I Мануэл

I Мануэл "Аз жаргалтай" (порт. Manuel I o Venturoso; 1469 оны 5-р сарын 31-нд Лиссабонд төрсөн - 1521 оны 12-р сарын 13-нд Лиссабонд нас барсан) — 1495 оны 10-р сарын 25-наас нас бартлаа төр барьсан, Ависс угсааны Португалийн 5 дахь хаан.
Мануэл өмнөх үеийнхнийхээ Португалийн ноёрхлыг тэлэх бодлогыг үргэлжлүүлсэн. Түүний хаанчлал нь газар зүйн нээлтийн эрин үеэр тэмдэглэгдэн үлдсэн юм. Түүний засаглалын үед Васко да Гама 1498 онд Энэтхэгийн эрэгт хүрч, Педро Алвареш Кабрал Бразилыг нээж, Франциско де Алмейда Энэтхэгийн анхны дэд хаан болж (1505), генерал Афонсо де Албукерке Персийн буланд анхны колониудыг байгуулжээ. Энэ үе нь Португалын хүч чадлын оргил үе, далайн эзэнт улс болж цэцэглэн хөгжсөн үе гэгддэг.
Түүний эрх мэдлийн эрин үе нь хүн төрөлхтний туулж байсан хамгийн чухал соёл, улс төр, эдийн засаг, шашин шүтлэг, нийгэм, шинжлэх ухааны хувьсгалуудын гэрч болсон юм. I Мануэлийн бодлого нь соёлын хөгжилд гүн гүнзгий анхаарч идэвхтэй дэмжиж байв. Тэрээр ерөнхий боловсролын салбарыг шинэчилж, шинэ сургалтын хөтөлбөр боловсруулсан. Португалчуудын хийсэн шинжлэх ухааны нээлтүүд нь Европын урлаг, шинжлэх ухаан, философийн бүтээлч байдлын сэдэв, асуулт, сорилт болсон юм. Ийнхүү I Мануэл хааны хаанчлал нь Португалийн Сэргэн мандалтын нэг хэсэг бөгөөд эрчимтэй бүтээлч байдал, инновацийн үе гэж үздэг юм.
I Мануэл 1521 онд тахлаас болж нас барсны дараа түүний Арагоны Мариагаас төрсөн хүү III Жуан хаан ширээг залгамжилжээ.