Jump to content

VI Жорж

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
VI Жорж хаан, 1940 он.

VI Жорж (англи. George VI, загалмайлсан нэр нь: Альберт Фредерик Артур Жорж; 1895 оны 12-р сарын 14-нд Норфолкд төрсөн – 1952 оны 2-р сарын 6-нд Норфолк дахь Сандринхемын ордонд нас барсан) - 1936 оны 12-р сарын 11-нээс 1952 оны 2-р сарын 16-нд нас барах хүртлээ Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс ба Британийн Хамтын Нөхөрлөлийн ноёрхлын хаан байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр нацист Германы эсрэг Их Британи ба Британийн эзэнт гүрний орнуудын бэлэг тэмдэг байсан гэдгээрээ алдартай.

Тэрээр өөрийн ах VIII Эдвард хаан ширээн суугаад тун удалгүй татгалзсаны дараа хаан ширээнд суусан юм. VI Жоржийн хаанчлалын жилүүд нь Британийн эзэнт гүрэн задарч, Үндэстнүүдийн хамтын нөхөрлөл болгон өөрчлөн байгуулах эхлэлийг тавьсан үе байсан юм. Тэрээр Энэтхэгийн сүүлчийн эзэн хаан (1947 оны 8-р сарын 15-нд Энэтхэг улс тусгаар тогтнолоо олж авах хүртэл), Ирландын сүүлчийн хаан (1949 оны 4-р сарын 18 хүртэл) байжээ. Тэрээр 1949 оны 4-р сарын 29-нөөс Хамтын нөхөрлөлийн тэргүүн (англи. Head of the Commonwealth) хэмээх цол хэргэмтэй байв.

Хаан ширээнд суухаас өмнө

[засварлах | кодоор засварлах]

Тэрээр V Жорж хаан болон хатан хаан Мэри нарын хоёр дахь хүү болж төрсөн юм. Альберт хунтайж дөрвөн ах, дүү нартай байсан. Үүнд: түүний ах ирээдүйн хаан VIII Эдвард (1894–1972), дүү Глостерийн гүн Хенри (1900–1974), Кентийн гүн Жорж (1902–1942); Аутизмтай, эпилепситэй хунтайж Жон (1905–1919) болон түүний эмэгтэй дүү Мэри (1897–1965), сүүлд гэрлээд Харвудын гүнж авхай болсон.

Альберт угаасаа даруухан, бүрэг ичимхий хүүхэд байсан бөгөөд хэл ярианы хүнд гацах өвчтэй байжээ. Гэсэн хэдий ч тэрээр тууштай суралцаж, эцэст нь гацах байдлаа бүрэн даван туулж чадсан.

Осборн болон Дартмут дахь Хатан хааны тэнгисийн цэргийн сургуульд боловсрол эзэмшсэн тэрээр 1915 онд ахлах ахлагч, дараа нь бага дэслэгч цол хүртжээ. Тэрээр Жутландын тулалдаанд Коллингвүүд байлдааны хөлөг онгоцны цамхгийн командлагчаар тулалдсан. Тэрээр эхлээд мухар олгойн үрэвсэл, дараа нь ходоодны шарх зэргээс болж Тэнгисийн цэрэгт цаашид алба хаах боломжгүй болсон. 1918 оны 3-р сард тэрээр Хатан хааны Агаарын цэргийн хүчний Тэнгисийн цэргийн Агаарын зэвсэгт хүчинд шилжиж, Баруун фронтод нисгэгчээр ажиллаж, нислэгийн командлагчийн зэрэгт хүрчээ. Тэрээр өөрийгөө нууцлахын тулд "Жонсон" нэрээр алба хаасан байна. Дайны дараа тэрээр 1919 оны турш Кембрижийн их сургуулийн Тринити коллежид түүх, эдийн засгийн чиглэлээр суралцсан юм.

1920 оны 6-р сард тэрээр Йоркийн гүн болж, 1923 оны 4-р сарын 26-нд Стратморын 14-р гүнгийн охин хатагтай Элизабет Боуез-Лайон (англи. Elizabeth Angela Marguerite Bowes-Lyon; 1900 —2002) -тай гэрлэжээ. Хосууд 1926 оны 4-р сарын 21-нд гүнж Элизабет Александра Мэри (ирээдүйн хатан хаан II Елизавета), 1930 оны 8-р сарын 21-нд гүнж Маргарет Роуз гэсэн хоёр хүүхэдтэй болжээ. 1924–25 онд гүн, гүнгийн авхай нар Уганда, Судан, 1927 онд Австрали (Альберт Канберра дахь Австралийн парламентын шинэ байрыг нээсэн), Шинэ Зеландад айлчилжээ.

1936 оны 12-р сарын 11-нд түүний ах VIII Эдвард хаан ширээнээс татгалзсаны дараа Йоркийн гүн VI Жорж хаан болох шийдвэр гарч 1937 оны 5-р сарын 12-нд албан ёсоор хааны титэм авчээ. Тэрээр эцгээсээ ялгаатай нь VI Жорж Дели хотод очиж Энэтхэгийн эзэн хааны хаан ширээнд албан ёсоор суугаагүй юм. VI Жорж хаан ширээнд сууснаас хойш 24 цагийн дараа Ирландын Чөлөөт улсын парламент Их Британийн хааны Ирланд дахь эрх мэдлийг үгүй болсон хуулийг баталжээ. 1939 оны 5, 6-р сард Хаан, хатан хоёр Канад, АНУ-д анх айлчилсан байна.

