Jump to content

Юань Улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(Их Юань улс-с чиглүүлэгдэв)
Их Юань
  • 大元
  • Dà Yuán (Хятад)
  • ᠳᠠᠢ ᠦᠨ ᠤᠯᠤᠰ
  • [Дай Өнь улс] Error: {{native name list}}: Non-latn text/Latn script subtag mismatch (help) (Монгол)
[1]
1271–1368
Юань Улс (1290 он)[note 1]
Юань Улс (1290 он)[note 1]
ТөлөвХааны захирсан Их Монгол Улсын хэсэг[note 2]
Хятадын байлдан дагуулагдсан улс
Нийслэл
Нийтлэг хэл
Албан ёсны бичигДөрвөлжин бичиг[5]
Шашин
Буддын шашин (Төвөдийн Буддын шашин де-факто төрийн шашин), Монголын Тэнгэр шүтлэг/Хятадын Тэнгэрийн мөргөл, Бөө мөргөл, Бомбын шашин, Күнзийн сургаал, Хятадын ардын шашин, Несторийн христ, Ромын Католик христийн шашин, Иудаизм, Манихейн шашин, Ислам
Төр засагХаант засаг
Эзэн хаан 
• 1260–1294
Хубилай хаан
• 1332–1368
Тогоонтөмөр хаан
Зайсан 
• 1340–1355
Тогтох чинсан
Түүхэн эринPostclassical Era
• Хубилайг эзэн хаанаар өргөмжлөв[note 3]
1260 оны 5 сарын 5
• Хубилай "Их Юань" улсын нэрийг тунхаглав[6]
11 сарын 5, 1271
1268–1273
1276 оны 2 сарын 4
1279 оны 3 сарын 19
1351–1368
• Ханбалиг хотыг Мин улсын арми эзлэв
9 сарын 14, 1368
• Умард Юань улс байгуулагдав
1368–1388
Газар нутаг
1310[7]11000000 км2
Мөнгөний нэгжЖяочяо мөнгөн тэмдэгт, Хятад мөнгө
Өмнө нь
Дараа нь
Их Монгол Улс
Сүн улс
Умард Юань
Мин улс

Их Юань Улс бас өөрөөр Дай Өнь хэмээх Их Монгол Улс[8][9][10] (монгол бичиг: ᠳᠠᠢ ᠦᠨ ᠤᠯᠤᠰ
ᠬᠡᠮᠡᠬᠦ
ᠶᠡᠬᠡ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ
[11]; галиг: Dai Ön kemeku yeke Mongɣol ulus[11]; ханз: 大元; пиньинь: Dà yuán) (1271–1368) нь Чингис хааны байгуулсан, Их Монгол Улсын үргэлжлэл тул түүхэн дэх хамгийн том газар нутагтай эзэнт гүрнийг удирдах төв нь байснаараа онцлогтой бөгөөд Монгол угсаатны байгуулсан Монгол, Хятад, Солонгос улсуудын газар нутгийг эзлэн оршиж байсан феодалын нийгэмт хаант улс байсан юм.

"Юань" гэсэн үгийн тайлбар

[засварлах | кодоор засварлах]

Их Юань (Дай Өнь, Хятад: 大元) гэдэг нэр бол Хятадын “Зурхайт ном (易經)” -ын “Цянь юань” буюу “тэнгэр мэт их” хэмээх утгыг үндсэлж өгсөн нэр болно.[12] "Хөх Тэнгэр", "Хөх Монгол" гэдэгт ордог "Хөх" гэсэн утга 元 (нан. yuán)-д байна. Хятад хэлний "Үгийн далай 辭海" хэмээх Их толь (7р утгыг үз), "Хятад хэлний Их толь" (Тайванд хэвэлсэн, 21р утгыг үз), "Япон Хас толь" (21р утгыг үз)-нуудад байна. 元 (yuán) нь 玄 (хөх, тэнгэр өнгө) тэй ижил утгатай (元通玄) гээд, Юанийн үед тийн хэрэглэж байсан тайлбартайгаа байна гэж эрдэмтэн Балдандоржийн Сумъяабаатар баталгаа гаргаж ирэв. "Юань улс" гэдгийн монгол нэр нь "Хөх Монгол" юм.[13][14] Гэвч энэ тайлбар нь нэг хувилбар төдий юм. Даян дэлхийн улс гэсэн санааг агуулж Даян улс гэж монголоор нэрлэсэн. Хятад хэлэнд Дай Юань гэж буулгасан төдий юм.

Юань улс байгуулагдсан нь

[засварлах | кодоор засварлах]
Юань улсыг байгуулсан Монголын их хаан Хубилайн хөрөг

1260 онд Хубилай өөрийгөө хаанд өргөмжилж, улмаар 1267 онд Монголын нийслэлийг Хархорум хотоос хуучин Алтан улсын Жунду (Дайду) (одоогийн Бээжин хотын баруун хойд талд байсан) хотод шилжүүлэв. 1271 онд Их Монгол Улсын нэрийг өөрчилж, Юань хэмээн нэрийдсэнээр Монголын эзэнт гүрэн Алтан Орд, Ил Хаант Улс, Цагадайн улс, Юань улс гэсэн дөрвөн хаант улсад хуваагдсан түүхтэй.

