XVI Луи

XVI Луи (Луи-Огюст) (франц. Louis XVI; 1754 оны 8-р сарын 23-нд Версальд төрсөн — 1793 оны 1-р сарын 21-нд Эв нэгдлийн талбайд цаазлуулж нас барсан), 1792 оны 9-р сарын 21-нээс хойш албан ёсоор Луи Капет (франц. Louis Capet) — Бурбон угсааны Францын сүүлчийн хаан. XV Луи хааны ууган хүү Луи Фердинандын хүү бөгөөд 1774 онд өвөг эцгийнхээ хаан ширээг залгамжилж авсан. Түүний эрх мэдлийн үед 1789 онд Агуу Францын хувьсгал эхэлсэн юм.

Луи хаан хувьсгалт үйл явдлуудыг эсэргүүцэж, улс орноосоо зугтах оролдлого хийсэн боловч амжилтгүй болсон. Дараа нь тэрээр 1791 оны Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрч, абсолютизмаас татгалзаж, тухайн үеийн Хууль тогтоох чуулганы удирдлага дор Үндсэн хуульт хаан болохоос өөр аргагүй болсон юм. Гэсэн хэдий ч тэрээр удалгүй хувьсгалчдын эрс радикал арга хэмжээг эсэргүүцэж эхэлсэн. 1792 оны 8-р сарын 10-нд Туйлери руу дайрсны дараа түүнийг засгийн эрхээс албан ёсоор огцруулж, Конвенцийн шүүхээр шүүж, удалгүй гильотинаар цаазаар авчээ.
Хаант засаглалыг түлхэн унагасны дараа Үндэсний чуулган XVI Луи хааны цолыг хурааж, түүнд Капетин угсааг (Бурбон угсааны нэг салбар) үндэслэгч өвөг дээдэс Хугес Капетын нэрээр Капет (франц. Capet) овог нэр өгч Луи Капет болжээ.