Интерпол

 
Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага – Интерпол
ОУЭЦБ-Интерпол
 
Лион дахь Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газар
Англи нэршил The International Criminal
Police Organization – Interpol
Байгууллагын төрөл Олон улсын цагдаагийн байгууллага
Байгууллагын төв

Лион, ФранцФранц Франц

Дарга ГерманГерман Юрген Шток
(ерөнхий нарийн бичгийн дарга)

Өмнөд СолонгосӨмнөд Солонгос Ким Жонъян
(ерөнхийлөгч)

Гишүүн улсууд 194:

Гишүүн улсууд

Албан- ба ажлын хэл

Англи, франц,
араб, испаниар

Байгуулагдсан

1923

www.interpol.int

Интерпол буюу Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага (франц хэлээр.Organisation internationale de police criminelle) нь гэмт хэргийг таслан зогсоох, дэлхийн улс орнуудын цагдаагийн байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой олон улсын байгууллага юм. Байгууллагын нэрийг Интерпол гэж товчлон нэрлэж хэвшсэн. Байгууллагын төв байр нь Франц улсын Лион хотод байрладаг. Бүс нутгуудийг хариуцсан 7 товчоо, Үндэсний төв товчооноос бүрдэх 194 гишүүн оронтой томоохон байгууллага юм.[1] Үйл ажиллагаа болон гишүүн орнуудынхаа цар хүрээгээр НҮБ-ын дараа бичигдддэг.

Интерпол нь 1914 онд хууль сахиулах хамтын ажиллагааны чиглэлээр 24 улс орны төлөөлөгчдөөс бүрдсэн Олон улсын Эрүүгийн цагдаагийн конгрессийн үеэр үүсгэн байгуулагдах үндэс суурь нь тавигдсан. 1923 онд Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Комисс нэртэйгээр байгуулагдсан. 1956 онд зохион байгуулагдсан хурлын үеэр дүрмээ шинэчлэн баталж, байгууллагынхаа нэрийг цахилгаан мэдээний код болох ИНТЕРПОЛ гэсэн нэршлийг ашиглахаар албан ёсоор шийдвэрлэсэн.

Түүх[засварлах | кодоор засварлах]

19-р зууныг хүртэл дэлхийн улс орнуудын цагдаагийн байгууллагын хамтын ажиллагаа нь тодорхой зорилго буюу эрүүгийн хэргийг шийдвэрлэх түр зуурын шинж чанартай байв. Олон улсын цагдаагийн байгууллагын албан ёсны, байнгын тогтолцооны хамгийн анхны оролдлого нь 1851 онд Герман хэлээр ярьдаг улс орнуудын цагдаа нарыг нэгтгэх зорилгоор байгуулагдсан Германы Цагдаагийн Холбоо юм. Тус холбооны үйл ажиллагаа нь ихэнхдээ улс төрийн зөрчил, улс төрийн гэмт хэрэгтнүүд дээр төвлөрсөн байв. Үүнтэй төстэй төлөвлөгөөг 1898 онд Италийн Ром хотод болсон Анархистын эсрэг бага хурлаар Европын 21 улсын төлөөлөгчид Олон Улсын Анархист хөдөлгөөний асуудлыг шийдвэрлэх албан ёсны бүтэц бий болгох талаар хэлэлцсэн. 1904 онд Санкт-Петербургт болсон чуулга уулзалт, түүний дараа хийсэн уулзалтуудаар тус асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсэн ч үр дүнд хүрээгүй.

20-р зууны эхэн үед олон улсын аялал жуулчлал, худалдаа эрчимжиж эхэлснээр үндэстэн дамнасан эрүүгийн байгууллага болон хууль зөрчигчдийг илрүүлэхэд олон улсын цагдаагийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэд хэдэн оролдлого хийсэн. Хамгийн эхнийх нь 1914 онд Монакод зохион байгуулагдсан Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Конгресс бөгөөд 20 гаруй улсын цагдаа, хууль сахиулах ажилтнууд нэгдэж гэмт хэрэг мөрдөн шалгах, мөрдөн байцаах арга техникээ солилцох, шилжүүлэн өгөх ажиллагааны талаар хэлэлцэхээр тогтсон.[2] Монакогийн Конгрессоор Интерполын үндэс суурь болсон арван хоёр зарчим, тэргүүлэх чиглэлийг гаргасан бөгөөд үүнд улс орны цагдаагийн байгууллагууд хоорондоо шууд холбоо тогтоох, шүүх, мэдээлэл цуглуулах олон улсын стандартыг бий болгох, шилжүүлэн өгөх хүсэлтийг үр дүнтэй боловсруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг чухал асуудлуудыг тусгасан. Дэлхийн нэгдүгээр дайны улмаас олон улсын цагдаагийн байгууллага байгуулах санаа биеллээ хараахан олоогүй. Америкийн Нэгдсэн Улс 1922 онд Нью-Йорк хотод Олон улсын цагдаагийн бага хурал зохион байгуулсан боловч энэ нь олон улсын анхаарлыг татаж чадаагүй.