Хубилайн дараах үеийн Юань улс

[засварлах | кодоор засварлах]

Хаан ширээний залгамжлал нь Юань гүрэнд томоохон асуудал болж байсан ба хожим нь дотоод тэмцэл болон томоохон маргааны эх үүсвэр болсон юм. Энэ нь Хубилайн хаанчлал төгсөхөд илэрхий болсон юм. Хубилай анхнаасаа түүний ууган хүү болох Чингимийг хаан ширээгээ залгамжлуулах хүсэлтэй байсан боловч Чингим 1285 онд хаан эцгээсээ өмнө таалал төгссөн. Иймээс Чингимийн хүү болох Төмөр өлзийт хаан Хубилай хааны үхлээс хойш 10 гаруй жил (1294-өөс 1307 оны хооронд) улсаа удирдсан юм. Төмөр хаан өвөг эцгийнхээ хийсэн маш их ажлуудыг үргэлжлүүлэхээр зориг шулуудан шийдсэнээс гадна Монголын баруун зүгт орших бусад хаант улсуудтай эв найрамдлын харилцаа тогтоожээ. Гэсэн хэдий ч бутрал эв нэгдэлгүй байдал Төмөр хааны хаанчлалын үеэс эхэлсэн байна. Түүний хаанчлалын жилүүдэд өрнөсөн хамгийн том үйл явдал нь Хайдугийн тэмцлийг бүр мөсөн дарж чадсан явдал юм.

Дөрвөлжин бичиг

Хайсан хүлэг хаан Төмөр хааныг таалал төгссөний дараа Юань улсын хаан болжээ. Тэрбээр Хубилай хааны ажлыг үргэлжлүүлэх нь байтугай харин ч эсрэгээрээ түүний хийсэн зүйлийг нураажээ. Түр зуурын хаанчлалын (1307-оос 1311 хүртэл) үед Юань гүрэн санхүүгийн бэрхшээлүүдтэй тулгарч эхэлсэн нь Хайсан Хүлэг хааны хийсэн зарим зүйлүүдтэй шууд холбоотой байсан. Хайсан Хүлэг хааныг нас нөгчих үед, Юань улсын сан хөмрөг хоосорч маш их өрөнд орж Юань гүрний улс төрийн тогтворгүй байдлын эх үүсвэрийг тавьсан байна.

Аюурбарбад хааны засаглалын үед улс орон нэг үе ахин сэргэн, улс төрийн байдал тогтворжиж эхэлсэн ч Аюурбарбад хааны урьд ахдаа амласан амлалтнаасаа буцан өөрийн хүүгээ хунтайж болгосон нь Юань улсад өрнөх дотоодын улс төрийн хямралын эхлэлийг тавьжээ. Тус хааныг нас барсны дараа түүний хүү Шадбал хаан суугаад 2 жилийн дараа Тэгш ноёноор толгойлуулсан босогчдод хороогдсон. Түүний дараа Жинь ван Есөнтөмөр хаан суудалд суув. Энэ хааны үед Юань улс сүүлийн удаа амар тайван байсан ч 1328 онд Есөнтөмөр хаан Шанду хотод нас нөгчсөнд Шанду хотыг сахин суусан Давлат шах, Ванчин зэрэг түшмэл, түүний хөвгүүн Аригиба хаан өргөмжилжээ. Мөн энэ үед Дайду хотыг сахин суусан Хайсан хааны хуучин түшмэл Янтөмөр нар Тугтөмөрийг Нанжин хотноос тосон авчирч Дайду хотод хаан өргөмжилжээ. Ингээд монголчууд нэгэн зэрэг хоёр хаантай болж Их нийслэл Дайду, дээд нийслэл Шандугийн хооронд өөр өөрийн өргөсөн хаанаа хамгаалах ширүүн дайн болов. Эцсийн дүнд Шандугийн тал ялагдаж Тугтөмөр хаан суужээ. Гэвч Тугтөмөр журам ёсыг дээдлэн Хархорумыг сахин суусан ах Хүслэндээ хаан суурийг найр тавихаа илтгэв. Ингээд 1329 онд Хүслэн Хархорумаас ирж хасбуу тамгыг хүлээн авч хаан ширээ эзэлсэн боловч хэдэн өдрийн дараа гэнэт нас нөгчжээ. Тугтөмөр хаан ширээгээ сэргээв. Юань улсад иргэний дайн дэгдэн үй олон хүний амийг авч одсон тэмцэл 10 гаруй жил өрнөж, уг улсын байдал туйлын тогтворгүй болж ирсэн.

