Готтлиб Даймлер

Готтлиб Даймлер
Төрсөн1834 оны 3 сарын 17
Шорндорф, Баден-Вюртемберг
Нас барсан1900 оны 3 сарын 6
Штуттгартын Каннштатт дүүрэгт
Яс үндэсГерман
АжилИнженер, зохион бүтээгч, аж үйлдвэржүүлэгч

Готтлиб Вилхелм Даймлер (герм. Gottlieb Wilhelm Daimler; * 1834 оны 3-р сарын 17-нд Шорндорф; † 1900 оны 3-р сарын 6-нд Штуттгарт) Германы агуу инженер, зохион бүтээгч, аж үйлдвэржүүлэгч байсан юм. Даймлер нь Вилхелм Майбахын хамт эргэлт өндөртэй бензин хөдөлгүүр болон анхны дөрвөн дугуйтай, дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг зохион бүтээжээ.[1]

Намтар, бүтээл[засварлах | кодоор засварлах]

Шорндорф дахь Даймлерийн төрсөн гэр
Даймлерийн босоо цаг

Даймлер 1834 онд Штуттгартын ойролцоох Шорндорф хотод зоогийн газрын эзэн бөгөөд нарийн боовны мастер Йоханнес Фридрих Доймлер (угтаа Даймлер биш Доймлер овогтой аж) болон түүний эхнэр Вилхелмине Фредерикагийн хоёр дахь хүү болон төржээ. Түүний төрсөн гэрт өнөөдөр музей байх ба Шорндорфын захиргааны байрны өмнө түүний хөшөөг босгон тус хотын хамгийн алдартай хүнээ мөнхрүүлсэн байна. Тэрбээр 1848 онд дунд сургуулиа дүүргээд, зэвсгийн дарханы мэргэжлийн сургуульд орж суралцсан байна. 1852 онд мэргэжлийн сургуулиа төгсөөд Вюртембергийн эдийн засагч Фердинанд Штайнбайсаар жуулчлуулан Эльзасын Граффенштаден дахь машин үйлдвэрлэлийн компанид ажил оржээ. 1857 онд Даймлер ажлаасаа гаран Штуттгартын Политехникийн дээд сургуульд механик инженерийн мэргэжлээр сурч эхэлсэн аж.

Сургуулиа төгсөөд 1862 оноос эхлэн Гайслинген ан дер Штайге дахь төмөр хийцийн үйлдвэр Страубад зохион бүтээх инженерээр ажилд оров. 1865 онд түүнийг Ройтлингений Брудерхаус гэх өнчин хүүхдийн асрамжийн газрын машин цехийн даргаар томилсон ба тэнд анх удаа Вилхелм Майбахтай танилцаж насан туршийн хамтран зүтгэгч болсон юм.

1867 онд эмийн санчийн охин Эмма Паулине Курцтай хуримаа хийсэн бөгөөд тэд таван хүүхдийн эцэг, эх болцгоосон байна. 1869 онд Готтлиб Даймлер Карлсруэ хотод байх Карлсруэгийн машин үйлдвэрлэлийн нийгэмлэг нэртэй уурын галт тэрэгний үйлдвэрийн техник хариуцсан даргын ажлыг хүлээн авчээ. Тун удалгүй Вилхелм Майбах ч бас тус үйлдвэрт техникийн зураачаар ажилд орсон аж. Гурван жилийн дараа Даймлер Карлсруэгийн машин үйлдвэрлэлийн нийгэмлэгээс гарч Дойцын хийн хөдөлгүүрийн фабрик руу шилжин очиход, Николаус Отто түүнд техникийн албыг удирдах үүргийг хүлээлгэн өгчээ. Майбах ч бас Дойц руу шилжсэн бөгөөд 1872 онд Даймлерийн удирдлага дор Оттогийн хөгжүүлсэн дөрвөн тактын хөдөлгүүрийг цувралаар үйлдвэрлэсэн байна.

1887 онд Даймлер, Майбах хоёр жижиг усан онгоцны мотор зохион бүтээж туршиж үзсэн байна. Энэхүү мотор хэсэг хугацаанд Даймлерын компаний үйлдвэрлэж байсан гол бүтээгдэхүүн байжээ. 1888 оны 8-р сарын 10-нд Даймлерын дотоод шаталтын хөдөлгүүртэй анхны агаарын бөмбөлөгөөр нислэх хийсэн байна. 1889 онд Даймлер , Майбах хоёр анхны автомашинаа хийжээ. Энэхүү автомашинаа 1889 оны 10-р сард Парисын үзэсгэлэнд танилцуулсан байна.

Мэрсэдэс Бэнз компаний таних тэмдэг

1890 онд Даймлер газар, тэнгэр, усанд ашиглах зориулалтын жижиг оврын хүчтэй мотор үйлдвэрлэх "Daimler-Motoren-Gesellschaft" (DMG) компани байгуулсан. Энэхүү гурвалсан санааг агуулсан гурван үзүүрт хошүү өнөөгийн "Mercedes-Benz" компаний лого буюу таних тэмдэг болоод байгаа билээ.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Готтлиб Даймлер – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Daimler AG bei Youtube