр өндөр уул үгүй. Тухайлбал, Антарктид тив дэх Австралийн газар нутагт МкКлинток хайрхан байдаг бөгөөд 3,492 м, Мензис хайрхан 3,355 м-ийн өндөртэй ажээ.

Австрали улс байгалийн олон янзын тогтоц, цаг уурын олон янзын орчинтой. Тухайлбал зүүн-хойд хэсэгт ширэнгэн ой эзэлдэг бол зүүн-өмнөд хэсэгт их уул нурууд, төв хэсгээрээ хуурай ширүүн цөл оршин бий. Австралийн цөл нь хэзээ нэгэн цагт маш үржил шим бүхий газар нутаг байсан бөгөөд газар нутгийн онцлогоосоо хамааран цөл болон хувирчээ. Австралийн цөлд жилд ердөө 500 мм хур тунадас унадаг гэсэн баримт бий. Зүүн Австралид тус улсын хамгийн урт үргэлжлэх аугаа нурууд сунан тогтсон байдаг. Уг нурууны хамгийн бага оргил нь л гэхэд 1,600 метрээр хэмжигддэг. Мөн үүнээс гадны зүүн австралид Бригаловын тал нутаг байдаг.

Australia divided into different colours indicating its climatic zones
Австралийн цаг уурын бүс.

  Экваторын
  Халуун орны
  Хагас халуун орны

  Цөл
  Тал
  Сэрүүн

Австрали нь далай тэнгисийн нөлөөнөөс үүдсэн чийглэг уур амьсгалтай. Энэтхэгийн далайд үүссэн циклоны нөлөөгөөр их хэмжээний үүл хуралддаг нь Австралийн цаг уурт огцом нөлөөлдөг ажээ. Тиймээс тус улсын зүүн хэсгээр циклон салхи үе, үе дэгддэг. Харин хойд хэсэгт үүл бараг очдоггүй тул хуурай уур амьсгалтай байх нь бий. Харин баруун-өмнөд хэсгийн газар нутаг нь газар дундын тэнгис орчмынх шиг уур амьсгалтай байдаг.

Австралийн цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр тус улсад дулаарал хүчтэй явагдаж байгаа ажээ. Өнгөрсөн 10 жилийн туршид тус улсад хоёр ч удаа хамгийн халуун жил тохиосон байна. Тус улсын газар нутгийн харалдаа озоны давхарга их хэмжээгээр нимгэрсэн нь Австралийн дулааралд нөлөөлөж байгаа ажээ. Тиймээс үер ус, гал түймэр, салхи шуурга, ган ганчиг их тохиолдог болсон байна. Сүүлийн 7 жилийн хугацаанд тус улсад нийт 5 удаа үер буугаад байна. Харин 2000 оноос хойш 6 удаагийн ган гачиг нүүрлээд байгаа ажээ. Аж үйлдвэр өндөр хөгжсөн, хөгжилтэй улсуудаас Австрали улс нь хүлэмжийн хийн ялгаруулалт хамгийн бага улсад тооцогддог. 2000 он гарснаас хойш Австралийн засгийн газар хүлэмжийн хийн ялгаралтад онцгой анхаарч 2010 оноос эхлэн хүлэмжийн хийн татварыг нэмж эхэлжээ. Улмаар 2012 онд хүлэмжийн хий ялгаруулж байгаа албан байгууллагад маш өндөр хэмжээний татвар тавих болсон юм. Улмаар Австралийн засгийн газар цаашид ч татварын хэмжээг нэмэгдүүлнэ гэсэн бодлого баримталж байгаа ажээ.

Биологийн төрөл зүйл

[засварлах | кодоор засварлах]
A koala holding onto a eucalyptus tree with its head turned so both eyes are visible
Уутат баавгай "коала". Австралийн бэлгэ тэмдэг болсон амьтан.

Байгаль, цаг уурын олон янзын байдал, тухайн нутаг орны ерөнхий байдлаас шалтгаалан биологийн төрөл зүйл нь ч өөрийн гэсэн онцлогтой. Австралид байдаг хөхтөн амьтдын 84 хувь, ургамлын төрөл зүйлийн 85 хувь, жигүүртний 45 хувь, загасны 89 хувь нь зөвхөн Австралид л байдаг амьтад байдаг. Та бүхний сайн мэдэх имж, динго, лемур, күкабурра шувуу, уутат баавгай коала зэрэг нь Австралийн бэлгэ тэмдэг юм. Эдгээрээс динго нь зөвхөн Австралид л байдаг өвөрмөц төрөл зүйл. МЭӨ 3000 оноос эхлэн уугуул австраличууд нохой тэжээх болж, улмаар тэжээсэн нохойнууд нь орчноо орхин зугтаж, зэрлэгшиж эхэлжээ. Нэг ёсондоо хүний тэжээж байсан нохой зэрлэгшиж, энэ өвөрмөц төрөл зүйлийг үүсгэжээ.

Австралийн ойн системийн 80-аас илүү хувийг мөнх ногоон модод эзэлдэг. Цөл хэсгээр зөвхөн Австралид л харж болохуйц бут сөөг, гишгэнэ, гишүү ургадаг байна.