Юань улсын мөхөл

[засварлах | кодоор засварлах]

14-р зууны дунд үед Юань улсын газар нутагт дараалсан олон усны үер болсоны улмаас 1351 онд шар мөрний далан задарсан аж. Тухайн үед Юань гүрнийг Тогоонтөмөр хаан удирдаж байсан бөгөөд тэрбээр өмнө зүгт Шаньдуны хагас аралд шинээр суваг бариулсан байна. Яг энэ үеэс эхлэн хятадууд анх удаа бослого зохион байгуулж эхэлжээ. Үүний дараа хэд хэдэн томоохон бослого хөдөлгөөн гарч эхэлсэнээс хятадуудын хувьд хамгийн чухал бослогын бүлэг нь улаан алчууртны бослого байсан юм. Тус бослого нь одоогийн Аньхуй, Жяньсу, Жэжян, Юньнань, Сюйчуань, Шаньдун, Хэнань, Хүбэй зэрэг мужуудыг хамарсан. Анх Хань Шань Тун, Лю Футун нар тус бослогыг өдөөсөн. Яваандаа хүч нь нэмэгдсээр 1368 онд Юань улсыг мөхөөхөд гол нөлөө үзүүлсэн.

Юань улсын сүүлийн хаан Тогоонтөмөрийн үед бослого хөдөлгөөн жил алгасалгүй гарч, ихэс ноёдын зөрчил дээд цэгтээ тулж, улс орон самуурч байсаар 1368 онд Юань улс мөхөж, Монголчуудын эзэгнэл төгсгөл болжээ.

Эдгээрээс гадна Юань улсыг мөхөлд хүргэсэн өөр шалтгаанууд ч бас бий. Үүнд дэлхийг эзэгнэсэн том гүрнийг удирдан захирч авч явах чадвартай хаан байгаагүй нь хамгийн гол хүчин зүйл байв. Өөр нэг шалтгаан нь 14-р зууны хоёр дахь хагаст гарсан тахлаас шалтгаалан алс холд хийж байсан худалдааны системд муугаар нөлөөлсөн байна. Хятад гүрнийг эзэлж байгаад хөөгдсөн бусад үндэстэнтэй харьцуулбал монголчууд хэдийгээр хятадад хаанчлалаа алдсан ч Юань улсын дараа бий болсон Мин улсын хойд хэсэгт үзүүлэх нөлөө нь хүчирхэг хэвээр байсан юм. Юань улсын үед эхэлсэн улсын нэгдсэн бодлого болоод засаг захиргааны санаачлагуудыг Мин улс тэр хэвээр нь үргэлжлүүлэн хэрэглэсэн байна.[15]

Юань гүрний үеийн засаг захиргааны зохион байгуулалт

[засварлах | кодоор засварлах]

Хубилай хааны төр барьсан эхний жилүүдээс монголын төрийн төв хуучин Алтан улсын нутагт шилжсэн нь эзлэгдсэн хятад нутгийг захирахын тулд хятадын төрийн уламжлалт бүтцийг Их Монгол Улсын хэмжээнд хэрэглэж эхлэл тавигдсан. Анх Өгэдэй хааны үед Алтан улсыг дайлан дагуулсан цагт зөвхөн эзлэгдсэн хятад орныг хуучин бүтэц зохион байгуулалтаар нь захирах бодлого хэрэгжүүлж байсан бол, Хубилай сэцэн хааны үеэс эхлэн нийт монгол гүрэн даяар хэрэгжүүлж эхэлсэн. Сэцэн хааны зөвлөх Лю Бинжун тэргүүтэй хятад түшмэд монголын төрийн бүтэцийг хятадын төрийн тогтолцоогоор солих ажлыг боловсруулсан. Анхны төслийг 1260-1271 онуудын хооронд хэд хэдэн удаа засварлаж дараах байдлаар зохион байгуулсан.

Их Хаан
Юй ши тай Жун шу шэн Шу Ми Юань
Муж бүр дэх салбарууд Сангийн яам Ёслолын яам Үйлдвэрлэх яам Муж бүр дэх салбарууд
Цэргийн яам Шүүх яам Түшмэлийн яам
11 мужийн төвлөн засах яамд

Юань улсын хамгийн дээд эрх мэдлийг хаан хязгаарлалтгүйгээр барих бөгөөд төвлөн засах яам (Уг яаманд Сангийн яам, Ёслолын яам, Цэргийн яам, Шүүхийн яам, Үйлдвэрлэх яам зэрэг 6 яам харьяалагдаж байв), нууц бичгийн яам , зарга шийтгэх яам гэх гурван бие даасан харилцан хяналт тавих үүрэг хүлээсэн яамд ажиллаж байсан байна. Тус яамыг зарим үед хунтайж Жун шу лин буюу эрхэлсэн сайдын албан тушаалыг хашиж, түүний доор хоёр чинсан байдаг байлаа. Гэхдээ эрхэлсэн сайд гэдэг нь байнгын бус түр орон тоо юм. Энэ нь хунтайж нас барах, хаан болох үед арилгадаг байсан. Юань улсын үед Дорж (1261-1263), Чингим (1273-1286), Буянт хаан (1307-1311), Гэгээн хаан (1316-1320) нар уг тушаалыг хашиж байсан. Төвлөн засах яамны эрхэлсэн сайдын дараа баруун, зүүн этгээдийн тэргүүлсэн сайд чинсан нар орж байжээ. Баруун этгээдийн сайд нь зүүнийхээс илүү эрх мэдэлтэй байв. Тэргүүн сайдын дор, цэрэг улсын хүнд хэргийг тэгшлэн засагч түшмэл (᠋平章政事) хэмээх дөрвөн сайд, засагт туслагч түшмэл байв.

