Financial Times

Financial Times (FT; монгол хэлээр «Файненшл таймс» гэж унших бөгөөд "Санхүүгийн цаг" гэж хөрвүүлнэ) — Британийн өдөр тутмын, өргөн хуудсан дээр хэвлэгддэг сонин бөгөөд бизнес, эдийн засгийн цаг үеийн асуудалд анхаарлаа хандуулдаг. Мөн дижитал хэлбэрээр хэвлэгддэг. Лондонд төвтэй тус сонин нь Их Британи, АНУ болон тив Европ даяар үндсэн редакцуудтай. Тус сонин Японы "Nikkei" холдингийн эзэмшилд байдаг юм.
Пирсон хэвлэлийн газар "Pearson PLC" 1957 оноос хойш сониныг эзэмшиж байгаад 2015 оны 7-р сард Японы Nikkei" холдингод 844 сая фунт стерлингээр (1.32 тэрбум ам. доллар) худалдсан.
Тус сонин 1 сая төлбөртэй захиалагчидтай бөгөөд тэдний 3/4 нь цахим захиалагчид байдаг гэж 2019 онд мэдэгдсэн байна. 2023 онд 1.3 сая захиалагчтай болсон бөгөөд үүний 1.2 сая нь дижитал байсан гэж мэдэгдсэн. Тус сонин нь ерөнхий сурвалжилга гэхээсээ илүү санхүүгийн сэтгүүл зүй, эдийн засгийн дүн шинжилгээнд ихээхэн анхаарал хандуулж, шүүмжлэл, сайшаалыг хоёуланг нь хүлээдэг байна. Жил бүрийн номын шагналыг ивээн тэтгэж, "Оны хүн" (англи. Person of the Year)-ий бичсэн нийтлэлийг хэвлэж ирсэн байна.
Тус сонин нь 1888 оны 1-р сард "Лондоны санхүүгийн гарын авлага" буюу London Financial Guide нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд сарын дараа "Financial Times" гэж нэрээ шинэчилсэн юм. Уг сониныг Лондон хотод анх Жеймс Шеридан (англи. James Sheridan) түгээж байсан бөгөөд тэрээр өөрийн дүү Хоратио Боттомлитай хамт "Financial News"-тэй өрсөлдөн хотын амьдралыг сурвалжлахыг эрмэлздэг байв. Ах дүү Берри Лорд Камроуз, Гомер Берри (дараа нь Лорд Кемсли) нар 1919 онд Financial Times сониныг худалдаж авчээ. 1945 онд Брендан Браккен (англи. Brendan Bracken) лорд Камроузаас Financial Times сониныг худалдан авч, 57 жилийн турш өрсөлдсөний эцэст түүнийг Financial News-тэй нэгтгэж, зургаан нүүртэй нэг сонин байгуулж чадсан түүхтэй юм.