Антон Деникин

Дэслэгч генерал Антон Деникин. 1917 он.

Антон Иванович Деникин (1872 оны 12-р сарын 4-нд Оросын эзэнт улсын Варшав мужийн Влоцлавек хотод төрж, 1947 оны 8-р сарын 7-нд АНУ-ын Мичиган муж улсын Анн-Арбор хотод нас барсан) - Оросын цэргийн удирдагч, дэслэгч генерал, нийгэм улс төрийн зүтгэлтэн, цэргийн баримт бүрдүүлэгч, зохиолч.

Оросын иргэний дайны үеийн Цагааны хөдөлгөөний гол удирдагчдын нэг бөгөөд Өмнөд Орос дахь тус хөдөлгөөний удирдагч (1918—1920) байсан. Цагаан Орос хөдөлгөөний удирдагч дотроос хамгийн их цэрэг улс төрийн үр дүнд хүрсэн хүн.

1885 онд түүний эцэг Иван Ефимович Деникин нас барсан.

Тэрээр Лович хотын бүрэн дунд сургууль (1882-1890), Киевийн явган цэргийн кадет сургууль (1890-1892), Санкт-Петербург дахь Жанжин штабын академийг (1895-1899) төгссөн; 1898 оноос хойш тэрээр цэргийн сэтгүүл зүйд ажилласан. Орос-Японы дайнд (1904-1905) оролцож, 1905 онд хурандаа цол хүртэж, хоёр одонгоор шагнуулжээ.

Деникиний улс төрийн үзэл баримтлал бол Үндсэн хуульт хаант засаглал, эрс шинэчлэл, улс орноо тайван замаар шинэчлэх зэрэг байжээ.

1917 оны 2-р сарын Оросын хөрөнгөтний хувьсгалын дараа Дээд ерөнхий командлагчийн штабын даргын туслах байхдаа Деникин түр Засгийн газар армийг нурааж байна гэж буруутгаж, 1917 оны 7-р сарын 7-13-нд генерал Л.Корниловын бослогыг дэмжиж байгаад баривчлагдаж, шоронд хоригджээ.

Л.Г.Корниловыг 1918 онд нас барсны дараа Деникин Оросын өмнөд хэсгийн зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажиллаж, 1919 оны хавар Москвагийн эсрэг довтолгоонд орж: Донбассыг эзэлж, Орелыг авч, Тулаг эзлэхээр заналхийлж байгаад ухарч Крым руу зугтаасан байна. Цэргийн удирдлагыг генерал П.Врангельд шилжүүлжээ.

1920 оны 4-р сарын 4-нд тэрээр Англи руу усан онгоцоор цагаачилсан. Англиас Бельги руу нүүж сүүлд 1926 онд Францад суурьшсан байна. Хилийн чанад руу дүрэвсэн "Цагаач оросууд"-ын улс төрийн гол зүтгэлтнүүдийн нэг болжээ.

1945 онд Дэлхийн хоёрдугаар дайны дараа түүнийг ЗХУ руу хүчээр аваад явж магадгүй гээд АНУ руу цагаачилсан байна.

1947 оны 8-р сарын 7-нд Антон Иванович Деникин АНУ-д зүрхний өвчнөөр нас барсан байна. 1952 оны 12-р сарын 15-нд түүний чандрыг АНУ-ын Нью-Жерси мужийн Жексон хот дахь оросын Гэгээн Владимирын оршуулгын газар нутаглуулжээ.

2005 оны 10-р сарын 3-нд генерал Антон Иванович Деникин болон түүний эхнэр Ксения Васильевна (1892-1973) нарын чандрыг ОХУ-ын Москва руу нүүлгэн шилжүүлэн авчирч Донской сүмд дахин оршуулжээ.