Jump to content

III Борис

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
III Борис, 1918 он.

III Борис (1894 оны 1-р сарын 30-нд төрсөн - 1943 оны 8-р сарын 28-нд нас барсан) Саксен-Кобург Гот угсааны 1918-1943 онд Болгарын царь буюу хаан байсан. Тэрээр Германы адмирал цолтой (1916). Тэрээр маш алдартай хаан байсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны үеийн Балканы хойг дахь үйл явдлын гол хүн юм. Тэрээр дэлхийн нэгдүгээр дайнд Германы талд орсон Болгар ялагдаж, эцгийгээ хаан ширээнээс буусны дараа 24 настайдаа хаан ширээнд суусан юм.

1934 оны 5-р сарын 19-ний Болгарт болсон төрийн эргэлт, 1935 оны 1-р сарын 21-22-ны сөрөг эргэлтийн дараа Борис хааны хувийн эрх мэдлийн дэглэм тогтоож байжээ.

1899 оны 1-р сарын 31-нд Борисын эх хоёр дахь охин Надежда төрсний дараа нас баржээ. Түүнийг эцгийн талын эмэг эх Францын хаан Луи-Филиппийн охин Орлеаны гүнж Клементин өсгөж хүмүүжүүлж байв. Эмэг эх нь 1907 оны 2-р сарын 16-нд нас барсны дараа эцэг нь хунтайжийн боловсролыг хариуцах болсон. Эцэг нь багш нарыг өөрийн биеэр сонгож, аль болох хатуу чанга байхыг захисан гэдэг.

1906 оны 1-р сард Цэргийн академид дэслэгч цолтой элсэн ороод 1912 онд ахмад цолтой төгссөн байна.

1908 оны 9-р сарын 22-нд түүний эцэг I Фердинанд хаан ширээнд сууж, улс орноо бүрэн тусгаар тогтносоноо зарлав.

1911 оноос эхлэн удамшлын ханхүү Борис гадаадад айлчилж эхэлсэн бөгөөд эцгийнхээ нөлөөнөөс аажмаар гарч олон улсад танигдаж эхлэв. Тэр жилдээ тэрээр Лондонд болсон V Жоржийн хаан ширээнд залах ёслол болон Турин хотод болсон Португалийн хатан хаан асан Мария Пиаг оршуулах ёслолд оролцож, төрийн тэргүүнүүд болон хааны гэр бүлийн гишүүдийн хүрээнд орсон байна. 1911 оны 9-р сарын 1-нд Борис өөрийн загалмайлсан эцэг Оросын II Николай хааныд айлчлах үеэрээ Ерөнхий сайд Петр Столыпины аллагын гэрч болж байжээ.

1912 оны 1-р сард Борис насанд хүрсэн. Өмнө нь тэрээр өөрийгөө Христийн шашны хоёр салбар болох Үнэн алдартны ба Католик шашны дагалдагч гэж үздэг байсан ч дараа нь зөвхөн Үнэн алдартны шашныг хүлээн зөвшөөрсөн юм. 9 сарын дараа Балканы нэгдүгээр дайн эхэлж, Серб, Грек, Монтенегро, Болгарууд Македоныг чөлөөлөхийн тулд Османы эзэнт гүрний эсрэг нэгдсэн юм. Борис армийн штабын холбоочоор дайнд оролцож, ихэвчлэн фронтын тэргүүн эгнээнд очиж байсан юм. Хэдийгээр энэ дайнд ялсан ч Болгар болон түүний холбоотнууд ялалтын үр шимийг хувааж авч чадаагүй юм. Дараа нь Болгар улс хуучин холбоотон орнууд руугаа довтлож, Македоныг хуваахын тулд 1913 онд Балканы хоёрдугаар дайныг эхлүүлэв. Борис энэ үещэр дахин идэвхтэй алба хаажээ.

Балканы хоёрдугаар дайны үеэр Болгар улс хөршүүддээ томоохон газар нутгаа өгч, нөхөн төлбөр төлөхөөс өөр аргагүй болсон. Мөн дэлхийн нэгдүгээр дайнд Нейлийн гэрээний үр дүнд Эгейн тэнгист нэвтрэх эрхээ алдаж, ялагчдад ихээхэн хэмжээний нөхөн төлбөр төлөхөөс өөр аргагүй болсон юм.

III Борис Берлин хотод. 1929 он.

Хүн ам дургүйцэж, ялсан орнууд Фердинандыг хаан ширээнээс огцрохыг шаарджээ. Тэрээр ард түмний хүслийг биелүүлж, хүүгийнхээ төлөө хаан ширээнээс татгалзаж, үлдсэн гурван хүүхдийн хамт төрөлх Кобург хот руугаа цөллөгт явав. 1918 оны 10-р сарын 3-нд ийм нөхцөл байдалд хунтайж Борис нь "III Борис" нэрээр Болгарын хаан ширээнд суужээ.

1934 оны 5-р сарын 19-нд цэргийн эргэлт болж, дараа нь 1935 оны 1-р сарын 21-22-нд сөрөг эргэлт гарч Борис хаан бүрэн дарангуйлалаа тогтоосон. Эхэндээ тэрээр Германыг дэмжигч сайд нараа Адольф Хитлертэй ойртуулж, Болгарыг Германы дагуул мужуудад нэгтгэхийг эсэргүүцээгүй юм.

1938 онд тэрээр Хитлерийг "тайвшруулах" бодлогыг дэмжигчдийн нэг байсан. 1938 оны Мюнхений хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө тэрээр Чехословакийг задлах талаар байр сууриа тодорхойлсон Чемберленд илгээсэн хувийн захидалдаа: "Чехословак улсыг аварч, Европ дахь энх тайвныг хамгаалахын тулд Судецийг золиослох ёстой" гэж байжээ.

Гэсэн хэдий ч хүн амын нэлээд хэсэг нь Оросыг дэмжигч үзэл санааг харгалзан үзэж, эв найрамдалтай байсан тул Дэлхийн 2-р дайны үед ЗХУ-д дайн зарлаагүй бөгөөд Болгар цэргүүдийг Зүүн фронт руу илгээгээгүй байна. Германы цэргүүд Болгарт зөвхөн эзлэгдсэн Грек рүү чиглэсэн төмөр замын дагуу байрлаж байсан. III Борис хаан 1943 оны 8-р сарын 28-нд Зүүн Пруссид А.Хитлертэй уулзаад Софи хот руугаа буцаж ирээд хэд хоногийн дараа гэнэт нас барав. Албан ёсны мэдээгээр түүнийг зүрхний шигдээсээр нас барсан гэдэг.

Борисыг дараа нь Болгарын Ерөнхий сайд (2001-2005) болсон зургаан настай хүү II Симеон хаан ширээг нь залгамжилсан байна.