Berkshire Hathaway

Бэркшэр Хэтэвэй буюу Berkshire Hathaway Inc. (/ˈbɜːrkʃər/) - АНУ-ын Небраска мужийн Омаха хотод төвтэй Америкийн олон улсын конгломерат холдинг компани юм. Анх нэхмэлийн үйлдвэрлэл эрхэлж байсан тус компани 1965 онд дарга бөгөөд гүйцэтгэх захирал Уоррен Баффет (1970-2025 он) болон дэд дарга Чарли Мангер (1978-2023 он) нарын удирдлага дор конгломерат болж өөрчлөгдсөн. Грег Абел 2026 оны эхээр Баффетийн оронд гүйцэтгэх захирлаар томилогдсон. Баффет нь Berkshire Hathaway-ийн А ангиллын санал өгөх хувьцааны 38.4%-ийг хувьдаа эзэмшдэг бөгөөд энэ нь компанийн нийт эдийн засгийн 15.1%-ийг эзэлдэг байна.
Тус компанийг ихэвчлэн хөрөнгө оруулалтын сантай харьцуулдаг юм. У.Баффет компанийн хяналтыг авсан 1965 оноос 2023 он хүртэл компанийн хувьцаа эзэмшигчдийн өгөөж нь жилийн нийлмэл өсөлтийн хурд 19.8% байсан бол S&P 500 индексийн 10.2% CAGR байв. 1965-2023 онуудад хувьцааны ханш ердөө арван нэгэн жилийн хугацаанд сөрөг үзүүлэлттэй байсан. 2024 оны 8-р сард Berkshire Hathaway компани нь АНУ-ын 8 дахь том олон нийтийн компани болсон бөгөөд 1 их наяд ам.доллараас дээш үнэлгээтэй анхны технологийн бус компани болжээ.
Berkshire Hathaway нь Fortune 500 жагсаалтын 5-р байранд, Fortune Global 500 жагсаалтын 9-р байранд жагсдаг юм. Barron's-ийн 2000, 2010-аад оны судалгаагаар Berkshire нь мэргэжлийн хөрөнгө оруулагчдын "Хамгийн хүндэт" компаниудын тоонд багтсан. Berkshire нь S&P 500 индексийн хамгийн том 10 бүрэлдэхүүн хэсгийн нэг бөгөөд АНУ-ын хамгийн том ажил олгогчдын жагсаалтад багтдаг байна. Төлөөлөн удирдах зөвлөл хувьцаа хуваахыг эсэргүүцэж ирсэн тул А ангиллын хувьцаа нь дэлхийн бусад олон нийтийн компанийн нэгж хувьцааны хамгийн өндөр үнэтэй бөгөөд 2024 оны 8-р сард 700,000 ам.долларт хүрсэн байна.
Засаглал
[засварлах | кодоор засварлах]Berkshire Hathaway компаний захирлуудын зөвлөлийн одоогийн гишүүд нь -Уоррен Баффет (дарга), Грег Абел (даатгалын бус бизнесийн үйл ажиллагаа хариуцсан дэд дарга), Ажит Жайн (даатгалын үйл ажиллагаа хариуцсан дэд дарга), Крис Дэвис, Сюзан Алис Баффет (У.Баффетийн охин), Ховард Грэм Баффет (У.Баффетийн хүү), Рональд Олсон, Кеннет Ченолт, Стив Бурк, Сюзан Декер, Мерил Витмер, Шарлотт Гайман, залуу Эстебан Родригез нар юм.