Түүний дараа Цэргийн явдлын хүрээлэн нь цэргийн үйлийг хариуцаж, дайн зарлах, цэргийн бүртгэл, цэргийг орон нутагт тараан хувиарлан суулгах гэх мэт асуудлыг хариуцаж байсан бөгөөд зөвхөн хаанд шууд захирагдах Шумиши түшмэл захирдаг байжээ.

Юй ши тай буюу Зарга шийтгэх яам нь түшмэдийн албанд нь хяналт тавьж дэвшүүлэх юмуу бууруулах эсэхийг тогтоох, шүүн таслах, зарга хэлэлцэх асуудлыг хамаарч байсан. Энэхүү хоёр яамд нь мөн адил орон нутагт салбартай байснаас гадна тус бүрийг хариуцсан түшмэл томилж байсан.

Мөн эдгээрээс гадна тус бүрдээ үүрэг хүлээсэн 20 гаруй яам, тэднээс салбарласан олон зуун хүрээлэн, асар, хэлтэс, товчоо зэрэг байгуулагдаж, зарим нь цаг үеийн шалгуураар татан буугдах, нэгтгэгдэж байсан.

Үүнд:

  1. Тариалангийн хэргийн их хэлтэс[16] (大司農司)
  2. Алтан ургийг хамаарах шилтгээн[16] (大宗正府): Алтан ургийн ноёд тайж, хатад охидын хэргийг хамаарах байгууллага.
  3. Бичгийн утгачд хавсаруулсан улсын түүхийн хүрээлэн[16] (翰林兼國史院): Хятад хэл, бичгээр улсын түүх шастир зохиох, хааны зарлигийн эхийг зохиох, зарлигийг нийтэд тунхаглах, түшмэдийн шалгалтийг зохион байгуулах үүрэгтэй.
  4. Монгол бичгийн утгачийн хүрээлэн (蒙古翰林院): Монгол хэл бичгээр хааны зарлигийг нийтлэх, төрийн хэргийг монгол хэлээр бичих нийтлэх, монгол бичгээр тамга, тэмдэг, судар шастир бичих; монгол түшмэдийг сургах гэх мэт
  5. Засаг нэвтэрүүлэх хүрээлэн[16] (通政院): Өртөөний хэргийг хариуцна.
  6. Мэргэд чуулах хүрээлэн[16] (集賢院)
  7. Засаг дэлгэрүүлэх хэлтэс[16] (宣政院): Төвөд зэрэг баруун зүгийн хараат орныг захирах байгууллага.
  8. Үзэсгэлэн дэлгэрүүлэх хэлтэс[16] (宣徽院): Алтан ургийн болон монгол ноёд ихэсийн зоог хүнс, идэш уушийг түгээх үйлийг хариуцна.
  9. Их тайлгыг хамаарсан хүрээлэн (太常禮儀院)
  10. Төрийн тамга хамаарах хүрээлэн (典瑞院)
  11. Зурхайн хүрээлэн (太史院)
  12. Эмчийн хүрээлэн (太醫院)
  13. Төв засгийн хүрээлэн[16] (中政院): Хааны ордны эд хөрөнгө, зоог хүнсийг зохицуулах байгууллага.
  14. Эрдэм дэлгэрүүлэх асар бичгийн утгачийн хүрээлэн (奎章閣學士院)
  15. Их Ордын дотоод хэргийг хамаарах шилтгээн (內史府): Чингис хааны дөрвөн их ордын тайлга тахилга, харьяат ардын хүнс зоог, ахуйн хэрэг, хятад нутаг дахь соёрхол газраас авах татвар татаасыг бие даан зохицуулах зэрэг үүрэгтэй байгууламж. 1292 онд байгуулагдаж, 1328 он хүртэл жинь ван удирдаж, 1328-1368 он хүртэл төлөөний түшмэд удирдаж байсан.

Нутаг дэвсгэрийн хуваарь

[засварлах | кодоор засварлах]

Юань улсын сударт бичсэнээр засаг захиргааны хуваарь байнга өөрчлөгдөж байсан бөгөөд 1330 оны байдлаар Төвлөн засах төлөөний яам-11, чөлгэ (лу)-185, Фу-33, жоу- 359, сянь-1127 байжээ. Уугуул Монгол нутагт засаг захиргааны хуваарь өөрчлөгдсөнгүй. Хууль цааз нь төрийн асуудлыг зохицуулахад чиглэсэн дүрэм журам байлаа. Юань гүрний үед нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж нь муж байв. Мужийг дотор нь:

Дотоод муж нь Төвлөн засах яаманд шууд захирагддаг Хэбэй, Шаньдун, Шаньси гурван мужийг багтааж байсан.

Юань улсын нутаг дэвсгэрийн хуваарь

Харин гадаад муж нь нийт нийслэл хотоос алслагдсан бусад мужийг хэлж байсан.