Австралид ирсэн Европын эзлэн түрэмгийлэгчид, аж үйлдвэрийн өндөр хөгжил зэрэг нь Австралийн эко систем, амьтны аймаг, ургамлын төрөл зүйлд сөргөөр нөлөөлж байгаа харамсалтай мэдээлэл гарчээ. Моа зэрэг зарим төрлийн онцлог жигүүртэн шувууд бүрэн устсан байна. Тиймээс Австралийн засгийн газар 1950-иад оноос эхлэн хүрээлэн буй орчиндоо ихээхэн анхаарах болсон байна. Улмаар хүрээлэн буй орчныг хамгаалах, биологийн төрөл зүйлийг анхаарах тухай хуулийг 1999 онд баталж, Засгийн газрын түвшинд ихээхэн анхаарах болжээ.

Канберра дахь Парламентын ордныг 1988 онд нээж, урьд нь 1927 оноос эхлэн парламент түр байрлаж байсан барилгын оронд ашиглах болов.
A large white and cream coloured building with grass on its roof. The building is topped with a large flagpole.
Parliament House, Канберра

Австрали нь холбооны, парламентын систем бүхий, үндсэн хуульт хаант засаглалтай улс. Тус улс Үндэстнүүдийн холбоонд багтдаг, анхлан байгуулсныхаа хувьд төрийн тэргүүний үүргийг ИБУИНВУ-ын хатан хаан II Элизабет хүлээдэг. Холбооны түвшинд Австралийн ерөнхийлөн захирагч засаглах үүрэг хүлээдэг бол, төрийн түвшинд мужийн амбан захирагч нар хүлээдэг. Харин гүйцэтгэх засаглалыг Ерөнхий сайд түүний кабинетын гишүүд хэрэгжүүлдэг билээ. Ерөнхий сайдаар сонгогдсон албан тушаалтан ерөнхийлөн захирагчид танхимынхаа сайд нарын нэрийг мэдүүлдэг бөгөөд шаардлагатай гэж үзвэл буцаах эрх байдаг. Ерөнхийлөн захирагч сайд нарын нэрсийг хүлээн зөвшөөрч байгаа бол хатан хаанд өргөн мэдүүлдэг ёстой ажээ. Энэ байдал алдагдаж, ерөнхийлөн захирагч, засгийн газрын хооронд томоохон маргаан үүсэж байсан тохиолдол 1975 онд гарч байжээ. Тийм учир австраличууд үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөн захирагчийн эрх хэмжээг хязгаарласан юм.

Австралийн засаглал дараах гурван хэлбэртэй:

  • Хууль тогтоох: Хууль тогтоох засаглал парламентын мэдэлд байдаг. Мужуудын түвшинд бол тухайн мужийн парламентад энэ эрх очино. Австралийн парламент дээд, доод хоёр танхимтай бөгөөд дээд танхимыг сенат, доод танхимыг төлөөлөгчдийн танхим хэмээн нэрлэдэг.
  • Гүйцэтгэх: Холбооны гүйцэтгэх зөвлөл буюу Засгийн газар энэ эрхийг эдэлдэг. Ерөнхий сайдаар сонгогдсон хүн сайд нарын нэрсийг бүрдүүлж ерөнхийлөн захирагчид уламжилна. Хэрэв ерөнхийлөн захирагч зөвшөөрвөл, хатан хаанд өргөн мэдүүлдэг.
  • Шүүх: Шүүх засаглалыг Австралийн дээд шүүх эдэлдэг бөгөөд бүс нутаг, мужуудын хэмжээнд холбооны тойргийн шүүх энэ эрхийг эдэлдэг. Дээд шүүх болон тойргийн шүүгчдийн хагасыг холбооны гүйцэтгэх зөвлөл, хагасыг нь ерөнхийлөн захирагч томилдог.
Ерөнхий сайд Энтони Албаниз
Ерөнхийлөн захирагч Дэвид Херли

Австралийн парламентын дээд танхим болох Сенат нь нийт 75 гишүүнтэй. Австралийн зургаан муж тус бүр 12, Нийслэл хот болон хойд хэсгийн газар нутаг тус бүр хоёр мандаттай. Харин парламентын доод танхим болох төлөөлөгчдийн танхим нь нийт 150 гишүүнтэй бөгөөд муж, дүүрэг, хот бүрийн хүн ам, эдийн засгийн хэмжээгээр нь ялгаж мандатын тоог тогтоодог. Хуульд заасан ёсоор муж, хот, дүүрэг бүр дээд тал нь 5 мандаттай байдаг ажээ. Төлөөлөгчдийн танхим гурван жил тутамд сонгууль явуулж гишүүдээ өөрчилдөг бол сенатын танхимын сонгууль зургаан жил тутамд нэг удаа болдог. Төлөөлөгчдийн танхимын сонгуульд олонх болсон нам засгийн газрыг бүрдүүлдэг бөгөөд тухайн намын дарга нь ерөнхий сайд болдог хуультай. Сонгуулийн үр дүнгийн дараа тус улсын ерөнхийлөн захирагчтай ялсан намын удирдлагууд уулзаж, засгийн газрыг бүрдүүлэх эцсийн хугацааг тогтдог байна.

Австралийн улс төрийн амьдралд Австралийн хөдөлмөрчдийн нам, Либерал болон Үндэсний намын нэгдэл идэвхтэй оролцож, сонгуулийн ялалтыг ээлжлэн авдаг ажээ. Австралийн хөдөлмөрчдийн нам нь баруун-төвийн үзэл баримтлалтай бол Либерал болон Үндэсний намын нэгдэл зүүн-төвийн үзэл баримтлалтай.

