Лаврентий Берия

Лаврентий Берия

Лаврентий Павлович Берия (гүрж. ლავრენტი პავლეს ძე ბერია, Лавре́нти Па́влес дзе Бе́риа; 1899 оны 3 дугаар сарын 17-нд (29) Оросын Эзэнт гүрний Кутаиси мужийн Мерхеули тосгонд төрсөн- 1953 оны 12 дугаар сарын 23-нд ЗХУ-ын нийслэл Москва хотод цаазлуулж нас барсан) -ЗХУ-ын улс төрийн болон намын зүтгэлтэн. ЗХУ-ын Аюугүй байдлын ерөнхий комиссар (1941), ЗХУ-ын Маршал (1945), ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар(1943) цол хүртэж байсан боловч 1953 онд бүх цол, шагналаа хураалгасан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Лаврентий Берия 1899 оны 3 дугаар сарын 17 [29]-нд Кутаиси /Абхази/ мужийн Мерхеули тосгонд яду тариачны гэрт төржээ. Эх нь:-Марта Джакели (1868—1955) - мегрел үндэстэн байжээ.

Эцэг нь:-Павел Хухаевич Берия (1872—1922), тэд хоёр хүү, нэг охинтой байсан. Лаврентий хүү багадаа сурлага сайтай байсан тул эцэг эх нь байшингийнхаа талыг зарж байж 15 настай хүүгээ Сухумийн анхан шатны дээд сургуульд өгсөн. Сургуулиа төгсөөд цаашид суралцахаар Баку явсан. Тэнд барилга механикийн техникийн сургуульд орсон. 1917 онд Оросын Социал-демократ намд элссэн. Мөн оны 6-р сард түүнийг армид томилолтоор Румыний фронтод явуулсан аж. Гэвч байлдаж амжсангvй, арми тарж тэр эргэн ирээд хувьсгалч болохоор шийджээ.

Нууц байдал, мөрдлөгө, баривчлага мөн л түүнийг тойрсонгvй. Большевик намын даалгавраар Баку дахь мусаватийн сөрөг тагнуулийн газар ажиллаж байсан гэдэг. Сэргэлэн байрын залууг Азербайджаны онцгой комисс /ОК/ хараандаа авч удалгvй тэр нууц шуурхай хэлтсийн орлогч даргаар томилогдожээ. Дараа нь жинхэнэ дарга нь болж улмаар Гүржийн Онцгой Комиссын даргын орлогч болон дэвшив.

1924 онд Берия меньшевикууд бослого дэгдээхээр зэхэж зэр зэвсэг, отрядууд бэлдэж байгааг мэдэж авч урьдчилан сэргийлэх үүднээс Гүржийн ТХ-ны дарга Оржоникизегийн зөвшөөрөл авч босогчдын төлөвлөгөө нь илэрсэн гэдгийг мэдүүлэх зорилгоор хэргээр гадагш мэдээлэл цацсан боловч тэд үүнийг огт тоосонгvй, үргэлжлүүлэн бэлдсээр байжээ. Гэтэл Гүржийн гвардийн толгойлогч Жугели гэгч орж иржээ. Тэр ОК-н хяналтан доор байсан тул түүний ирснийг тэр даруй мэдэгдэж, хайж эхэлжээ. Жугелиг гудамжинд явж байхад нь танил нь тааралдсанаар санаандгvй байж байгаад баригджээ. Шоронд байхдаа тэрбээр өөрийн хамтрагч нараа бослого гаргахгvй байхыг уриалж байв.

