Аттила хаан

Аттила (? - 453) нь 434 оноос 444 юм уу 445 он хүртэл дүү Бледагийн хамт, түүнээс хойш нас барах хүртлээ Гуннугийн эзэнт улсыг ганцаар захирч байсан хаан юм. Зарим түүхч гунну нар бол Хүннүгийн удам угсаа гэдэг үзлийг үгүйсгэдэг нь гунну нарыг харьяанд нь байсан иран, түрэг аймгуудтай холбож үздэгтэй холбоотой.

Баруун зүг одсон Хүннү нар баатар гавьяа ихийг байгуулжээ. Гал мэсэн дундуур нүүдэллэн явсаар Ижил мөрний хавьд Хүннүгийн эзэнт улсаа байгуулан суусан. Дараа нь ахин нүүдэллэж, Дунайн Гунну улсыг байгуулсан юм. Чингэх замдаа түрэг, иран, угор олон хүн ардыг дагуулан уусгажээ.

Аттила

Мөн Герман, Кельт, Франк, Слав, Алан, Лесгин зэрэг одоогийн Европ нарын өвөг овог аймгуудтай дайтаж, тэднийг буулган аваад (энэ тухай Нибелунгийн дуулал хэмээх туульсын зохиол зохиогджээ), улмаар түүхэндээ дэлхийн ноён гэгдэж, хандсан зүгтээ дайлж, өрнө дахины соёл иргэншлийн өлгий гэгдэх Бага Ази, Европ, Африкийн хойд эргийн улс үндэстнийг ирт мэс, исгэрэх сумаар буулган авч, хүн ардыг боол болгож асан, хожим нь Византи, Ром хэмээн хоёр хуваагдсан хүчирхэг гүрнүүдтэй нүүр тулж, өөрсдийг нь ялан дийлж, аль алинаар нь алба бариулав.

Тэнгэрийн ташуур гэгдсэн агуу байлдан дагуулагч Аттила Европын улс төрд багагүй нэр нөлөөтэй байв. Ордны хуйвалдаанаас болж Византид цөлөгдсөн Ромын Гонория гүнж өөрийг нь чөлөөлбөл хатан нь болохоо илэрхийлж байсан. Хэрэв Гонория гүнжтэй гэрлэвэл Ром, Византид ноёрхох боломж нээгдэх байлаа. Энэ асуудлаас болж Аттила Ромтой эвдрэлцэж, их дайнд мордох аян шалтаг болов. Зарим түүхэнд өгүүлснээр хэрэв гунну нарын дунд өвчин гараагүй бол ялах байжээ. Юутай ч урьд дээрх овог аймгууд өөр хоорондын дайсагналаа зогсоож, Хүннү нарын эсрэг нэгдэн Атилла хааныг одоогийн Бельгийн зүүн нутагт бут цохисон ажээ. Ромын пап тэргүүтэй төлөөлөгчид ирж хүндлэл үзүүлснээр найрамдлын гэрээ тогтоогдож асан. Дунайн гунну нар Францын нутагт ч цөмрөн орж байв.

Аттила хааныг их эрдэнэсийнх нь хамт нэгэн голын усан дор оршуулжээ. Тэр нууцлаг газар одоо хүртэл тодорхойгүй.

хүннү нар ард түмнүүдийн их нүүдлийн эхийг тавьж, Евразийн улс төр, угсаатны дүр зургийг багагүй өөрчилсөн, Ромын дарангуйллыг унагалцаж, олон ард түмнийг чөлөөлсөн авч энэ үеэс өрнө дахиныг мунхруулсан 1,000 жилийн шашны ноёрхол буюу дундад зуун эхэлжээ. Юутай ч тэртээ дорно зүгт сяньби нарт цохигдон сарнисан өмнөд хүннү нар 10,000 км-ийн алсад, өөрсдөд нь цохигдон ухарсан садан төрөл умард хүннү нарын удам угсаа болох гунну нар Өрнө дахинд алдар нэрээ дуурсгаж байгааг мэдсэнгүй.