Богд хаан

(VIII Богд Жавзандамба-с чиглүүлэгдэв)
Уулын тухай Богд хан уул өгүүллээс үзнэ үү.
Богд хаан
8-р Жавзандамба хутагт
ӨмнөхАгваанчойжинванчүгпэрэнлэйжамц
ДараахЖамбалнамдолчойжижалцан
Монголын хаан
Албан тушаал хашсан
1911 оны 12 сарын 29–1924 оны 5 сарын 20
ӨмнөхСандо (Ар Монголын Амбанаар)
ДараахНаваандоржийн Жадамбаа (Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн тэргүүнээр)
Хувийн мэдээлэл
Төрсөн
Агваанлувсанчойжинямданзанванчүг

1869 (Загвар:Four digit) он
Лхас, Чин Хятад
Нас барсан5 сарын 20, 1924 (54–55 насалсан)
Нийслэл хүрээ, Богд Хаант Монгол Улс
Эхнэр, НөхөрЦэндийн Дондогдулам
Гэнэнпил
ХүүхэдЛувсанжамбын Мөрдорж (үрчлэгдсэн)

Богд Жавзандамба Агваанлувсанчойжинямданзанванчүг (* 1869 онд Лхаст; † 1924 оны 5 сарын 20-нд Нийслэл хүрээнд) нь 8-р Богд, Олноо Өргөгдсөн Монгол Улсын шашин, төрийн тэргүүн байсан, манай "ХХ зууны манлай шашны зүтгэлтэн". 1911 оны 12 сарын 29 Монгол Манж гүрнээс салж тусгаар тогтнолоо зарласны дараа 8-р Богд Жавзандамба Хутагтыг Монголын эзэн хаанаар өргөмжилсөн. Хутагтын дээр зөвхөн Далай лам болон Бодисадва оршино. Тэрээр Монгол дахь Төвөдийн Буддын шашны шарын урсгалын тэргүүн юм. Түүний эхнэр Шаравын Дондогдулам нь Төвөдийн Буддын шашны шарын урсгалын сүсэгтнүүдийн хувьд "Эх дагина"-ы хойд дүр гэж тооцогддог байсан.

Амьдрал[засварлах | кодоор засварлах]

Залуу богд хаан

Түүнийг хоёр настайд нь Ар Монголын шарын шашны тэргүүн Жавзандамба хутагтын VIII дүрээр тодруулж, 1874 онд Их Хүрээнээ залж Богд гэгээний сэнтийд өргөмжилжээ. Тэрбээр багаасаа шашны эрдэм ухаанд суралцахын хамт монгол хэл заалгаж, монгол амьдрал, ахуй соёлд ээнэгшин дасаж, монгол ухамсар сэтгэлгээтэй болжээ.

Богд Жавзандамба хутагт XIX, XX зууны зааг үеэс Монгол орныхоо тусгаар тогтнолын төлөө санаа тавих болсон бөгөөд 1900 онд Да лам Бадамдорж нарыг Петербургт илгээж, 1905 онд Хүрээнээ ирсэн Далай ламтай уулзахдаа Монгол, Төвөд хоёр хүчээ нэгтгэн тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэх санаа сэдэл гаргаж байсан мэдээ байдаг.

1911 оны намраас Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нарын хүмүүс Монголын тусгаар тогтнолыг сэргээх тухай Богд гэгээнтэй зөвлөн хэлэлцэж, улмаар түүний удирдлага заавраар тусгаар тогтнолын тэмцлийг эрчимжүүлэн, Халхын Хүрээний Бүх Хэргийг Түр Ерөнхийлөн Шийтгэх Газарыг байгуулж, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг ялалтанд хүргэв. 1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд гэгээнийг Монгол Улсын эзэн хааны ширээнээ залж, тусгаар тогтнолоо тунхаглан төрийн их ёслолыг явуулсан. Богд хааны засгийн газар Ар, Өвөр Монгол, Баргыг нэгтгэсэн нэгдсэн Монгол Улс байгуулахыг зорьж, 1912 онд Ховд хотыг манж, хятад цэргээс чөлөөлж, 1913 онд Өвөр Монголыг чөлөөлөх дайныг явуулж байв. Үүний зэрэгцээгээр улс орныхоо улс төр, нийгэм эдийн засаг, соёлыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогыг явуулж байв. Гэвч 1915 оны Хиагтын гурван улсын гэрээгээр Монголын тусгаар тогтнолыг цуцалж, автономит эрхтэй болгосон юм.