1920 оны сүүлчээр Берия намын ажил эрхлэх болж Гүржийн Коммунист намын Төв Хорооны дарга болжээ. Бериягийн тухай америкийн түүхч Курт Зингер "Түүхийг өөрчилсєн тагнуулууд" номондоо санаанд оромгvй зvйлс бичжээ. Түүний энэ таамаглал /ингэж бичвэл зохилтой байх/ ыг сийрvvлбэл: "Берия Бакуд бүтэлгvйтсэн нууц ажиллагааны дараа Албани руу зугтаж, тэндээ Иосиф Титотой танилцжээ. Тэндээс орост эргэн ирж Октябрын /10 сарын / хувьсгалд оролцсон байна. Карапет Абамалян гэдэг нэрийн доор 500 гаруй австрийн цэргийн олзлогсодыг захирч байжээ. Тэдний дундаас л Зөвлөлт оросын анхны тагнуулын офицеруудыг элсүүлэн авсан гэдэг. 1920 онд Берия Прагад очиж Украины Элчингийн үүрэг гvйцэтгэхээр томилогдов. Тэнд бараг бүх европ тивийг хамарсан өргөн хүрээтэй сөрөг тагнуулын сүлжээг бий болгожээ. Дараа нь Гүржид эргэн ирээд 1924 онд болсон бослогыг дараад дахин Франц руу явсан байна. Парист мөн дипломат халхавчин доор ажиллаж байв. Түүний сонирхлын хүрээ нь хуучин хаант засгийн үеийн болон үндэстний цагаачдын дунд чиглэгдэж байсан бөгөөд өөрөө тэдний хүрээнд нэвтэрч, шинэ тагнуулын сүлжээг бий болгожээ.

1930-1937 онуудад Берия хэд хэдэн удаа гадаадад явсан бөгөөд түүний удирдлаган дор зөвлөлтийн эсрэг үзэлтэй тэргүүнүүдийг устгах, хулгайлах нууц ажил хийгдэж байжээ". Гэхдээ энэ бүхэн Курт Зингерын түүний тухай таамаглал юм.

1931 онд тэрээр Гүржийн Коммунист намын 1 дүгээр нарийн бичгийн дарга, 1932 оноос Ар Кавказын Коммунист намын 1 дүгээр даргаар томилогдсон байна.

1938 онд Берия ЗХУ-ын Дотоод хэргийн Ардын Коммисаруудын газрыг толгойлох болов. Эхэн үедээ тэрээр Ежовын 1-р орлогч ДЯАК-ын улсыг аюулаас хамгаалах газрын дарга гэсэн албан тушаалтай байжээ. Берия ажлаа хүлээж аваад өөртөө хамгийн үнэнч бөгөөд чадварлаг гэсэн туршуулуудыг элсүүлэн авсан байна. Түүний анхны ажиллагаа нь "нугас" нэртэй байжээ. Зорилго нь Мексикт нуугдаж байсан Сталины эртний дайсан Лев Троцкийг устгах явдал байв. Тэр туршлагатай чекист Эйтингтон болон испанийн олон улсын бригадын гишүүд, мөн мексикийн зураач Сикейрос нарыг бvрдvvлсэн байна. 1940 оны 5-р сарын 27-нд болсон энэ халдлага бүтэлгүй болсон боловч хагас жилийн дараа 8-р сарын 20-нд зөвлөлтийн тагнуулч Рамон Меркадер түүнийг алж чадсан юм. Үүнээс гадна дотоодын тагнуулын алба өөр бусад олон асуудлуудтай тэмцэж байв. Европын нууц тагнуулын хэлтсүүдээс Герман улс ЗХУ-д илэрхий дайсагнаж Англи, Франц, Польшийн эрх барих хүрээнийхэнтэй далдуур гэрээ хийж байгаа тухай мэдээнүүд ирж мөн олон даалгавар биелүүлж байсны дотор Молотов, Риббентроп нарын баруун Украин, Белорусын тухай гэрээнүүд орж байв.