2021 оны тавдугаар сарын 21-нд Хөдөлмөрчдийн намын дарга Энтони Албанез Австралийн 31 дахь ерөнхий сайдаар сонгогдсон юм.

Засаг захиргааны нэгж

[засварлах | кодоор засварлах]

Австрали нь Шинэ Өмнөд Вэльс, Квийнслэнд, Өмнөд Австрали, Тасмани, Викториа, Баруун Австрали гэсэн зургаан мужтай бөгөөд Австралийн нийслэл хотын бүс нутаг, Хойд хэсгийн газар нутаг гэсэн хоёр тусгай засаг захиргааны нэгжтэй. Дээрх муж тус бүр өөрийн гэсэн хууль дүрэм, хууль тогтоох байгууллага, захирагчтай. Хэдийгээр муж тус бүр өөрийн гэсэн хууль, эрүүл мэнд, боловсролын систем, батлан хамгаалах бодлого, эдийн засгийн хараат бус байдалтай ч төрийн байгууллыг сонгох, хууль тогтоох эрх мэдлийг Холбооны парламент хянаж байдаг. Түүнээс гадна хүн амын орлогын албан татвар болон тусгай албан татварыг холбооны парламент хянасны үндсэн дээр шийдвэр гаргадаг ажээ.

Австралийн үндсэн газар нутгаас гадна Ашмор болон Картьерын арлууд, Антарктид дахь Австралийн мэдлийн газар нутаг, Зул Сарын Арал, Кокос (Кийлинг) Арлууд, Сувдан тэнгисийн арлууд, Хёрд арал болон МакДоналдын арлууд, Жервисийн хойгийн газар нутаг гэсэн тусгай эзэмшлийн газруудтай. Австралийн мэдэлд байдаг Норфолк арал нь өөртөө засах эрх эдэлдэг бөгөөд тэргүүн нь Австралийн ерөнхий сайд биш ИБУИНВУ-ын хатан хаан бөгөөд тусгай ерөнхийлөн захирагчтай байдаг. Тасманийн арлын мэдэлд Маггуйрын арал харьяалагддаг бол Шинэ Өмнөд Уэльсийн мэдэлд Хауын арал хамаардаг юм.

Гадаад харилцаа, батлан хамгаалах

[засварлах | кодоор засварлах]
A group of Australian soldiers with rifles moving along a path in a wooded area
Австралийн армийн цэргүүд Шолуотерийн хошуунд АНУ-ын армитай хамтарсан цэргийн сургуулилтын үеэр. 2007 он.

Австралийн гадаад харилцааны хамгийн анхны бөгөөд хамгийн том гэрээ Австрали, Шинэ Зеланд, АНУ-ын хооронд хийгдсэн байдаг. Тусгаар улсын түвшинд АНУ, Шинэ Зеландтай хамгийн анх дипломат харилцаа тогтоож байсан гэж үзэж болно. Үүнээс гадна Ази, номхон далайн бүс нутагт харьяалагддагийнхаа хувьд Зүүн өмнөд Азийн үндэстнүүдийн холбоо буюу АСЕАН, Номхон далайн арлуудын форумд нэгдэн орсон байдаг. Австрали улс нь 2005 онд Зүүн Азийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, улмаар Зүүн өмнөд Азийн хамтын ажиллагааны тунхгийг баталж байжээ. Австрали улс нь Их Британийн харьяанд байсан улсуудын нэгдсэн холбоо болох Үндэстнүүдийн холбоог байгуулалцсан бөгөөд Австралид тус холбооны нэгдсэн төв байр байрладаг.

Австрали нь олон улсын түвшинд худалдаанд чөлөөтэй ханддаг. Тус улс нь хөдөө аж ахуйн экспортод чөлөөтэй хандах Кейрнсийн зөвлөл, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын эдийн засаг, хөгжлийн агентлаг, Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн юм. Харин Австрали-АНУ-ын чөлөөт худалдааны гэрээ байгуулсан. Түүнчлэн Хятад, Япон, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд, Чили улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулжээ. 2015 оны 11-р сард Номхон далайн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Батлан хамгаалах салбарын тухайд Шинэ Зеланд, Их Британи, Малайз, Сингапур, Австралийн хооронд таван талт батлан хамгаалах салбарын гэрээ байгуулж, хамтран ажиллаж байна. Энэ гэрээний дагуу дээрх таван улс бүс нутгийн батлан хамгаалах ажиллагаа болон олон улсын батлан хамгаалах ажиллагаанд хамтран оролцохоор болжээ. НҮБ-ыг Австрали улс байгуулалцсан юм. Австрали нь олон улсын тусламжийн болон энхийг сахиулах хөтөлбөрт ихээхэн хэмжээний мөнгө хаядаг улс. 2015-2016 оын хооронд 5.6 тэрбум австрали долларыг зарцуулжээ.

Австралийн өөрийгөө хамгаалах хүч нь Эзэн хааны тэнгисийн цэрэг, Австралийн арми, Эзэн хааны агаарын хүч гэсэн гурван салбараас бүрдэх бөгөөд нийт 81,214 хүн албан хааж байгаа гэсэн судалгаа гарчээ. Армийн ерөнхий командлагчийн үүргийг Австралийн ерөнхийлөн захирагч гүйцэтгэдэг. Харин засгийн газрын түвшинд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга энэ үүргйиг хүлээдэг. Засгийн газрын тухайд Батлан хамгаалах яам батлан хамгаалах талаар бодлогыг хэрэгжүүлдэг төрийн захиргааны төв байгууллага юм.