Богд гэгээний өвлийн ордон, одоогийн Улаанбаатар дахь Богд хааны ордон музей. Монголын нийслэлд оршин суугчдын хэлж буйгаар энэ байшинг европ маягаар тохижуулж, төгөлдөр хуур хүртэл бүх төрлийн европ эд зүйлсийг суулгасан байна.

1919 онд Хятадын цэрэг Монголд орж ирсний дараа Богд хаан нь гэрийн хорионд орсон боловч удалгүй 1921 Барон Унгерн фон Штернбергийн хүчний ачаар суллагдан, өмнөх байр сууриндаа заларчээ. Богд хаантны зарлиг заавраар олон янзын ном гүрэм уншиж, сор залж байсны дотор 1920 оны 9 сарын 3-наас эхлэн шашин төрийн тухай Эрдэм Итгэмжит сүмийн газар “житга бөндөг” хэмээх олон сор залах их гүрмийг олон лам нараар 7 хоног бүтээн уншуулж, соруудыг залж, хуучин үхэр бууг цаасан сумаар цэнэглэн буудаж, галын наадам гарган пуужингуудыг харвасан нь ихээхэн дуу чимээ гаргаж Хүрээний хятад цэргүүд Монголын хувьсгал дэгдэж, цэрэг хөдлөв үү хэмээн айн сандарч, шөнийн цагт зүг зүг явган, морьтой сарнин үймэлдэхэд хүргэж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. Ийнхүү Монголын ноёд, лам нарын хамт Монголын автономит эрхийг хадгалан хамгаалах, сэргээхэд чиглэгдсэн өргөн цар хүрээтэй тэмцлийг явуулж, түүнд Богд хаан удирдан чиглүүлж, зохион байгуулах үүрэгтэй оролцож байжээ.

1919, 1920 оны үеийн Монголын улс төрийн хоёр дахь бүлэглэл болох Монгол Ардын Нам буюу Консулын бүлгийнхэн Богд хаантай шууд харилцаж байсангүй, гагцхүү түшмэдийн намтай нэгдсэнээс хойш хамтын үйл ажиллагааны хүрээнд Богд хаантай харилцаж байжээ.

Түшмэдийн нам буюу Хүрээний бүлгийнхэн уг бүлгэм үүсэн тэрлэж эхлэх үеэсээ Богд хаантай харилцаж, үйл ажиллагаагаа зохицуулж байжээ. Тус бүлгэм болон МАН-аас Богд хаантай харилцах харилцаа нь Хаант Орос улсын консул Орлов, ЗОУ-тай харилцахад тусламжийн бичигт Богд хаантны соёрхлыг олж, тамга даруулан баталгаажуулах хүрээнд ихэвчлэн явагдаж байв.

Ардын түр засгийн газар 1921 оны 7 дугаар сарын 6-нд Нийслэл Хүрээнд ирж, Богд хаанд мандал өргөжээ. Богд хааны зарлигаар 7 дугаар сарын 10-нд засгийн эрхийг Ардын түр засгийн газарт тайван замаар шилжүүлж, Богд гэгээнийг хэмжээт эрхт хаанаар өргөмжилжээ. Ардын засгийн газар 1921 оны 11 дүгээр сарын 1-нд Богд хаантай “Тангарагийн гэрээ” байгуулав. Энэ гэрээгээр Богд хаан улс төрийн хэрэгт оролцохгүй харин шашны бүх хэргийг удирдах болсон. Хувьсгалын дараа тэрээр хаан ширээндээ үлдсэн хэдий ч 1924 онд таалал төгсчээ.

Богд хаан 1924 оны 5 дугаар сарын 20-нд жанч халсан. Ардын засгийн газрын шийдвэрээр Богд хаан таалал төгссөн тухайд яам, албан газрууд гурав хоногийн гашуудал зарлаж, улс орон даяар 21 хоног бэлбэсрэх ёсыг гүйцэтгэж, хааны тамга, өргөмжлөлийг Засгийн газарт шилжүүлжээ.

Түүний үхлийн дараа Коммунист засаг нь Богд хааны хойд дүр ахиж олдоогүй гэж зарласан (Бүгд найрамдах засаг). Гэвч төд удалгүй Жавзандамба Хутагтын хойд дүр нь Монголын хойд хэсэгт олдсон боловч цааш мэдээ сонсогдоогүй. Энэ нь Далай лам залбирлынхаа явцад Жавзандамба Хутагтын 9 дэх төрөл нь Лхаст төрсөн гэж үзсэнтэй холбоотой. 13-р Далай лам нь 1933 онд таалал төгсчээ. 14-р Далай лам нь 9 дэх Жавзандамба Хутагтыг Улаанбаатарт залж, ширээнд нь суулгажээ.