Үүнд:

  1. Давааны Ар нутгийн син жун шу шэн (嶺北行省): Хархорумаар төвлөрсөн Монгол нутаг.
  2. Хэнань Жяньбэй нутгийн син жун шу шэн (河南江北行省)
  3. Хугуан нутгийн син жун шу шэн (湖廣行省)
  4. Ганьсу нутгийн син жун шу шэн (甘肅行省)
  5. Жяньши нутгийн син жун шу шэн (江西行省)
  6. Жяньжэ нутгийн син жун шу шэн (江浙行省)
  7. Ляоян нутгийн син жун шу шэн (遼陽行省)
  8. Шэньси нутгийн син жун шу шэн (陝西行省)
  9. Сычуан нутгийн син жун шу шэн (四川行省)
  10. Юньнань нутгийн син жун шу шэн (雲南行省)

Муж нь дотроо: Лу (сүүлийн үед Зам, Чөлгөө, Чөлгэ, Цүлх гэж нэрлэгдэх болсон), Фу (сүүлийн жилүүдэд Шүлтгэн, Шилтгэн гэх нэршилийг Түүхийн хүрээлэнгийн бүтээлүүдэд тавигдах болсон), Жоу, Сянь гэж хуваагддаг.

Мужийг Юань улсын үед хятадаар Синь Жун Шу Шэн гэж нэрлэх бөгөөд энэ нь Төвлөн засах яамны төлөөний яам гэсэн утга агуулна. Үүнийг заримдаа Син шэн, Шэн гэх зэргээр товчлох асуудал байсан. Мөн орон нутаг дахь Нууц бичгийн яам, Зарга шийтгэх яамнуудын салбар байгууллага муж бүрт байршиж байсан. Тэдгээрийг син шу ми юань, син юй ши тай гэх зэргээр нэрлэж байсан.

Эдгээрээс гадна юань улсын үед байсан нэг томоохон зүйл нь хааны ургийн болон гавъяат ноёд, ван нарын эзэмшил газар юм. Тухайн цагт хааны ургийн олон вангууд хятад газарт хувь эзэмшилтэй байжээ. Энэ нь тухайн үед ихээхэн өрнүүн дэлгэрсэн үзэгдэл байсан юм. Эдгээр эзэмшил газар нь төрийн засаг захиргааны нэгжтэй хамт оршиж, голдуу мужуудын фу, жоу, сянь зэрэг доод түвшний нэгжид эзэмшилтэй байсан. Гэхдээ тэрхүү газар эзэмшил нь дараах хоёр төрөлтэй байсан.

  1. Газар нутаг, оршин суугчидыг хамтад нь өгөх
  2. Зөвхөн оршин суугчидыг өгөх

Энэ үзэгдэл нь Монгол нутагт байсан юм. Буянт хааны үед гэхэд дараах ноёдын эзэмшилд хуваагдаж байсан.

Юань улсын үеийн Монгол орон
  1. Туул, Онон, Хэрлэн, их ордос буюу их хориг зэрэг зүүн хойд нутаг нь Жинь ван Гамала, Есөнтөмөр нар захирсан, 1328 оноос төрийн захиргаанд очсон.
  2. Онон, Хэрлэн голын зүүн хэсэг, одоогийн Дорнод аймаг хавийн нутаг нь Бөх Бэлгүтэйгийн хойчисын захирсан нутаг
  3. Эргүнэ мөрөн, Далай нуур хавийн нутаг Хасарын хойчисын захирсан нутаг
  4. Алтайн нуруу, Эрчис мөрний дунд бие нь Өгэдэй хааны 7-р хөвүүн Мэлиг ноёны хойчисын захирсан нутаг
  5. Сэлэнгэ мөрний нутаг нь Сүлдүс аймгийн дархан нутаг
  6. Буйр нуур, халх гол орчмын нутаг нь Тэмүгэ Отчигины хойчисын захирсан нутаг

Эдгээрээс гадна тухайн зарим мужид Төвдийг захирах Засаг уламжлах яам (Сюань Жэн Юань), сюань вэй сы (дэлэгрэнгүй тохинуулах хэлтэс гэж орчуулдаг) , ань фу сы (амгаланг тохинуулах хэлтэс), жюнь (цэргийн анги), дао гэх мэтийн нэршил бүхий засаг захиргааны нэгж байршиж байсан.

Аливаа удирдах албанд заавал монгол хүнийг томилох бөгөөд 25-аас дээш насны Монгол дарга нараар захируулдаг байв. Харин гацаа болон тосгодыг хятад хүнээр захируулдаг байжээ. Энэ нь монгол хүний тоо хятад нутгийнхантай харьцуулахад хэт цөөн байснаас улбаалаад бүх шатанд хүрч ажиллах боломжгүй учир зөвхөн дээд удирдах шатанд томилдог байжээ. Гэхдээ Монгол хүн гэдэгт Их Монгол улсад хамгийн түрүүнд дагаар орсон Харлиг, Уйгур, Түрэг, Хятан зэргийн хүмүүсийг багтаах явдал байсныг анхаарууштай.

