Вишванатан Ананд

Вишванатан Ананд
тамирчны тухай
Төрсөн өдөр1969 оны 12 сарын 11 (1969-12-11) (54 настай)
Төрсөн газарЭнэтхэг улсын Тамилнаду
мужийн Майиладутурай балгас
Улс, орон Энэтхэг (БНЭУ)
Тамир, спортшатар
Цол, зэрэгих мастер (1988)
Оргил чансаа2817 оноо (2011 оны III сар)
Дэлхийн дугаар 1 (2008 оны VII сар)
2013-10-10-ны байдлаар мэдээлэв.

Вишванатан Ананд (тамилаар விசுவநாதன் ஆனந்த்; 1969 онд төрж, Мадраст өссөн) — 2000-2002 онд ФИДЕ-гийн хувилбараар дэлхийн аварга, 2007 оноос 2017 он хүртэл 17 дахь дэлхийн аварга, их мастер, Энэтхэгийн шатарчин.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Түүнийг 6 настай байхад эх нь анх шатар зааж өгчээ. 1983 онд 14 настайдаа Энэтхэгийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд 9-өөс 9 оноо авч түрүүлж, 1984 онд олон улсын хэмжээний мастер цолыг хүртсэн хамгийн залуу энэтхэг тамирчин болжээ.

Вишванатан Ананд, 2016 он

16 настайдаа тэрээр Энэтхэгийн шатарын аварга болж, дараа нь дахин хоёр удаа аварга болж байжээ. 1987 онд тэрээр залуучуудын дэлхийн аварга цолыг хүртсэн анхны Ази хүн болсон. 1988 онд тэр Энэтхэгийн анхны олон улсын их мастер болсон. Түүний уг амжилтын ачаар шатарын спорт эх оронд нь дахин их дэлгэрч эхэлсэн.

1980-аад оны сүүлчээс тэрээр дэлхийн хамгийн өндөр түвшинд тоглож эхэлсэн байна. 1991 оны 1-р сард тэрээр Реджио Эмилиад болсон тэмцээнд тэр үеийн хамгийн хүчтэй шатарчид болох Гарри Каспаров, Анатолий Карпов нарыг ялж түрүүлсэн. Мөн 1991 оны 8-р сард ширүүн тэмцэлд дэлхийн аваргын төлөө өрсөлдөж буй хүмүүсийн шөвгийн наймд Анатолий Карповт 3,5:4,5-аар ялагдсан. Тэмцээний явц болон Энэтхэгийн залуу их мастерын үзүүлбэр тухайн үед олныг гайхшруулж байсан: туршлагатай Карпов шинээр ирсэн тамирчинтай амархан харьцах ёстой гэж үзэж байсан юм.

Ананд 2000 онд Шэньян (Хятад), 2002 онд Хайдарабад (Энэтхэг) хотод болсон ФИДЕ-гийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа түрүүлсэн. Ананд "Шатрын Оскар"-ын шагналыг 1997, 1998, 2003, 2004, 2007, 2008 онд зургаан удаа хүртэж байжээ.

Ананд маш түргэн боддог, сайн хамгаалдаг. Тиймдээ ч шатрын бүх төрлөөр дэлхийн аварга болжээ. 2008 онд Крамник, 2010 онд Топалов, 2012 онд Гельфандтай халз тоглож аваргаа хамгаалсан.

Анандын шатарын цол хэргэмүүд[засварлах | кодоор засварлах]

  • 1983 онд Энэтхэгийн 14 нас хүртлэх залуучуудын аварга
  • 1985 онд 16 настайдаа Олон улсын хэмжээний мастер
  • 1985 онд 16 настайдаа Энэтхэгийн аварга
  • 1987 онд Дэлхййн залуучуудын аварга
  • 1988 онд Их мастер
  • 2000 онд ФИДЕ-гийн дэлхийн аварга
  • 2000, 2002 онд ФИДЕ-гийн цомын эзэн
  • 2003, 2017 онд ФИДЕ-гийн хурдан/ рапид шатарын дэлхийн аварга
  • 2007 онд Дэлхийн аварга

Зураг[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Вишванатан Ананд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан