Григорий Распутин

Григорий Ефимович Распутин (1869 оны нэгдүгээр сарын 21-нд төрсөн — 1916 оны арванхоёрдугаар сарын 30-нд нас барсан) нь Оросын Сибирийн тариачин, далдын ид шидэт байсан бөгөөд Оросын хаан ширээнд үе залгамжлан суусан Романовынханы сүүлчийн эзэн хаан II Николайн гэргий хатан хаан Александра Фёдоровна дамжин ойр дотны хүн байсан гэдгээр алдартай болсон. Тэрээр өөрийгөө хар домын хүчтэн гэж итгүүлдэг байсан бөгөөд удамшлын гемофил (цус тогтохгүй байх) гэх хүнд өвчинтэй хааны ганц хүү Алексей Николаевичийн домч анагаагч болж хааны ордонд ирж амьдарч байсан байдаг байна. II Николай хааны итгэлийг олсон Распутинийг улс орныг хамрах буруутай хэд хэдэн шийдвэрийг гаргахад нөлөөлж байсан хэмээн түүхэнд сөрөг байдлаар тэмдэглэн үлдсэн байдаг. Түүний олон бусармаг мэт харагдах үйлдлийг зогсоохын тулд язгууртан ноёд удаа дараа хөнөөхийг завдаж эцэст нь хуучнаар Петроград дахь Нева мөрөнд живүүлж хөнөөсөн гэдэг.

1893 онд Распутин Оросын ариун газруудаар тойрон аялж, Грекийн Атос ууланд, дараа нь Иерусалимд очиж байжээ. Үнэн алдартны шашны Санваартан, лам хувраг, бадарчдын олон төлөөлөлтэй уулзаж, харилцаа холбоо тогтоосон байна.

1890 онд тэрээр мөргөлчин тариачин Прасковья Федоровна Дубровинатай гэрлэж, Матрёна, Варвара, Димитрий гэсэн гурван хүүхэд төрүүлжээ.

Тэрээр 1900 онд Киев рүү аялалд гарч буцах замдаа тэрээр Казань хотод нэлээд удаан хугацаанд амьдарч, Казанийн шашны Академийн багш Михаилтэй уулзаж байжээ.

1903 онд Петербург хотод ирээд Шашны академийн захирал епископ Сергий (Страгородский), мөн академийн шалгагч архимандрит Феофан (Быстров), епископ Гермоген (Долганов) нартай танилцсан байна.

1905 оны 11-р сарын 1-нд Распутин анх удаа II Николай хаантай уулзсан тухай Эзэн хааны өөрийн хөтөлдөг байсан тэмдэглэлд үлджээ.

Распутин Эзэн хаанд нөлөөлж улс орныг эсрэг үйл ажиллагаа явуулж байна гэж зарим улс төрчид үзэж түүний эсрэг хэрэг үүсгэж байжээ. “Распутины хэрэг” бол Орост төдийгүй дэлхийн түүхэн дэх “хар пиар”-ын анхны хэргүүдийн нэг гэж үзэж болно. Распутины хэрэг нь "улс дахь оюун санааны болон сэтгэл зүйн хамгийн ноцтой хуваагдлын хамгийн тод жишээ болсон" гэж зарим түүхчид үздэг юм.

1911 онд Распутин сайн дураараа нийслэлийг орхиж, Иерусалимд мөргөл үйлдэхээр явжээ.

1912 оны 1-р сарын 23-нд Дотоод хэргийн сайд Макаровын тушаалаар Распутиныг нас барах хүртэл нь гүцэтгэх ажлаар нууцаар мөрдөж хяналтад авч байжээ.

Григорий Распутин 1916 оны 12-р сарын 17-ны шөнө (12-р сарын 30, шинэ хэв маяг) Мойка дахь Юсуповын ордонд алагджээ. Хуйвалдагчид: Ф.Ф.Юсупов, В.М.Пуришкевич, Их гүн Дмитрий Павлович, Британийн MI6 тагнуулын ажилтан Освальд Райнер нар байсан гэдэг.


Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Григорий Распутин – Викимедиа зураг, бичлэг, дууны сан