Хараат улсуудыг захирах мужууд
[засварлах | кодоор засварлах]
  1. Жэньдун син жун шу шэн (征東行省): Гуулин улсаар төвлөрсөн, Японыг дайлах муж.
  2. Жэньмянь син жун шу шэн (征緬行省, Мьянмарын хэргийг хамаарах муж)
  3. Жяожи син жун шу шэн (交趾行省): Аннам буюу одоогийн Вьетнамын хойд хэсгийг захирах муж.
  4. Жаньчэн син жун шу шэн (占城行省) Чампа улсыг захирах муж. Одоогийн өмнөд Вьетнам, Лаос, Тайландын нутаг

Юань улсад монгол цэргээс гадна хятад, зүрчид, тангуд, кидан, курё, өнгөт нүдтэн (кипчак, асуд, уйгур, хотон, орос) зэрэг үндэстэн угсаатнаас бүрдсэн цэргийн анги үүрэг гүйцэтгэж байсан. Тус улсын зэвсэгт хүчин дараах төрөл нэгжээс бүрдэж байсан.

  1. Дарангуй цэрэг: Юань улсын цэргийн гол хүчний ерөнхий нэр. Чухал газар, цайз боомт хот зэргийг хамгаалж, бослого тэмцэл гарахад дарах үүрэгтэй.
  2. Хишигтэн цэрэг: Их Хааныг хамгаалагч торгон цэрэг.

Дарангуй цэргийг үндэс угсаа, гүйцэтгэх ур чадвар, төрөл ангиллаар нь дарангуй суух монгол цэрэг, тамачи цэрэг, бууч цэрэг, хятад цэрэг, шинэ дагасан цэрэг (Сүн улс мөхсөний дараа дагаж орсон цэргүүд), усан цэрэг, өртөөний цэрэг, орон нутгийн цэрэг гэх мэт төрөл ангилалтай байжээ.

  • Монгол цэргүүд нь хааны хишигтэнгээс гадна, Юньнань, хэнань, хэбэй, шаньси, ганьсу гэсэн хойд зүгийн болон зарим чухалд тооцогдох өмнө зүгийн мужийн гол хотуудыг дарангуйлан ноёрхож байсан.
  • Тамачи цэрэг нь Чингис хаан 1217 онд жалайрын Мухулай ноёнд ван цол өгч, Алтан улстай хийж байсан дайныг удирдах ерөнхий жанжин болгохдоо жалайр, уруд, мангуд, хонгирад, ихирэс аймгийн ноёд цэргийг захируулснаар тамачи цэрэг үүсэл эхлэдэг. Тамачи цэргийг зөвхөн энэ таван аймгаас татсан эрчүүдээр бүрдүүлж байсан тул уг таван аймгийн нэрийг таван түшээ аймаг гэж ерөнхийлөн нэрлэж байсан.
  • Хятад цэрэг нь Юань улсын цэргийн хүчний тооны хувьд ихэнхийг бүрдүүлж байсан. Умард хятадыг монгол, тамачи цэрэгтэй холилдон сахиж байсан бол өмнөд хятадыг дан хятад цэргийн ангиуд хамгаалж байсан. Хятад цэргийг дотор нь Алтан улсын хятад цэрэг, шинэ дагасан хятад цэрэг (Сүн улс мөхөх үед бууж өгсөн хятад цэрэг) гэж хоёр ангилж байв.
  • Өнгөт нүдтэн, орон нутгийн цэргүүд: Өнгөт нүдтэн гэх нэршилд баруун зүгээс олзлогдож ирсэн түрэг, перс, асуд, орос, зүүн европ, зүрчид, хидан, курё болон бусад хятад бус гаралтай иргэдийг багтаадаг. Тэдгээрээс асуд, кипчак, канли, орос цэргийг шилдэгт тооцож, хишигтэн болон дарангуй цэргийн дотор монгол цэргийн дараа орох нэр хүндтэй байсан. Тэднийг гүйцэтгэх үүрэг, төрөл мэргэжлээр нь хаад ноёдын шадар хамгаалагч, буут цэрэг, усан цэрэг мэтийн төрөл ангилалд хуваагдаж байсан.
Үндсэн өгүүлэл: Их Засаг
Үндсэн өгүүлэл: Жыюаний шинэ хууль
Юань гүрний үеийн баруун хойд хэсгийн газрыг дүрсэлсэн нь (XIX зуун)

Юань улсын үед монгол хаад ноёдын зүгээс суурин иргэд, малчин ардыг нэгтгэн захирах үүднээс хэд хэдэн хууль цаазын бичгийг хэрэглэж байлаа. Хубилай хаан, түүний шинэ улсад шинэ хуультай болох нь зайлшгүй зүйл байсан. Улмаар Жи Юаний шинэ хууль гэх хууль цаазын бичгийг Е Рун Зу гэх бичгийн түшмэл удирдаж 1291 оны 6 сарын 18-нд эмхэтгэсэн. Энэ хууль нь Алтан улсын Жанзун хааны үед зохиосон Тай Хэ Люй И гэх хууль цаазын бичиг, Чингис хааны үед зохиосон Их Засаг хуулийг үндэс болгосон байдаг. Уг хууль нь 96 зүйл, 10 бүлэгтэй. Үүнд түшмэдийн ёс, мөнгө санхүү, шашин шүтлэг, боловсрол, хулгайн хэрэг, цагдан хорих гэх мэт зүйлд хуваагдаж байлаа.

