Билл Расселл

Уильям Фелтон "Билл" Расселл (Англи: William Felton "Bill" Russell, 1934 оны хоёрдугаар сарын 12-нд Луизиана мужийн Уэст Монро хотод төрсөн) — Америкийн зодог тайлсан мэргэжлийн сагсан бөмбөгчин юм. Тэрээр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Бостон Селтикс багт төвийн тоглогчийн байрлалд 13 улирлыг өнгөрүүлэхдээ НБА-гийн аварга цолыг 11 удаа хүртэж, НБА-гийн бүх оддын тоглолтын оролцогчоор 12 удаа, улирлын үнэ цэнэтэй тоглогчоор 5 удаа тодорч Бостоны ноён оргил, бат бэх цайз нь байсаныг илтгэдэг. Мэдээж түүний мэргэжлийн лигийн түрүүний тоо НБА-д ч гэлтгүй Хойд Америкийн мэргэжлийн спортын түүхэн амжилт тогтоосон, мэргэжлийн лигт орохоосоо өмнө Үндэсний коллежийн АШТ-д хоёронтоо (1955, 1956), АНУ-ын шигшээд багтан 1956 оны олимпийн наадамд тус тус түрүүлсэн гээд олон олон амжилтыг үзүүлсэн.

Рассел Филадельфия-76 багийн Уилт Чемберленийг хамгаалан тоглож буй нь, 1966 он.

Улирлыг 4 удаа бөмбөг авалтын үзүүлэлтээр тэргүүлж, нэг тоглолтонд бөмбөг авалт 50-иас дээш удаа хийснээрээ нэг үеийн хүчтэн Уилт Чемберлений хамт НБА-гийн түүхэнд бичигдсэн.[1] Уилт, Рассел нарын хоорондох олон жилийн галт тулааныг "бие биеэ үзэн яддаг, өстөн дайснууд" гэх мэтээр олонд дэвэргэсэн яриа байсаар байсныг Рассел өрсөлдөгч-найзаа 1999 онд алдахад эмгэнэлийн үгэндээ "мөнхийн найзууд байсанаа" онцолж байсаныг энд дурдах нь зүйтэй.

Селтиксийн ноёрхол болоод НБА-гийн нуршгүй, цуцашгүй багана Билл Рассел тоглогч-дасгалжуулагчийн эрэмбэтэй тоглож байжээ. Энэ мэт сагсан бөмбөгийн хөгжилд оруулсан үнэлж баршгүй хувь нэмрээ 2011 онд Ерөнхийлөгч Барак Обамагаар үнэлүүлэн Эрх чөлөөний одонгоор шагнуулжээ.

НБА 2009 онд шувтаргын тоглолтонд гялалзсан тоглогчид олгодог хүндтэй шагналыг Билл Расселийн нэрэмжит болгосон түүхтэй.[2]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "NBA Encyclopedia Playoff Edition".
  2. "The Finals MVP to Receive Bill Russell MVP Award". NBA.com. 2009-02-14. Retrieved 2009-02-14.

Холбоос[засварлах | кодоор засварлах]