1940 оны 5-р сард хаан шинэ Засгийн газар байгуулах ажлыг өөрийн таагүй харьцаатай Уинстон Черчилльд даатгасан юм. Гэсэн хэдий ч дараа нь тэдний харилцаа маш ойр дотно болсон. Хаан, ерөнхий сайд хоёр мягмар гараг бүр үдийн хоол идэнгээ уулзаж, дотно уур амьсгалд чухал асуудлуудыг хэлэлцдэг байжээ. "Черчиллээс илүү Ерөнхий сайд байх боломжгүй байсан юм" гэж хаан хожим нь хэлжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үед хаан хатан хоёр улс даяар цэрэг, цэргийн байгууламж, усан онгоцны зогсоол, эмнэлгүүдэд тогтмол очиж байв. 1939 оны 12-р сард Хаан Франц дахь Британийн армид зочилж, 1943 оны 6-р сард "Авро Йорк" онгоцноос Хойд Африк дахь холбоотнуудын хүчийг ажиглаж байжээ. Мөн Алжир, Триполи, Мальтад айлчилсан байна. 1944 онд Холбоотнууд тэнд газардсаны 10 хоногийн дараа VI Жорж Нормандид айлчилсан; 7-р сард тэрээр Италийн өмнөд хэсэгт, 10-р сард Бельги, Голландад очсон байна.

1940 онд хааны ордон агаараас удаа дараа бөмбөгдөж байсан; 9-р сарын 12-нд Германы нисэх онгоцноос хаясан бөмбөг Букинхемийн ордноос 20 метрийн зайд дэлбэрч, хааны эрүүл мэндэд нөлөөлсөн гэдэг.

Их Британи ЗСБНХУ-ын холбоотон байсан ч Хаан холбоотондоо маш болгоомжтой ханддаг байжээ.

1943 онд хааны хувийн зарлигаар Сталинградын иргэдэд зориулж үнэт металл, чулуугаар чимэглэсэн ёслолын "Сталинградын сэлэм"-ийг захиалан хийлгэсэн байна. Энэ нь хааны гэр бүл болон бүх Британийн ард түмний баатарлаг үйлсийг бадраасан Сталинградын иргэдэд зориулагдсан юм. 1943 оны 11-р сарын 29-нд Тегераны бага хурлын нээлтийн ёслолын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт болон хүндэт харуул байлцуулан Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль ЗХУ-ын маршал Иосиф Виссарионович Сталинд сэлмийг бэлэглэжээ. Одоогоор Волгоград хотын "Сталинградын тулаан" панорама музейд уг сэлмийг дэлгэн үзүүлдэг байна.

1947 оны 2-р сарын 1-нд VI Жорж, хатан хаан, гүнж нар Өмнөд Африкт төрийн айлчлал хийхээр далайгаар Англиас мордов. Клемент Эттлийн Лейборист засгийн газрын удирдлага дор VI Жоржын хаанчлалын сүүлчийн жилүүд нь Британийн эзэнт гүрэн хурдацтай задарч, Үндэстнүүдийн Хамтын Нөхөрлөлд шилжсэн юм. Энэтхэг 1948 онд, Ирланд 1949 онд бүрэн тусгаар тогтнолоо олж авсан. Энэтхэг тусгаар тогтносон нь VI Жоржийн дургүйг ихэд хүргэсэн. Тэрээр 1947 оны 11-р сард охин Элизабетыг хунтайж Филипп Маунтбаттентай гэрлэхийг дурамжхан зөвшөөрч, тийм ч их сайн биш гэж үзэж байжээ.

1948 онд VI Жоржийн үед Их Британид зуны XIV олимпийн наадмыг хоёр дахь удаагаа Лондонд зохион байгуулжээ. Тэрээр өөрөө Олимпын наадмыг нээсэн.

1951 оны 10-р сард Уинстон Черчилль засгийн эрхэнд эргэн ирж, хааны дэмжлэг, тааллыг үргэлж хүртэж байсан юм.

Дайны үеийн стресс, их тамхи татдаг зэрэг нь хааны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн. Тэрээр атеросклероз, Буергерийн өвчин, уушигны хорт хавдар туссан. 1948 онд хаан Шинэ Зеланд, Австралид хийхээр төлөвлөж байсан аялал нь хааны биеийн байдал муудсаны улмаас хойшлогдсон. Тэрээр баруун хөлнийх нь судас бөглөрч, хөлөө алдах аюулд хүргэжээ. Улмаар 1949 оны 3-р сард түүнд мэс засал хийжээ. Хааны биеийн байдал муудахын хэрээр түүний том охин, өв залгамжлагч Элизабет улам бүр хааны үүргийг гүйцэтгэх болжээ. Тэрээр нөхөр, Эдинбургийн гүн Филиптэй хамт хааны оронд Шинэ Зеланд, Австрали руу айлчлал хийжээ.

1952 оны 1-р сарын 31-нд Жорж хаан ойр дотны хүмүүсийн зөвлөгөөг үл харгалзан охин Элизабет болон түүний нөхрийг Австрали руу үдэж өгөхөөр Лондонгийн нисэх онгоцны буудалд очжээ. Энэ нь түүний олон нийтийн өмнө гарч ирсэн сүүлчийнх мөч байв.

Зургаан хоногийн дараа буюу 1952 оны 2-р сарын 6-ны өглөө 07:30 цагт түүнийг Норфолк дахь Сандрингемийн ордонд орон дээрээ нас барсан байдалтай олжээ. Хаан 56 насандаа титэм судасны тромбоз өвчнөөр нас баржээ. Түүний охин Кени улсаас хатан хаан II Елизавета болсоны хувиар ирсэн юм.

VI Жоржийг 1952 оны 2-р сарын 15-нд Гэгээн Жоржийн сүмд эцэг V Жорж хааны дэргэд оршуулжээ.