Мөн Төмөр Өлзийт хааны үед 1305 онд Да Дөгийн хуулийн эмтхэтгэл гэх хууль цаазын бичгийг гаргасан. Үүнээс гадна 1322-1323 оны хооронд Юань улсын хууль цаазын бичиг, Их Юань улсын нэвтэрхий хууль зэргийг эмхэтгэж баталсан. Тус бүр нь 2000 гаруй боть бөгөөд 20 гаруй бүлэгт хуваагдаж байдаг.

Юань улсын сүүл үед холбогдох бас нэгэн хууль цаазын бичиг нь 1338-1345 оны хооронд Тогоонтөмөр хааны зарлигаар Их Юань улсын нэвтэрхий хууль болон өмнөх үеийн хуулийг нэгтгэсэн нэгэн хуулийг гаргасан. Үүнийг хятадаар Жыжөн Тяогө гэдэг. Монголчилбол Жыжөнгийн хуулийн эмхэтгэл гэнэ. Энэ нь нийт 2909 боть бөгөөд удиртгал бүлэг нь 150 боть, хуулийн эмхэтгэл бүлэг нь 1700 боть, хавсралт бүлэг нь 1059 боть болдог. 1346 оноос албан ёсоор хэрэглэж эхэлсэн. Энэ хууль нь 22 жил болоод Мин улс байгуулагдахад халагдаж, хожуу Юнлө хааны үед бичигдсэн Юнлө Дадян, манж Тэнгэрийн Тэтгэсэн хааны үед бичигдсэн Дөрвөн хөмрөгийн данс бичмэл хэмээх хоёр бүтээлд багтсан билээ.

Их Хаад ба Хатад

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Юань улсын хаад
Монголын Их Хаад
Хөрөг Хааны нэр Цол Амьдарсан жилүүд Хаанчилсан жилүүд Хятад оны цол Хятад сүмийн цол
Хубилай Сэцэн хаан 1215-1294 1271-1294 он Чжунтун (1260-1264)
Жыюань (1264-1294)
Шизу
Төмөр Өлзийт хаан 1265-1307 1294-1307 Юаньжэнь (1295-1297)
Дадө (1297-1307)
Чэнзун
Хайсан Хүлэг хаан 1281-1311 1307-1311 Жыда
(1308-1311)
Узун
Аюурбарбад Буянт хаан 1285-1320 1311-1320 Хуанцин
(1311-1316)
Яньёу(1316-1320)
Рэньзун
Шадбал Гэгээн хаан 1303-1323 1320-1323 Чжичжи
(1320-1323)
Инзун
Есөнтөмөр 1293-1328 1323-1328 Тайдин
(1323-1328) Жыхө
(1328)
Тай Дин Ди
Аригиба 1320-1328 1328 Тяньшүнь
(1328)
Тянь Шүнь Ди
Хүслэн Хутагт хаан 1300-1329 1329 Тяньли
(1329)
Минзун
Тугтөмөр Заяат хаан 1304-1332 1328-1329,
1329-1332
Тяньли
(1328-1329)
Жышүнь
(1329-1332)
Вэньзун
Ринчинбал Эрдэнэцогт хаан 1326-1332 1332 Жышүнь (1332) Нинзун
Тогоонтөмөр Ухаант хаан 1320-1370 1333-1368 Юаньтун
(1333-1335)
Жыюань
(1335-1340)
Жыжөн
(1340-1370)
Хуйзун
Шүнь Ди
Хөрөг Хатны нэр Овог аймаг Хатан суусан үе
Чамбуй Хонгирад 1260-1281
Намбуй Хонгирад 1285-1286
Шириндарь Хонгирад 1295-1305
Хөрөг нь зурагдаагүй Булган Баягуд 1305-1307
Жэнгэ Хонгирад 1307-1311
Раднашири Хонгирад 1311-1320
Сугабал Ихирэс 1320-1323
Бабухан Хонгирад 1323-1328
Будашири Хонгирад 1328-1329, 1329-1332
Бабуша Хонгирад 1329
Дармашири Хонгирад 1332
Хөрөг нь зурагдаагүй Данашири Кипчак 1333-1335
Хөрөг нь зурагдаагүй Баянхутуг Хонгирад 1335-1365
Хөрөг нь зурагдаагүй Өлзийхутуг Курё улс 1365-1368

Юань улсын эдийн засаг

[засварлах | кодоор засварлах]
Үндсэн өгүүлэл: Юань улсын зоосон мөнгө
Юань улсын мөнгөн зооснууд