Үүнээс нэг жилийн дараа буюу 1923 онд Вена хотод болсон Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Бага хурлаар Венийн Цагдаагийн газрын дарга Иоханнес Шоберер тэргүүлэн шинэ санаачилга гарав. 22 улсын төлөөлөгч Вена хотод төвтэй Олон улсын эрүүгийн цагдаагийн комиссыг (ОУЭЦК) үүсгэн байгуулахаар тохиролцсон нь Инперпол байгууллагын үндэс суурь болсон. Үүсгэн байгуулагчдын бүрэлдэхүүнд Австри, Герман, Бельги, Польш, Хятад, Египет, Франц, Грек, Унгар, Итали, Нидерланд, Япон, Румын, Швед, Швейцар, Югославын цагдаагийн албан хаагчид багтсан. Байгуулагдсан жилдээ ОУЭЦК-ын Олон нийтийн аюулгүй байдлын сэтгүүлд эрэн сурвалжлагдаж буй гэмт хэрэгтнүүдийг мэдээллийг нийтэлж эхэлсэн. Их Британи улс тус байгууллагад 1928 онд элссэн.[3] АНУ-ын цагдаагийн байгууллагын төлөөлөл албан ёсоор 1923 оны хуралд оролцсон хэдий ч 1938 он хүртэл элсээгүй. 1934 он гэхэд ОУЭЦК-ны гишүүнчлэл 2 дахин нэмэгдэж 58 улс орон гишүүнээр элссэн.

1938 онд нацистууд Австри улсыг эзлэн, өөртөө нэгтгэснээр Вена хотод төвтэй тус байгууллага нацист Герман улсын мэдэлд орж, Комиссын төв байр 1942 онд Берлин хот рүү нүүсэн. Ихэнх гишүүн орнууд энэ хугацаанд тус байгууллагад дэмжлэг үзүүлэхээс татгалзсан. 1938-1945 онуудад Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Комиссын Ерөнхийлөгчөөр Отто Штайнхаус, Рейнхард Хейдрих, Артур Небе, Эрнст Калтенбруннер нар ажилласан. Эдгээр хүмүүс нь бүгд SS-ийн генералууд байсан бөгөөд эдгээрээс Калтенбруннер нь Нюрнбергийн шүүх хурлын дараа цаазлагдсан хамгийн өндөр албан тушаалтан байсан юм.

1946 онд Дэлхийн 2-р дайн дууссаны дараа Бельги, Франц, Скандинавын хойгийн орнууд, Их Британи улсын албан тушаалтнууд нэгдэж, нэршлийг Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага (ОУЭЦБ) болгож шинэчлэв. Байгууллагын шинэ төв байр Парис хотод байрлаж байгаад, 1967 оноос хойш Парисын захад орших Сен-Клу коммун руу нүүж 1989 онд Лион хот дахь одоогийн байранд орох хүртлээ байрлажээ.

1980-аад он хүртэл Интерпол нь байгууллагын дүрмийн 3-р зүйлд заасны дагуу "улс төрийн" асуудалд хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримталж нацист дайны гэмт хэрэгтнүүдийг яллах ажиллагаанд оролцоогүй. [4]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Интерпол – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Интерпол – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. https://www.interpol.int/en/Who-we-are/General-Secretariat
  2. https://www.jstor.org/stable/3115142?seq=1
  3. https://www.interpol.int/Who-we-are/Member-countries/United-Kingdom[permanent dead link]
  4. Barnett, M.; Coleman, L. (2005). "Designing Police: INTERPOL and the Study of Change in International Organizations". International Studies Quarterly. 49 (4): 593. doi:10.1111/j.1468-2478.2005.00380.x.