Wikipedia:Энэ долоо хоногийн онцлох өгүүлэл/2010-6

Бэрх хан нь Хөх Орд ба Цагаан Ордыг нэгтгэсэн бөгөөд 1257-1266 онд Кипчак буюу Алтан Ордыг хаанчилж байсан. Тэрбээр өөрийн ах Хөх Ордын (Баруун) Бат ханаас хаан ширээг залгамжлан авч, Монголчуудын байгуулсан энэ улсад Лалын шашныг "албан ёсоор байгуулсан" бөгөөд Ариун Газрыг хамгаалж буй Мамлюкуудад туслахаар Айн Жалутын тулалдаанд өөр нэг Монголын улс болох Ил Хан улсын эсрэг тулалдаж байлаа.

Бэрх нь Чингис хааны ахмад хөвүүн Зүчийн нэг хүү юм. 1235 онд Бэрх ах Батын удирдлага дор Орд, Шинкур, Шибан нарын төрсөн ах дүү нар болон үеэл нартай нэгджээ. 150000 хүнээс бүрдсэн их цэрэг Сибириэс хөдөлж Лалын шашинтнуудын нутаг Ижил мөрний Булгар, Кипчакуудыг дайлж дагаар оруулав. Дараа нь тэд 1237 онд Рязань, Суздалийн вант улсуудыг дайлж, Оросын нутаг руу цөмрөн орлоо. Бэрх ахынхаа Европыг дайлах их аян дайнд оролцож, Унгарын вант улсын цэргийг хүйс тэмтэрсэн Мохийн тулалдаанд тулалджээ. Өгэдэй хааныг нас барахад, цусан төрлийн бүх хөвүүд Их хааныг сонгохоор Монгол руу дуудагдсан. Бэрх болон түүний төрсөн ах дүүс бүгд ах Батыгаа их хааны ширээнд гаргахыг дэмжиж байлаа. Энэ нь амжилтгүй болоход тэд бүгд Орос руу буцацгаажээ. Өгэдэй, Зүчийн удмынхны хооронд гарсан хагарлын улмаас Кипчакын ханлиг Европ руу дахин хэзээ ч цэрэглэн довтлоогүй юм (Польш руу нэг дайрсан нь зөвхөн дээрмийн зорилготой байв). Европыг дайлахын оронд Кипчакын ханлиг Орост бэхжиж, үеэлүүдийнхээ болзошгүй довтолгооноос хамгаалахаар зэхэж байлаа. (бүрэн эхээр унших)