Юань улсын үед хөдөө аж ахуйг үндэс болгосон олон төрлийн аж ахуйг зэрэг хөгжүүлэх бодлого баримталсны дүнд таримлын төрөл зүйл олширч тариа будааг элбэг хураах болсон бөгөөд мал сүрэг ч өнөр өссөн байна. Юань улсын үед гар үйлдвэр ихээхэн хөгжжээ. Жишээ нь: хөх цэцэгтэй цагаан шаазан нэгэнт дэлхийн хэмжээний шилдэг бүтээгдэхүүн болж олон оронд борлуулагдаж байжээ. Онгоц хийх мэргэжил дээшилж усан флоттой болжээ. Хубилай хаан анх удаа хууль ёсны баталгаатай цаасан мөнгийг гүйлгээнд гаргасан нь олон улсын худалдааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой зүйл болсон байна. Юань улсын үед Ханчжоугаас Бээжин хүрэх усан сувгийг холбосон бөгөөд Шанхай, Ханчжоу, Гуанчжоу зэрэг нэлээд олон газрыг худалдааны чөлөөт бүс нутаг болгож ус хуурай хосолсон шинэ торгоны замыг нээж дэлхий олон орны эдийн засаг соёлын солилцоонд чухал хувь нэмэр оруулжээ.[12]

Урлагийн бүтээл

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Юань Улс – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • Arthur Cotterell: The Imperial Capitals of China - An Inside View of the Celestial Empire. Pimlico, London 2007, ISBN 978-1-84595-009-5 (англи хэлээр).
  • Ann Paludan: Chronicle of the China Emperors. Thames & Hudson, London 1998, ISBN 0-500-05090-2 (англи хэлээр).
  1. Монголын эрхшээлд байсан Гуулин улсын статус тодорхойгүй байна. Гуулин Юань гүрний дагуул улс байсан бол Тань Цисянь зэрэг олон эрдэмтэд үүнийг Юань улсын нутаг дэвсгэрээс гадуурх өөртөө засах улс гэж үздэг бол;[2][3][4] бусад нь Юань улсын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг гэж үздэг.
  2. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named GreatYuan
  3. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Emperor
  1. Walter Koh, ed. (2014). "China under Mongol Rule: The Yuan dynasty" (PDF). China Symposium.
  2. Tan Qixiang; et al. (1987). 《中国历史地图集》 [The Historical Atlas of China] (хялбаршуулсан хятад хэлээр). Vol. 7. SinoMaps Press. ISBN 978-7-5031-1844-9.
  3. Rossabi 1994, pp. 436–437.
  4. Rossabi 1988, p. 77.
  5. Andrew West, ed. (21 December 2006). "'Phags-pa Script: Description". BabelStone. Татаж авсан: 22 April 2023.
  6. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Proclamation1271
  7. Taagepera, Rein (September 1997). "Expansion and Contraction Patterns of Large Polities: Context for Russia" (PDF). International Studies Quarterly. 41 (3): 499. doi:10.1111/0020-8833.00053. JSTOR 2600793.
  8. Д, Идэр нар (2019). Их Юань хэмээх Их Монгол Улс. Vol. 2. Улаанбаатар: Степпе паблишинг. pp. 57–58.
  9. D, Tumurtogoo (2006). Mongolian monuments in Uighur-Mongolian script (XIII–XIV centuries) Introduction, transcription and bibliography. Taipei: Institute of Linguistics, Academia Sinica. pp. 20, 28.
  10. Cleaves, Francis Woodman (1951). "The Sino-Mongolian Inscription of 1338 in Memory of Jigüntei". Harvard Journal of Asiatic Studies. 14 (2): 6, 106 – via JSTOR.
  11. 11.0 11.1 Cleaves, Francis Woodman (1949). "The Sino-Mongolian Inscription of 1362 in Memory of Prince Hindu". Harvard Journal of Asiatic Studies. Harvard-Yenching Institute. 12: 8, 17, 62, 145 – via JSTOR.
  12. 12.0 12.1 Монголын Их Юань улс (Memento 19. Аравдугаар сар 2021 цахим архивт) Монголын түүх 2016 он
  13. Б. Сумъяабаатар: Юань гэдэг нэрний учир.Archive copy (Memento 9. Хоёрдугаар сар 2016 цахим архивт)
  14. "Дмитриев С.В., Кузьмин С.Л. 2015. Юань, Чин болон Хятад нь өөр хоорондоо түүхэн залгамжлалгүй төр улсууд болох нь. - Түүхийн судлал, боть 43-44, № 16 х. 197-214". Archived from the original on 2018-11-24. Татаж авсан: 2018-11-30.
  15. Helwig Schmidt-Glintzer: Kleine Geschichte Chinas (орч. "Хятадын жижигхэн түүх" ном), S. 102ff..
  16. 16.0 16.1 16.2 16.3 16.4 16.5 16.6 16.7 Их Юань хэмээх Их Монгол Улс. Улаанбаатар: Степпе паблишинг ХХК. 2019. pp. 170–174.
  17. "Archived copy". Archived from the original on December 2, 2009. Татаж авсан: November 11, 2009.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  18. Academy of Television Arts & Sciences, Татаж авсан: July 6, 2009 (Searching for "Marco Polo", and year 1982)
  19. "Marco Polo". IMDb TV miniseries. 1982.
Өмнөх
Их Монгол Улс
Өмнөд Сүн улс
Их Юань улс
1271-1368
Дараах
Монгол улс
Мин улс