Богд хэмээх нэрийн учир[засварлах | кодоор засварлах]

Богд гэдэг үг бол Будда гэсэн утга бүхий Монголчуудын дунд ариун дээд шүтээн болсон хүн, эсвэл өндөр дээд шүтлэгт уул хайрхныг нэрлэхэд хэрэглэдэг үг. Энэ үгийн уг гарвалыг эрдэмтэд Монгол хэлэнд Уйгур хэлээр дамжин орсон үг гэж үздэг бөгөөд уг нь Санскрит хэлний Бурхан гэсэн утгатай Буддха гэдэг үг Уйгур хэлнээ орохдоо тухайн хэлний онцлог байдлаас болж Бугдха болон хувирсан гэж үздэг байна. Уйгур хэлэнд Буддха хэмээхийг эхний <да> гийгүүлэгч <га> болж, хэлний угийн сул дуудлагатай <дха> гийгүүлэгч Уйгур хэлний шүдний <да> гийгүүлэгч болон дуудагдснаас Бугда болон хувирсан нь Монгол хэлэнд буухдаа Богда/Богд гэсэн үг болж хувирсан гэж үздэг байна. Тиймээс Богд гэдэг үгийг Бурхан гэж ухан ойлгох болж, улмаар богд хүн, богд сургаал, богд лам, "Богд уул" гэсэн нэрс үүсэн бий болжээ.

Богд гэдэг нь бурхан мэт онцгой тодорсон содон, гэгээрсэн, цэцэн, мэргэн, дээдийн дээд гэсэн утгыг илэрхийлдэг. Чингис хааныг бурхантай адил дээдлэн шүтэх болсноор Эзэн Богд Чингис Хаан гэх болсон бол Монголын анхны хувилгаан Живзундамба хутагтын анхдугаар дүр Өндөр Гэгээн Занабазарыгаа бурхан мэт ховор лам хэмээн Богд гэж нэрлэж, 1911 онд Манжаас туурга тусгаар улс болохдоо 8-р Богд Живзундамбыг хаан ширээнд залж, Олноо өргөгдсөн Богд хаан гэж хэмээн өргөмжилж, төр улсаа Олноо Өргөгдсөн Богд Хаант Монгол Улс гэж тунхаглан зарлаж байсан билээ.

Богдын лүндэн[засварлах | кодоор засварлах]

Үндсэн өгүүлэл: Богдын лүндэн

Богд хаан Монголын төрийн тэргүүний хувьд ард олонд болон түшмэд хүргэх зарлигийг Богдын лүндэн гэж нэрлэдэг байв. Лүндэн гэдэг нь эш онол, сургаал гэсэн түвд үг юм.

Богд хааны эхнэр Шаравын Дондогдулам

Машин[засварлах | кодоор засварлах]

Богд Хаан өөрийн гэсэн хэд хэдэн машинтай байсан бөгөөд Гүр, Улаангэлэн, Жамц, Д.Даваа нарын жолоочтой байгаад Ардын засаг байгуулагдмагц нэг машинаа жолооч Гүрийн хамт жанжин Д.Сүхбаатарт бэлэглэсэн байдаг. Богд Хааны жолооч Гүр 1921 оны 11 дүгээр сард төр, цэргийн удирдагч нарт үйлчлэх зориулалтаар байгуулагдсан “Чийчаан тэрэгний гарааш”-д анхны салаан дарга болжээ. Уг гараашид Форд, Франклин, Додж, Бьюик машинууд байсан байна. Жолооч Д.Даваа нь Богд Хааны шадар цэрэг, жолооч байгаад хожим нь ДХГ-ын анхны жолооч болсон бөгөөд 1930-1932 онд баруун аймгуудад болсон бослоготой тэмцэж байсан бөгөөд Коминтернийн төлөөлөгчдийг айлчлахад жолооч, бие хамгаалагчаар ажиллажайжээ.

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Богд хаан
Төрсөн: 1869 Нас барсан: 5 сарын 20 1924
Хаанчлалын цол
Өмнөх Монголын хаан
1911 оны 12 сарын 29 – 1919
1921 – 1924 оны 5 сарын 20
Хоосон
Шашны цол хэргэмүүд
Өмнөх
Агваанчойжин
ванчүгпэрэнлэйжамц
8-р Жавзандамба хутагт
1870 – 1924 оны 5 сарын 20
Хоосон
Дараачийн албан тушаалыг эзэмшигч:
Жамбалнамдолчойжижалцан