I Вильхельм
I Вильхельм (герман. Wilhelm I. Friedrich Ludwig; 1797 оны 3-р сарын 22-нд Берлинд төрж, 1888 оны 3-р сарын 9-нд Берлинд нас барсан) нь 1871 оны 1-р сарын 18-аас 10-р сарын 18-ны хооронд Германы эзэнт гүрний эзэн хаан (Кайзер) байсан бөгөөд 1861 оны 1-р сарын 2-ноос Пруссийн хаан байсан. Нэгдсэн Герман улсын анхны эзэн хаан.
III Фридрих Вильхельмийн хоёр дахь хүү Вильхельм хаан ширээг залгамжлагч гэж тооцогддоггүй байсан тул түүний боловсролд анхаардаггүй байжээ. Вильхельм өөрийгөө цэргийн карьерт зориулжээ: 1814 оноос армид алба хааж, Наполеоны эсрэг тулалдаанд оролцсоныхоо төлөө "Төмөр загалмай" одон хүртсэн байна. Ханхүү мөн 1815 оноос хойш дипломат төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж маш сайн дипломат ур чадвараа харуулсан юм.
Парисыг эзлэн авах үед Вильхельм хошууч цол хүртэж, 1817 онд харуулын батальоны командлагчаар, 1818 онд хошууч генерал цол хүртэж, харуулын бригадын командлагчаар, 1820 онд харуулын дивизийн даргаар, 1824 онд цэргийн командлагчаар томилогдож байсан юм. Үүний зэрэгцээ тэрээр морин цэрэг, явган цэргийн дүрмийг шинэчлэх комиссын дарга болж байжээ.
1840 онд эцгээ нас барахад дүү IV Фридрих Вильхельм хүүхэдгүй байсны улмаас Вильхельм хаан ширээг залгамжлагчийн хувьд Пруссийн хунтайж цол авч, явган цэргийн жанжин болж, Сайд нарын зөвлөл, Төрийн зөвлөлийн даргаар томилогдсон байна.
Франц-Пруссын дайны дараа 1871 оны 1-р сарын 18-нд Вильхельмийг Францад, XIV Луи хааны Версалийн ордонд Германы эзэн хаан хэмээн тунхаглан зарлав. Үүний дараа Хойд Германы Холбоо (1867–1871) Германы эзэнт гүрэн болж өөрчлөгдсөн (герман. Deutsches Reich, 1871–1918).
Германы эзэнт гүрэн холбоо байсан; Эзэн хаан нь холбооны хаадын (Бавари, Вюртемберг, Саксонийн хаад, Баден, Гессегийн агуу герцог г.м., Гамбург, Бремен зэрэг чөлөөт хотуудын сенатууд гэх мэт) төрийн тэргүүн, ерөнхийлөгч байв. Вильхельм Германы эзэн хаан гэж нэрлэгдэхийг илүүд үздэг байсан боловч энэ цол нь холбооны хаадад таалагдахгүй байжээ.
Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Кайзер Вильхельм ард иргэдийн дунд "хуучин Прусс"-ийн дүр төрхийг агуулж маш их нэр хүндтэй байсан.
Отто фон Бисмарк дурсамж номдоо Вильхельмийг хуучинсаг, эелдэг ноёнтон зантай, жинхэнэ прусс офицер байсан, эрүүл саруул ухаан сайтай, гэхдээ "эмэгтэйчүүдийн нөлөөнд" өртөмтгий гэж тодорхойлсон байдаг.