Science (сэтгүүл)
Science бол Америкийн Шинжлэх ухааны Дэвшлийн Холбооны (AAAS) хянан магадлалтай академик сэтгүүл бөгөөд дэлхийн тэргүүлэх шинжлэх ухааны сэтгүүлүүдийн нэг юм. 1880 онд анх хэвлэгдсэн бөгөөд долоо хоног тутам гардаг. Ойролцоогоор 130,000 захиалагчтай бөгөөд онлайн хандалтаар нийт уншигчдын тоо 400,000 давдаг. Тус сэтгүүл нь АНУ-ын Вашингтон хотод төвтэй, Их Британийн Кембриж хотод хоёр дахь салбартай.
Агуулга
[засварлах | кодоор засварлах]Энэхүү сэтгүүлийн гол анхаарал нь шинжлэх ухааны судалгаа болон судалгааны тоймыг нийтлэхэд оршдог ч Science шинжлэх ухаантай холбоотой мэдээ, шинжлэх ухааны бодлого болон бусад шинжлэх ухаан, технологийн хүрээний асуудалдын сонирхолтой зүйлсийг ч мөн нийтэлдэг. Ихэнх шинжлэх ухааны сэтгүүлүүд нэг тодорхой салбарт төвлөрдөг бол Science болон түүний өрсөлдөгч Nature бүх шинжлэх ухааны салбарыг хамардаг. Journal Citation Reports-ын мэдээллээр Science-ийн 2023 оны нөлөөллийн хүчин зүйл 44.7 байсан.

Арга зүйн чанар, найдвартай байдлын судалгаагаар нэр хүндтэй сэтгүүлүүдийн дунд Science зэрэг сэтгүүлүүд "стандартын бус нийтлэлүүдийг нийтэлдэг" бөгөөд "Хэд хэдэн чиглэлээр хэвлэгдсэн судалгааны ажлын найдвартай байдал сэтгүүлийн зэрэглэл нэмэгдэх тусам буурч магадгүй".
Science нь AAAS-ийн сэтгүүл боловч тэнд гишүүн байх шаардлагагүй бөгөөд нийтлэлүүдийг дэлхийн өнцөг бүрээс хүлээж авдаг. Science сэтгүүлд нийтлэл нийтлэх өрсөлдөөн маш өндөр бөгөөд карьер ахих боломжийг олгодог. Илгээгдсэн нийтлэлүүдийн ердөө 7%-аас бага нь хүлээн авагддаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Science сэтгүүлийг анх 1880 онд Нью-Йорк хотын сэтгүүлч Жон Майклс үүсгэн байгуулсан бөгөөд санхүүжилтийг Томас Эдисон, дараа нь Александр Грэм Белл гаргаж байжээ. Гэвч захиалагч цөөн байсан тул 1882 онд түр зогссон. Үүний дараа Белл ба хадам эцэг нь сэтгүүлийн эрхийг худалдан авч, залуу шавж судлаач Самуэл Скуддерийг ажилд аван сэтгүүлийг дахин сэргээв. Тэд Америкийн шинжлэх ухааны нийгэмлэгүүдийн хуралдааныг сурвалжилснаар амжилтад хүрсэн ч 1894 он гэхэд санхүүгийн бэрхшээлд орж, сэтгүүлийг 500 доллараар сэтгэл судлаач Жэймс МакКийн Кэттеллд заржээ.
1900 онд Кэттелл, AAAS-ын нарийн бичиг Лиланд Ховард нарын хэлэлцээрээр Science нь AAAS-ын албан ёсны сэтгүүл болсон. 20-р зууны эхэн үед Альберт Эйнштейн (таталцлын линз), Томас Морган (жимсний ялаа), Эдвин Хаббл (спираль мананцар) зэрэг нэрт эрдэмтдийн нийтлэлүүд хэвлэгджээ.
1944 онд Кэттелл нас барсны дараа редакцийн тогтмол удирдлагагүй байсан ч 1956 онд Грэм ДюШейн ерөнхий редактор болж, 1958 онд The Scientific Monthly сэтгүүлийг нэгтгэн, уншигчдын тоог 62%-иар нэмэгдүүлжээ. 1962–1984 онд физикч Филип Абелсон редактороор ажиллаж, нийтлэлийн үйл явц, чанарыг сайжруулсан. Энэ үед Аполло хөтөлбөр, ХДХВ/ДОХ-ын анхны судалгаанууд нийтлэгдсэн.
1985–1995 онд биохимич Даниэл Кошланд, 1995–2000 онд мэдрэлийн судлаач Флойд Блум, 2000–2008 онд биологич Дональд Кеннеди, 2008–2013 онд биохимич Брюс Альбертс, 2013–2016 онд геофизикч Марша Макнат нар редактороор ажилласан. Макнатын үед Science Robotics, Science Immunology, мөн Science Advances гэх нээлттэй хандалттай шинэ салбар сэтгүүлүүд нээгдсэн. 2016 онд Жереми Берг, 2019 онд Холдэн Торп ерөнхий редактор болсон.
2001 онд Хүний геномын төсөл болон Celera Genomics-ын үр дүнг тус сэтгүүл болон Nature зэрэгцүүлэн нийтэлсэн. 2007 онд Science ба Nature хамтдаа Астуриагийн гүнжийн шагнал хүртсэн. 2015 онд Science сэтгүүлийн олон улсын хамтын бүтээлийн түвшин 60%-д хүрсэн нь 1992 оны 20%-аас эрс өссөн гэж AAAS-ын захирал Раш Холт мэдэгдсэн.
Нэвтрэх боломж
[засварлах | кодоор засварлах]Science сэтгүүлийн хамгийн сүүлийн дугааруудыг зөвхөн захиалагчид, AAAS-ийн гишүүд, эсвэл захиалгатай байгууллагын IP хаягаар нэвтрэн уншиж болно. Сурагч, багш зэрэг тодорхой бүлгүүд хямд үнээр захиалах боломжтой. 1997 оноос хойш хэвлэгдсэн судалгааны өгүүллүүд нэг жилийн дараа үнэ төлбөргүй (бүртгүүлээд) үзэх боломжтой. Нийтийн эрүүл мэндтэй холбоотой зарим нийтлэлүүд шууд нээлттэй байдаг. Мөн хөгжиж буй орнуудын уншигчдад зориулсан үнэ төлбөргүй хандалтын хөтөлбөрүүдэд оролцдог.