I Мехмед

I Мехмед Челеби (осман. محمد اول / Mehmed-i evvel, тур. Birinci Mehmet, Çelebi Mehmet; 1386/87 онд төрсөн — 1421 оны 5-р сарын 26-нд нас барсан) — 1413-1421 онуудад Османы султан байсан. I Баязид султаны хүү нарын нэг. Эцгийгээ нас барсны дараа тэрээр ах, дүү нартайгаа хийсэн эрх мэдлийн төлөөх тэмцэлд ялж, бараг балгас болсон эзэнт гүрнийг сэргээж өөрийн болгож чаджээ.
Тэрээр Доголон Төмөрийн довтолгооны дараа тусгаар тогтноод байсан газар нутгийг эргүүлэн нэгтгэн авсан байна. Тухайн үеийн хүмүүс түүнийг шударга, эелдэг зөөлөн, амар амгаланг эрхэмлэгч, боловсролтой удирдагч гэж тодорхойлдог байв. I Мехмед лалын бус шашинтнуудад хүлээцтэй хандаж, худалдааг хөгжүүлэхийг эрмэлзэж, барилга байгууламж барьж, уран зохиол, ялангуяа яруу найргийг ивээн тэтгэдэг байсан гэдэг.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Мехмед 1386 эсвэл 1387 онд төрсөн гэдэг. Түүний эцэг нь султан I Баязид, эх нь султаны татвар эм Девлет хатан байв. Тэрээр эцэг нэгт ах нарынхаа нэгэн адил "эзэн" гэсэн утгатай "Челеби" цолыг эзэмшдэг байжээ. Тэр эцэг нэгт 6 ах, дүү нартай байсан.
Түүний эцэг Османы султан I Баязид 1402 оны зун Анкара орчим тулаанд Доголон Төмөрт ялагдаж олзлогдсон бөгөөд Османы эзэнт улс задран унасан байна. Улмаар султан эцэг Баязид хорионд байхдаа 1403 онд нас барсны дараа түүний 3 хүү нар хуучин эзэнт гүрний үлдэгдэл хэлтэрхийг хувааж авчээ.
I Мехмед 1404 оноос 1413 оны хооронд задран бутарсан Османы газар нутгийг нэгтгэж нэг султаны удирдлага дор оруулсан байна.
Түүний хаанчлал ердөө 8 жил үргэлжилсэн боловч тэрээр эцгийг нь олзолж авснаас хойш ах Муса Челебиг эцсийн ялалтад хүргэх хүртэл бараг 11 жил үргэлжилсэн Османы хаанчлалын үеэр эзэнт гүрний ихэнх хэсгийг бодитоор захирч байжээ.
I Мехмед 1421 оны 5-р сарын 26-нд нас барж Бурса хотод, Ногоон сүмийн ойролцоох бунханд оршуулсан байна.