Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2008-36

[[Image:|100px|left|]] Од гэдэг нь плазмаас тогтох гэрэлтэгч, цул бөмбөлөг юм. Нар нь Дэлхийд хамгийн ойр орших од бөгөөд Дэлхийн энергийн гол үүсгүүр болно. Харин бусад одыг шөнө харах боломжтой. Од нь түүний цөмд явагдаж буй цөмийн нэгдэх урвалаас (устөрөгч гели рүү хувирах) ялгарч буй энергиэс шалтгаалан гэрэлтдэг байна. Устөрөгч ба гелигээс хүнд элементүүд бараг бүгд оддын цөмд явагдах энэхүү урвалын үр дүнд үүссэн болно.

Одны масс, нас, химийн найрлага зэрэг олон шинж чанарыг, түүний спектр, гэрэлтэлт, хөдөлгөөн дээр тулгуурлан тогтоож болно. Одны нийт масс нь түүний хөгжлийн үе шатыг тодорхойлдог үндсэн үзүүлэлт юм. Бусад шинжүүд жишээлбэл, диаметр, эргэлт, хөдөлгөөн, температур зэрэг нь түүний хөгжлийн үе шатаар тодорхойлогдоно. Одны температур ба гэрэлтэлтийг нь ашиглан (Херцсбрунг-Расселийн диаграмм, H–R диаграмм) одны хөгжил, насыг тодорхойлж болно.

Од нь үндсэндээ устөрөгчөөс тогтсон (маш бага хэмжээний гели болон бусад хүнд элемент бүхий) мананцараас үүсэх ба үүний төв нь хангалттай нягт болоход, устөрөгчийн зарим нь цөмийн нэгдэх урвалаар гели рүү шилжиж эхлэнэ. Энэ урвалын үр дүнд ялгарч буй энергийг, үлдсэн хэсэг нь радиац ба конвекцийн процессоор тогтоон барина. Энэ процесс нь тухайн одыг богино хугацаанд мөхөхөөс хамгаалана. Ялгарах энергийн нөлөөгөөр одны гадаргуу орчимд стеллар салхи үүснэ, мөн задгай сансарт энерги цацагдана. Цөм дэх устөрөгч шавхагдаж дуусахад тухайн одны масс нарны массаас дор хаяж 0.4 дахин их болох ба цөм нь, эсвэл цөмийн гадаад хэсэг нь хүнд элементүүдээс тогтсон ийм одыг аварга улаан од гэж нэрлэнэ. Энэ төрлийн од нь мөхөж буй од бөгөөд улмаар хүнд элементүүдийг харьцангуй их хэмжээгээр агуулсан шинэ од үүсгэнэ.

Хос болон олон-одны систем нь хоёр ба түүнээс дээш одноос бүрдэх бөгөөд эдгээр однууд хоорондоо таталцлын хүчээр харилцан үйлчлэлцэж, биесээ тодорхой орбитоор тойрон эргэнэ. Хэрэв хоёр од хоорондоо ойрхон бол таталцлын хүчний харилцан үйлчлэл тэдгээр одны хөгжилд их хэмжээгээр нөлөөлнө. (бүрэн эхээр унших)