Mitsubishi Motors

Mitsubishi Motors Corporation (Япон: 三菱自動車工業株式会社, Mitsubishi Jidosha Kōgyō Kabushikigaisha, товч. MMC) нь Японы автомашин үйлдвэрлэгч бөгөөд Mitsubishi Group (Япон дахь хамгийн том аж үйлдвэрлэлийн групп гэгддэг)-ийн нэг хэсэг юм. Токио хотод төвтэй Мицүбиши Моторс нь 1970 онд Mitsubishi Heavy Industries компанийн салбар болж үүсгэн байгуулагдсан. Өдгөө Renault-Nissan-Mitsubishi холбооны нэг хэсэг юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]
Мицүбишигийн автомашин үйлдвэрлэлийн түүх нь 1917 онд Ивасаки Ятарогийн "Mitsubishi Shipbuilding" компани Японы анхны олноор үйлдвэрлэсэн "Mitsubishi Model A" загварыг бүтээсэн үеэс эхлэлтэй. Эрэлт бага, Америк, Европын хямд машинуудтай өрсөлдөх чадваргүй (ердөө 22 ширхэг үйлдвэрлэгдсэн) зэргээс шалтгаалан үйлдвэрлэл нь 1921 онд зогссон. 1918 онд анхны ачааны машин болох туршилтын Т1 загварыг бүтээжээ. 1920-иод оны дунд үед Мицүбиши "Fuso" брэндийн дор ачааны машин, автобус үйлдвэрлэж эхэлсэн (1932 оноос).

1934 онд Mitsubishi Shipbuilding нь Mitsubishi Aircraft-тай нэгдэж "Mitsubishi Heavy Industries" компани байгуулж Японы хамгийн том хувийн компани болж, онгоц, хөлөг онгоц, төмөр замын вагон, машин механизм үйлдвэрлэдэг болсон. 1930-аад онд тус компани автомашины салбарт хэд хэдэн шинэ загварыг нэвтрүүлсэн бөгөөд тэдгээрийн ихэнхийг Японд анх удаа ашигласан бөгөөд эдгээр нь PX33 бүх дугуйгаар хөтөлдөг суудлын автомашины туршилтын загвар, BD46 болон BD43 дизель автобус, SHT6 камертай дизель хөдөлгүүр, TD45 дизель хөдөлгүүртэй ачааны машин зэрэг юм.
1946 онд Mitsubishi холдинг компани нь 44 бие даасан компаниудад хуваагдсан юм. Дайны дараах жилүүдэд тус концерн нь скутер, автобус, ачааны машин, пикап ачааны машин үйлдвэрлэж байсан бөгөөд тэдгээрийн олонх нь гурван дугуйтай байв.

1950-иад онд Mitsubishi бүрэн хэмжээний суудлын автомашин үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд удалгүй Европ руу экспортлох болсон. 1960-аад онд хожим алдартай гэр бүлийн өмнөх загварууд болох Colt, Galant загварууд гарч ирсэн. Хожим нь Lancer, Pajero, Delica зэрэг загварууд нэмэгдсэн. 1992 он гэхэд Mitsubishi автомашинууд Японы хүн амын эзэмшлийн бүх автомашины 10%-ийг эзэлж (Toyota, Nissan-ы дараа) 3-рт орж байв.
1970 оны 4-р сард Mitsubishi Heavy Industries компаниас автомашин үйлдвэрлэлийн хэсэг нь тусдаа гарч Mitsubishi Motors Corporation (MMC) нь охин компани болж байгуулагдсан. 1971 онд Америкийн Chrysler Corporation компани 15%-ийн хувьцааг эзэмшиж, АНУ-д Mitsubishi автомашин зарж эхэлсэн. Mitsubishi Motors-ийн автомашины үйлдвэрлэл хурдацтай өсөж, 1971 онд 260,000 байсан бол 1973 онд 500,000, 10 жилийн дараа бараг 1 сая болжээ. 1980 онд Австралид салбар нээгдсэн. 1983 онд Өмнөд Солонгосын Hyundai Motor компанитай түншлэл тогтоосон.
2016 оны 5-р сарын 12-нд Японы өөр нэг үйлдвэрлэгч Ниссан компани Мицүбиши Моторс корпорацын 34%-ийн хувьцааг худалдаж авсан.
2024 оны 7-р сард Мицүбиши Моторс болон Ниссан компаниуд Хонда компанитай хамтран цахилгаан тээврийн хэрэгслийн шинэ загваруудыг хамтран хөгжүүлэхээр болсноо зарласан байна.