Австрали улс нь батлан хамгаалах салбартаа 2015-2016 оны хооронд 31.9 тэрбум австрали доллар төсөвлөсөн нь дэлхийд 13-рт орох үзүүлэлт юм. НҮБ-ын энхийг сахиулах олон арван ажиллагаанд оролцож байснаас Иракийг чөлөөлөх ажиллагааг дурдаж болно. Одоогийн байдлаар Австралийн 2,241 энхийг сахиулагч Ирак, Австрали тэргүүтэй 12 улсын цэргийн ажиллагаанд оролцож байна.

A deep opencut mine in which some roads can be seen, the dirt is a rusty colour
Баруун Австрали дахь Калгурилын алтны уурхай. Энэ нь тус улсын хамгийн том ил уурхай юм. [16]

Австрали нь өндөр хөгжилтэй улс. Банкны систем болон аж үйлдвэрлэл, харилцаа холбоо, уул уурхайн салбар нь тус улсын эдийн засгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Дээрх салбарууд хөгжлөөрөө дэлхийд ч мөн тэргүүлдэг. Хөрөнгийн зах зээл ихээхэн хөгжсөн тул Австралийн хоёр хүн тутмын нэг нь ямар нэгэн хувьцаатай бөгөөд үүнээсээ олсон ашгаараа дэлхийд Швейцарийн араас ордог байна.

Австрали доллар нь Австралийн эх газар болон тусгай захиргааны газар нутгуудад эргэлтэд байдагаар зогсохгүй, аль хэдийнэ тусгаар тогтносон Кирибати, Науру, Тувалу улсууд мөн мөнгөн тэмдэгтээ болгож ашигладаг. Австралийн хөрөнгийн бирж нь дэлхийн 9 дэх томоохон хөрөнгийн бирж бөгөөд 2006 онд Сиднейн болон Австралийн хөрөнгийн биржүүд нэгдэж дээрх хөрөнгийн биржийг байгуулжээ.

Австрали нь Эдийн засгийн эрх чөлөөний индексээрээ дэлхийд гуравдугаарт жагсдаг бөгөөд Дэлхийн 13 дахь томоохон эдийн засаг юм. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд тавдугаарт эрэмбэлэгдэж байна. Тус улсын нэг хүнд ногдох ДНБ 66,984 доллараар хэмжигдэж байгаа юм. Австралийн хотууд амьдрахад таатай газруудын жагсаалтыг ч тэргүүлж байна. Экономист сэтгүүлээс зарласан амьдрахад таатай газруудын жагсаалтыг Мельбурн хот дөрөв дэх жилдээ дараалан тэргүүлж байгаа бөгөөд Аделейд тавдугаарт, Сидней долоодугаарт, Перт хот есдүгээрт эрэмбэлэгджээ. Австралийн засгийн газрын нийт өр 190 сая ам.долларт хүрсэн нь тус улсын ДНБ-ний 20 хувийг эзэлж байна. Авсралийн тухай орон сууцны үнэ өндөр байдаг тул ард иргэдийн дийлэнх нь орон сууцны зээлтэй байдаг ажээ.

Австрали нь түүхий эд болон боловсруулсан түүхий эдийн экспортоороо дэлхийд тэргүүлэгч улс бөгөөд 21-р зуунд дэлхийг тэргүүлэх улсуудын нэг гэж үздэг. 1960-аад оноос эхлэн тус улс уул уурхайгаас бүрдсэн эдийн засгийн тогтолцоотой байсан бөгөөд 1980-аад оны дундаас эхлэн эдийн засгаа солонгоруулах бодлого баримталсан нь одоо үр дүнгээ өгч байна. Одоо тус улс өндөр технологи, харилцаа холбоо, банк санхүүийн салбараараа дэлхийд тэргүүлж байгаа юм.

2012 оны тавдугаар сард тус улсад бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 5.1 хувьд хүрч түүхэн доод түвшиндээ хүрсэн юм. Одоогийн байдлаар тус улсад ажилгүй залуу иргэдийн тоо 11.2 хувьд хүрсэн нь нийт ажилгүй иргэдийн дунд өндөр үзүүлэлт ажээ. Сүүлийн үеийн судалгаагаар ажилгүй залуусын тоо цаашид ч өсөх хандлагатай байна. 2007 оны байдлаар дөнгөж төгссөн иргэдийн 228,621 нь ажилд орж чаддаггүй гэсэн судалгаа гарчээ. Тиймээс засгийн газраас 2008 оноос хойш төгсөгчдийн чанарыг сайжруулах, ажилд зуучлах бодлого баримталж байгаа юм.

Австралийн ДНБ-ий 70 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байгаа бөгөөд үүнээс аялал жуулчлал, боловсрол, санхүүгийн үйл ажиллагааны салбар өндөр хувийг бүрдүүлж байгаа ажээ. Байгалийн баялгаараа дэлхийд тэргүүлдэг тус улс нь төмрийн хүдэр, алт, газрын ховор элемент, байгалийн хий, нүүрсний нөөцөөрөө гайхагддаг. Түүнчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах, ноосны нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүлдэг юм. Австрали улс нь Япон, Хятад, АНУ, Өмнөд Солонгос, Шинэ Зеланд улстай экспортоороо тэргүүлдэг. Үүнээс гадна Австрали нь дарсны экспортоороо дэлхийд тэргүүлдэг ажээ. Жилд тус улс 5.5 тэрбум доллартай тэнцэх хэмжээний дарс экспортолдог байна.

