VII Шарль (Францын хаан)

"Ялагч" хэмээх VII Шарль (франц. Charles VII le Victorieux; 1403 оны 2-р сарын 22-нд Парис хотод төрж, 1461 оны 7-р сарын 22-нд Меэн-сюр-Йеврт нас барсан) — Францын Валуа угсааны хаан (1422 онд зарлаад 1429 онд хаан ширээнд суусан), VI Шарль болон Баварын Изабелла нарын 5 дахь хүү.
Түүний хаанчлалын үед Жанна д'Аркийн удирдлага дор францчууд цэргийн гарамгай ялалт байгуулж, Зуун жилийн дайн дууссан байна.
VII Шарль Парис хотод "Солиот" хэмээх VI Шарль, Баварын Изабелла нарын 5 дахь хүү болон мэндэлжээ. 4 ахтай байсан ч бүгд бага насандаа эндэж, түүнд олон цол хэргэм шилжин үлдээжээ.
Залуу насандаа Шарль эр зоригтой, манлайлах хүсэл эрмэлзлтэй байжээ. Гэсэн хэдий ч 1421 онд болсон хоёр үйл явдал түүний өөртөө итгэх итгэлийг сулруулсан: тэрээр V Хенрийн эсрэг тулалдаанд нэр хүндгүй ухралтад өртөж, эцэг эх нь түүнийг эхийнх нь хууль бус хүүхэд гэж зарлан хаан ширээнээс нь буулгасан байна.
15 настай Шарль "Дофин" цол авсны дараа нь 1418 оны 5-р сард бургундчууд хотыг эзлэн авсан учраас Парис хотоос дүрвэхээс өөр аргагүй болжээ. Дараа жил нь Шарль 1419 оны 7-р сард Бургундийн гүн, Айдасгүй II Жантай гэрээ байгуулахыг оролдов.