Jump to content

Der Rosenkavalier (Дуурь)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Robert Sterl Schuch “Сарнайн баатар” дуурийг удирдаж байна

Der Rosenkavalier (“Сарнайн баатар”), Op. 59 нь Рихард Штрауссын зохиосон, Хуго фон Хофмансталь бичсэн герман эх зохиолтой, 3 бүлэгтэй хошин дуурь юм.

Энэ дуурь нь Луве де Куврэйн Les amours du chevalier de Faublas роман болон Мольерийн Monsieur de Pourceaugnac инээдмийн жүжгээс сэдэвлэн зохиогдсон.

Анх 1911 оны 1-р сарын 26-нд Дрезден хотын Хааны дуурийн театрт Макс Райнхардтын найруулгаар, Эрнст фон Шухын удирдлага дор анх тоглогдсон. Нээлтийн өмнө ажлын нэр нь Ochs auf Lerchenau байсан. (“Ochs” гэдэг нь “үхэр” гэсэн утгатай бөгөөд Бароны зан авирыг илэрхийлсэн нэр юм.)

Дуурийн гол дөрвөн дүр нь: язгууртан Маршаллин; түүний 17 настай амраг Октавиан Рофрано; түүний бүдүүлэг үеэл Барон Окс; мөн Оксын сүйт бүсгүй болох, баян хөрөнгөтний охин Софи фон Фаниналь юм.

Маршаллин Октавианд Барон Оксын “сарнайн баатар” болж, Софид ёслолын мөнгөн сарнай гардуулахыг санал болгодог. Гэвч Октавиан, Софи хоёр уулзсан даруйдаа бие биедээ дурладаг. Үүний дараа тэд Маршаллины тусламжтайгаар Софи-г сүйт залуугаас нь салгахын тулд инээдтэй арга сэдэж, эцэст нь Маршаллин Октавианыг Софид үлдээдэг.