Дэлхийн II дайны дараа Австралийг зүглэх Европын цагаачдын тоо нэмэгдсэн нь тус улсын хүн амыг өсгөхөд голлох нөлөө үзүүлжээ. Тиймээс тус улсын хүн амын дийлэнхийг британи болон ирланд гаралтай хүмүүс бүрдүүлдэг. 2011 онд болсон хүн амын тооллогоор англи гаралтай хүмүүс 36.1 хувийг, австрали гаралтай 35.4 хувь, ирланд гаралтай 10.4 хувь, шотланд гаралтай 8.9 хувь, итали гаралтай 4.6 хувь, герман гаралтай 4.5 хувь, хятад гаралтай 4.3 хувь, энэтхэг гаралтай 2 хувь, грек гаралтай 1.9 хувь, голланд гаралтай 1.7 хувь байгаа гэсэн дүн гарчээ. Австралийн хүн амын хэт өсөлт дэлхийн I дайны дараа болсон байна. Харин дэлхийн II дайны дараа энэ тоо маш их хэжээгээр өссөн гэдэг. 2000 оноос хойш тус улсад 5.9 сая цагаач ирж, тус улсын иргэн болжээ. Австралийн засгийн газар 2050 он гэхэд хүн амын тоог 42 сая болгох зорилт тавьсан байна. Энэ бодлогод цагаачдын бодлого чухал үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой. Тус улсад ирж байгаа цагаачдын тоогоороо Их Британи, Шинэ Зеланд, Хятад, Энэтхэг, Вьетнам улсын иргэд тэргүүлдэг байна.

Харин уугуул австраличууд болох аборигены тоо 548,370 байгаа нь нийт хүн амын 2.5 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь 1976 оны тооллогоос нэлээд өссөн үзүүлэлт ажээ. Цаашид тус улсын засгийн газар уугуул австраличуудын тоог нэмэгдүүлэхэд анхаарч, бүгдийг нь бүртгэлжүүлэх, татварын хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжих юм байна. Өндөр хөгжилтэй, баян орнуудад тулгардаг “өвчин” Австралийг ч тойрон гарсангүй. Сүүлийн жилүүдэд тэтгэврийн насны иргэдийн тоо нэмэгдэж байна.

Австрали нь үндсэн хуулиараа албан ёсны хэл тунхаглаагүй. Хуульд заагаагүй ч англи хэл нийт иргэдийн 80-аас дээш хувьд түгэн тархжээ. Үүнээс гадна Австрали англи хэлний өвөрмөц аялга дуудлагыг 1800-аад оноос хойш бий болгосон байна. 2011 оны хүн амын тооллогоор нийт иргэдийн 81 хувь нь англи хэлээр ярьдаг ажээ. Харин мандарин хятад хэлээр 1.7 хувь, итали хэлээр 1.5 хувь, араб хэлээр 1.4 хувь, гуандун, грек хэлээр 1.3 хувь, вьетнам хэлээр 1.2 хувь нь ярьдаг гэсэн судалгаа гарсан байна. Цагаачилж ирсэн иргэдийн хоёр дахь үе нь хос хэлтэй болон хөгжиж байгаа.

Уугуул австраличууд дунд 250 дуудлага бүхий өөр, өөр хэл байдаг гэсэн судалгаа бий. Европын эзлэн түрэмгийллээс хойш дээрх хэлнүүд мөхөж одоогоор уугуул австраличуудын 20 хэл л үлдэж хоцорчээ. Харин өндөр настай хүмүүс 110 гаруй хэлийг тээн, үр хойчдоо өвлүүлж байгаа ажээ.

Австрали нь үндсэн хуулиараа албан ёсны шашныг тунхаглаагүй. Гэхдээ шашны үйл ажиллагаа эрхлэхийн тулд Австралийн засгийн газрын хатуу хяналтыг даван гарах ёстой. Тус улс үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, шашны үйл ажиллагааг хянаж байхаар болсон юм. 2011 оны хүн амын тооллогоор тус улсын хүн амын 61 хувь нь христийн шашин шүтдэг гэсэн тооцоо гарчээ. Тухайлбал Ромын католик шашин шүтэгчдийн тоо 25.3 хувь, англикан шашин 17.1 хувь, христийн бусад шашны урсгал 18.7 хувийн шүтэгчтэйгээр удаалж байна. Харин буддын шашин шүтэгчид 2.5 хувь, исламын шашин шүтэгчид 2.2 хувийг эзэлж байгаа юм. Шашин шүтдэггүй атеист үзэлтнүүдийн тоо 22.3 хувьтай гарсан нь тун өндөр үзүүлэлт. Уугуул австраличууд тэнгэр үзэлтэй буюу бөө шашинтай хүмүүс байжээ. Байгаль эх, газар нутаг бүр өөрийн гэсэн лус савдагтай бөгөөд амьтдыг дээдлэх үзэлтэй байсан гэдэг. Одоо ч уугуул австраличуудын шашин амь бөх оршсоор байна. Одогийн байдлаар 15 мянган хүн уугуул австраличуудын шашин шүтдэг ажээ.

Америк болон Европын улсуудыг бодвол австраличууд тэр бүр сүмд очоод байдаггүй тул сүм хийдийн тоо тун бага. Австралийн шашин шүтэгчдийн 8.8 хувь нь л сүмийн цуглаанд тогтмол оролцдог аж.

