I Ибрахим

I Ибрахим (осман. ابراهيم اول / İbrâhîm-i evvel, тур. Birinci İbrahim; 1615 оны 11-р сарын 4-нд Стамбулд төрсөн — 1648 оны 8-р сарын 12-нд Стамбулд нас барсан) — Османы эзэнт улсын 18 дахь султан (1640—1648), IV Мехмед, II Сулейман болон II Ахмед нарын эцэг юм.
Тэрээр "Галзуу" (дели) хэмээх хочтой байсан бөгөөд I Ахмед, Көсэм Султан хатан нарын хүү байв. Түүний хаанчлалын үед Азовын тэнгисийг казакуудаас дахин булаан авч, Турк-Венецийн дайн (1645-1669) эхэлсэн юм. Эхтэйгээ болон бүх хүнийг өөрийн эсрэг болгож чадсан түүнийг төрийн эргэлтээр түлхэн унагаж, удалгүй алагдсан байна. Үүнээс хойш түүний 3 хүү султан болсон түүхтэй.
Ибрахимын эцэг нь Султан I Ахмед, эх нь түүний хайртай эзэгтэй Көсэм Султан хатан байв. Ибрахим ууган хүү биш байсан ч 1618 онд II Османыг хаан ширээнд залах үеэр бага хүүхэд байсан, тэгээд ч II Осман өөрийн өв залгамжлагчгүй байсан юм. Харин IV Мурад дүүгээ өвчтэй байсан учраас аюулгүй гэж тооцож байжээ. Гэсэн хэдий ч Шехзаде Ибрахим хаан ширээнд суухаасаа өмнө амьдралынхаа ихэнх хугацааг бараг л шоронд, харуул хамгаалалтад өнгөрөөж, сүүлийн 4 жилийг ордны дэргэд хатуу хяналтад өнгөрөөж, түүнд хэлгүй, дүлий тайган нар үйлчилдэг байжээ.