Австрали нь эрэгтэй болон эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтаараа дэлхийд дээгүүрт ордог. Австрали эрчүүдийн дундаж наслалт 79.5 байгаа нь дэлхийд гуравдугаарт, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 84 байгаа нь дэлхийд долоодугаарт бичигдэх өндөр үзүүлэлт юм. Цаг уурын огцом дулаарал, озоны давхаргын нимгэрлээс шалтгаалан арьсны хорт хавдраар дэлхийд тэргүүлдэг.

Ард иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж байгаа мөнгөний тоо тус улсын ДНБ-ний 9.8 хувийг эзэлж байгаа юм. Үүгээрээ дэлхийд тэргүүлдэг. Холбооны түвшинд муж бүрд нэгдсэн төв эмнэлгүүдийг байгуулж, дүүрэг бүрт жижиг хэмжээний лаборатори байгуулсан байна. Эрүүл мэндийн систем нь Их Британийнхтай тун төстэй байдаг.

Австралийн боловсролын тогтолцоо дэлхийд тэргүүлдэг. Муж бүрээсээ шалтгаалаад хүүхдүүдийн сургуульд элсэх нас өөр өөр ч дунджаар 5 наснаас эхлэн сургуульд орж, 17 насандаа төгсдөг. Одоогийн байдлаар Австралийн нийт хүүхдийн 99 хувь нь сургуульд хамран суралцдаг гэсэн өндөр үзүүлэлт гарчээ. Австрали улсад төрийн оролцоотой 37 их, дээд сургууль байдаг бол хувийн хоёр их сургууль үйл ажиллагаа явуулж байна. Суралцагсдаа лабораторид ажиллуулах, эрдэм шинжилгээний судалгаанд хамруулдаг нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт болжээ. Австралийн боловсролын салбарт ажиллагсдын тоо 25-64 байгаа нь өндөр хөгжилтэй улсуудын дунд нэлээд залууд тооцогдоно.

Боловсролын тогтолцооны өндөр хөгжил, засгийн газрын баримталж байгаа бодлого, сургалтын чанараасаа хамаарч гадаадын оюутнуудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Австралид ирж байгаа жуулчдын 38 хувь нь суралцах хүсэлтэй хүмүүс байдаг ажээ.

Европын эзлэн түрэмгийллээс шалтгаалан тус улсад Англи-Селтик давамгайлсан өрнийн соёл ихэд дэлгэрсэн байна. Зарим газар нутагт уугуул австраличуудын соёл хадгалагдан үлдсэн нь бий. 20-р зууны дундаас эхлэн Америкийн поп соёл давамгайлсан нь дуу хөгжим, телевиз, театр, кино театр, кино урлагт ихээхэн нөлөөлжээ. Ази-Номхон далайн бүсэд байдгийнхаа хувьд бүс нутгийн онцлог ч тодорхой хэмжээнд шингэсэн гэж үзэж болно.

Эртний сүг зургийн олдцоороо Австрали нь дэлхийд тэргүүлдэг. Одооогоос 60 мянган жилийн тэртээд хамаарах эртний сүг зураг их хэмжээгээр олддог. Хадны сүг зурагт дүрсэлсэн хэлбэр, ур хийц уугуул австраличуудын соёлд ч нөлөөлсөн байх нь бий. 19-р зууны сүүл 20-р зууны эхээр уламжлалт дүрслэх урлагийг, орчин үеийнхтэй нийлүүлж дүрслэх уран гартнуудын тоо их хэмжээгээр нэмэгдсэн байдаг. Энэ нь Австралийн орчин үеийн дүрслэх урлагийг дэлхий нийтийнхээс ондоошуулах, нэгэн онцлогийг бий болгожээ. Үүнээс дэлхийд Артур Стрийтон, Том Робертс, Эмили Кейм Кнгуарейэ нарын нэр цуурайтсан юм.

Австрали улсад 19-р зуунд Хайделбергийн дүрслэх урлагийн сургууль байгуулагдсанаар дүрслэх урлагийн хөгжилт ихээхэн түлхэц үзүүлжээ. Австралийн дүрслэх урлагийн салбарт домог болон яригддаг Маргарет Престон, Сидней Нолан, Артур Бойд нар тус сургуулийг дүүргэсэн байдаг. Дэлхийн II дайны дараа байгалийн дүрслэл дүрслэх урлагт давамгайлах болж, реалист зураачдын эрин эхэлжээ. Үүний тод жишээ нь Фред Уиллиамс, Бретт Вайтли нар юм. Австралийн үндэсний уран зургийн галерей дэлхийд алдартай бөгөөд Австрали уран бүтээлчдийн алдартай, өвөрмөц уран зургаас гадна дэлхийн сонгодог, түүхэн бүтээлүүдийг хадгалж, үзэгчдэд хүргэдгээрээ алдартай. Австралийн уран зургийн галерейг жил бүр 5.5 сая хүн үздэг нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм.

Уугуул австраличууд аман зохиолоороо алдартай байсан. Харин Европын эзлэн түрэмгийлэгчдийн дараа аман зохиолд барууны соёл нэвт шингэх болж нэг талаараа уугуул австраличуудын, нөгөө талаараа барууны соёл сүлэлдсэн өвөрмөц нэгэн төрөл зүйлийг бий болгосон байна. Гэвч уугуул австраличуудын соёлын онцлогоос шалтгаалан бичгийн ямар нэгэн эх сурвалж өнөө цаг үед өвлөгдөөгүй юм.

19-р зууны сүүлээр Австрали даяар Хенри Лосон, Банжо Патерсон нар алдаршиж, тэдний шүлэг, туурвил олныг хуйлруулах болжээ. Ялангуяа Патерсоны “Матилдагийн вальс” нэртэй шүлэг тус улсын албан ёсны бус төрийн дуулал хэмээн хүндлэгддэг юм. Австралийн орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Майлс Франклины нэрэмжит уран зохиолын шагнал нь тус улсын хамгийн нэр хүндтэй шагналын нэг. Тус шагналыг хүртсэн Патрик Вайт нь 1973 онд Утга зохиолын салбарын Нобелийн шагнал хүртсэн билээ. Олон улсын Бүүкер шагналыг тус улсаас Петер Кейри, Томас Кеннили, Ричард Фланаган нар хүртэж байсан юм. Гэвч ямар ч шагнал хүртээгүй хэр нь Давид Малуф, Девид Уиллиамсон нарын жүжгийн зохиол, роман, Лес Марригийн яруу найраг австраличуудын нэгэн бахархал болжээ.

19-р зууны сүүл үеэс эхлэн тус улсад сонгодог урлаг хөгжиж эхэлсэн байдаг. Австралийн засгийн газрын шийдвэрээр 1956 онд Үндэсний дуурийн театр байгуулагдаж, өөрийн гэсэн урын сан бүхий үзүүлбэр үзүүлэх болжээ. Чухам үүнийг нээсний ачаар Австралийн хамгийн алдартай дуурийн дуучин болох Жоан Садерланд төрөн гарчээ. Дэлхийн хамгийн алдартай, нэр хүндтэй дуурийн дуучин гэгдэх Нелли Мелбаг Австралийн сонгодог урлагийн ноён оргил хэмээн хүндэлдэг. Австралийн бүжгэн жүжгийн театр 1962 онд байгуулагдсан бөгөөд хажуудаа мэргэжлийн академитайгаараа онцлог. Европын улсуудыг бодвол сонгодог урлагийн түүх тун нимгэн. Засгийн газрын шийдвэрээр тус улсын муж бүрд дор хаяж нэг театр байх ёстой гэх шийдвэр гаргажээ.

Телевиз, кино урлаг

[засварлах | кодоор засварлах]
Нед Келли гэх дээрэмчний тухай өгүүлэх "Дээрэмчин Келлигийн түүх" кино нь дэлхийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино юм.

Дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино Австралиас гаралтай. “Дээрэмчин Келлийн түүх” нэртэй уг киногоор Австралийн кино урлагийн түүх эхэлжээ. Дэлхийн I дайн гэхэд тус улсад кино үзэгчдийн тоо нэмэгдэж, эрэлт ихэссэн ч Холливудын кино зах зээд давамгайлж байсан юм. Энэ давамгайлал 1960-аад оныг дуустал ер татраагүй билээ. Харин Австралийн засгийн газар кино урлагийг бодлогоор дэмжсэний дүнд 1970 оноос Австралийн кино урлагийн нэн шинэ үе эхэлсэн гэж үздэг. Үүнээс та бүхэн Матар хочит Данди, Галлиполи зэрэг киноноос гадна, их хэмжээний ашиг олсон “Мед Макс” киног сайн мэднэ. Ийнхүү дэмжсэнээс хойш 2015 оны байдлаар Австралийн кино театрт гарч байгаа киноны 7.7 хувийг гадаадын кино эзэлж байна. Австралиас Оскарын шагналт олон арван жүжигчид төрөн гарсан байдаг. Тухайлбал Жефри Рашш, Николь Кидман, Кейт Бланшетт, Хийт Леджэр нарыг нэрлэж болно.

Автсрали нь Австралийн өргөн нэвтрүүлгийн корпораци буюу ABC, Өргөн нэвтрүүлгийн тусгай үйлчилгээ буюу SBS гэсэн хоёр том агентлагтай. Үүнээс гадна арилжааны зориулалттай гурван телевиз, төлбөр төлөх үйлчилгээтэй 30 гаруй компани, ашгийн бус олон арван телевиз, радиогийн станцууд бий.

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухайд Австралийн муж бүр өөрийн гэсэн өдөр тутмын сонинтой байдаг. Үүнээс үндэсний хэмжээнд хүрдэг “Австраличууд”, “Австралийн санхүүгийн зах зээл” гэсэн хоёр сонин бий. Өндөр хөгжилтэй бусад орнуудтай харьцуулахад хэвлэлийн эрх чөлөөгөөрөө харьцангуй доогуур эрэмблэгдсэн нь бий. Хил хязгааргүй сэтгүүлчид олон улсын байгууллагаас тус улсыг хэвлэлийн эрх чөлөөгөөр нь 178 улсаас 18-рт эрэмбэлжээ. Австралид хэвлэл мэдээллээр дагнасан Ньюс Корпораци, Фейрфакс медиа гэсэн хоёр том компани бий.

Австралийн 15-аас дээш настай иргэдийн 24 хувь нь спортын ямар нэгэн төрлөөр идэвхтэй хичээллэдэг гэсэн судалгаа гарчээ. Зөвхөн австраличуудын тоглодог, регбигийн дүрмээс өөр Австралийн үндэсний хөлбөмбөг тус улсад хамгийн их тархсан, хамгийн их үзэгчтэй спортын төрөл ажээ. Австралийн үндэсний хөлбөмбөгийн анхны клуб 1950-иад онд байгуулагдсан гэх мэдээлэл бий. Үндэсний хөлбөмбөгийн спортын дараа регбийн лиг удаах байрыг эзэлдэг. Харин дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг хөлбөмбөгийн спорт үзэгчдийн тоогоор дөрөвдүгээрт бичигддэг ажээ. Сүүлийн үед хөрөнгө оруулагчид Австралийн хөлбөмбөгийн лигт анхаарлаа хандуулан, хөгжүүлэхээр ажиллаж байна. Тус улсын хөлбөмбөгийн зарим клуб Английн хөлбөмбөгийн премьер лигийн зарим багтай нягт хамтран ажилладаг билээ.

Австралид усанд сэлэлт, сөрфинг зэрэг спортын төрөл их түгээмэл бөгөөд алдартай. Хичээллэгсдийн тоо ч өндөр. Үүнээс гадна морин уралдаан, сагсан бөмбөг, автомашины спорт ч алдартай. Морин уралдааны Мельбурны цом, Завин уралдааны Сидней-Хобартын уралдаан олон нийтийн анхааралд байдаг. 2016 онд Австралийн спортын зөвлөл усанд сэлэлт, унадаг дугуй, хөлбөмбөгийг олон нийтийг хамарсан спортоор нэрлэжээ.

Австрали нь орчин үеийн олимпизмийн түүхэнд олимпын наадмыг хоёроос дээш удаа зохион байгуулсан таван улсын нэг юм. Тус улсад 1956 оны Мельбурны олимп, 2000 оны Сиднейн олимп зохион байгуулагдаж байсан билээ. Үндэстнүүдийн холбооны наадам 1938, 1962, 1982, 2006, 2018 онуудад Австралид зохион байгуулагдаж байжээ. Спортын томоохон уралдаан тэмцээн зохион байгуулж байсан туршлага дээрээ үндэслэн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар өрсөлдөж байсан ч хараахан зохиион байгуулах улсаар шалгараагүй байна. Харин хөлбөмбөгийн ДАШТ-д олон удаа амжилттай оролцсоор байгаа юм. Далайн орнуудын хөлбөмбөгийн АШТ-д дөрвөн удаа, Азийн цомд нэг удаа түрүүлж байсан удаатай. Ингэснээр Дэлхийн хөлбөмбөгийн холбооны түүхэнд хоёр өөр бүсээс шалгаран ДАШТ-д оролцож байсан эхний бөгөөд сүүлийн улс нь Австрали болоод байна.

Австралид газрын теннисний Австралийн их дуулга, олон улсын крикетийн тэмцээнүүд, Формула 1-ийн Австралийн гран при зэрэг дэлхийд нэр хүнд бүхий спортын уралдаан тэмцээнүүд зохион байгуулагддаг.

  1. "2021 Census Community Profiles: Australia".
  2. Collins English Dictionary. Bishopbriggs, Glasgow: HarperCollins. 2009. p. 18. ISBN 978-0-00-786171-2.
  3. "Surface water and surface water change". Organisation for Economic Co-operation and Development (OECD). Татаж авсан: 11 October 2020.
  4. "Population clock". Australian Bureau of Statistics website. Commonwealth of Australia. 31 August 2022. Татаж авсан: 31 August 2022. The population estimate shown is automatically calculated daily at 00:00 UTC and is based on data obtained from the population clock on the date shown in the citation.
  5. "National, state and territory population". Australian Bureau of Statistics. 26 September 2022. Татаж авсан: 26 September 2022.
  6. 6.0 6.1 6.2 6.3 "[Estimates provided by the IMF for the year of 2023] Report for Selected Countries and Subjects: April 2023". International Monetary Fund. April 2023.
  7. "Income Distribution Database". stats.oecd.org (Database). Organisation for Economic Co-operation and Development. 16 December 2020. Татаж авсан: 9 May 2021.
  8. "Human Development Report 2021/2022" (PDF) (англи хэлээр). United Nations Development Programme. 8 September 2022. Татаж авсан: 8 September 2022.
  9. Style manual for authors, editors and printers (6th ed.). John Wiley & Sons Australia. 2002. p. 171. ISBN 978-0-7016-3647-0.
  10. Purchas, vol. iv, p. 1422–32, 1625. This appears to be variation of the original Spanish "Austrialia" [sic]. [1] A copy at the Library of Congress can be read online [2]
  11. Sidney J. Baker, The Australian Language, second edition, 1966.
  12. Weekend Australian, 30–31 December 2000, p. 16
  13. Gillespie, R. (2002). Dating the first Australians. Radiocarbon 44:455–72; "Dating the First Australians". Ingenta. Татаж авсан: 2008-03-18.
  14. "Smallpox Through History". Archived from the original on 2009-10-29. Татаж авсан: 2008-10-06.
  15. Tatz, Colin (1999). "Genocide in Australia". AIATSIS Research Discussion Papers No 8. Australian Institute of Aboriginal and Torres Strait Islander Studies. Archived from the original on 2005-08-08. Татаж авсан: 2007-09-13.
  16. "Government to help Kalgoorlie quake victims". Australian Broadcasting Corporation. 20 April 2010. Archived from the original on 6 June 2010. Татаж авсан: 2 June 2010. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (help)


Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "N", but no corresponding <references group="N"/> tag was found