Дэлхийн 2-р дайн эхлэхэд зөвлөлтийн тагнуулчид польшийн тагнуулч Германд тагнуулын шvлжээ байгуулсан Юрек фон Сосновский болон польшийн язгууртан Радзивилл ванг баривчилжээ. Бериягийн заавраар тэднийг өөрсдөддөө татахыг оролдсон боловч бvтээгvй ажээ. 1940 оны 8-р сард ДЯАК-н тагнуулчид дайны аюул нүүрлэж байгааг удаа дараалан мэдэгдсээр байв. Хэдийгээр тэд нар яг хэзээ, хаана довтлохыг хэлж мэдэхгvй ч арай илүү тодорхой, гэхдээ хоорондоо зөрөөтэй мэдээллийг Р.Зорге, Штёбе болон бусад тагнуулчид өгч байсан боловч Сталин, Берия хоёр Гитлерийг гэрээндээ үнэнч байна гэдэгт огтхон ч эргэлзэхгvй байсан юм. Дайн эхлэхээс хэд хоногийн өмнө Берия тушаал гаргаж хэрэв дайн болсон нөхцөлд хорлон сүйтгэх, тагнах хэсгийг тагнуулын байгууллагын ажилтнуудаас бүрдүүлэн бий болгох үүрэг өгчээ. Дайн эхлэх үед энэ хэсэгт орох хvмvvсийн нэрсийг сонгож эхэлсэн байна. Ингээд уг бүлэг бэлэн болж, тэдний гол үүрэг нь Германы Цэргийн эсрэг тагнуулын ажиллагаа явуулах, партизаны дайн зохион байгуулах, Германы эзэлсэн нутаг дэвсгэр дээр тагнуулын сүлжээ бий болгох, Германы тагнуулын албыг төөрөгдүүлэх зорилгоор тусгай радио нэвтрүүлгүүд явуулах зэрэг байжээ. 1942 онд тагнуулын байгууллагыг яаралтайгаар дахин шинээр зохион байгуулсан байна. Үүнээс гадна онцгой зориулалтын тусгай мото буудлагын бригадыг байгуулж тамирчид сайн дурынхан, улс төрийн Цагаачид, комсомолын идэвхтэнүүд, хилчид, холбоочид гэх мэт хvмvvс бүрэлдэхүүнд нь оржээ. Дайсны ард талд 2000 гаруй тагнан турших, хорлон сүйтгэх бүлгүүдийг илгээж тэдгээр нь партизаны отрядуудын цөм нь болж байсан юм. Бериягийн тушаалаар 1941 оны 10-р сард Москвад бие биендээ харилцан хамааралгүй тусдаа гурван тагнуулын сүлжээ бий болгожээ. 1941 оны 2-р сард Берия ЗХУ-ын АКЗ-н орлогч дарга болж дайны эхний өдөр улсыг Батлан хамгаалах хорооны гишүүн болжээ. Бериягийн хамгийн амжилттай гүйцэтгэсэн даалгавар бол 1942 оны зун намар ДЯАК-ын хэд хэдэн дивизийг Кавказ руу илгээж хамгаалалт хийсэн явдал юм. 1941 оны намар Англи, АНУ, Герман зэрэг улсууд атомын бөмбөг хийх ажлаа эхлvvлсэн хэмээн тагнуулын газраас мэдэгджээ. Энэ тухай Сталинд тэр даруй мэдэгдэв. Сталин ямар нэгэн шийдвэр гаргахаасаа өмнө энэ шинэ зэвсгийн тухай бүх нууц мэдээллүүдийг олж боловсруулах үүргийг Берияд өгчээ. Учир нь тэр зэвсэглэл болон тагнуулыг хариуцаж байсан юм. Берия онолын хувьд ч техникийн хувьд ч энэ талаар ямар ч мэдлэггүй тул хэрэгтэй хүмүүсийг цуглуулж, хэрэгтэй газар нь аваачсан байна. Үүн дотор ЗХУ-ын дэслэгч генерал Павел Судоплатовоор удирдуулсан атомын асуудал хариуцсан тусгай тасаг байгуулжээ. Өөр нэг Бериягийн vйл ажиллагаа бол дайны үед Михоэлсын хамт Еврейн фашистын эсрэг хороо байгуулж олон улсын еврейчvvдын байгууллагатай холбоо тогтоохыг оролджээ. Хорооны зорилго нь ЗХУ-д тусламж үзүүлэх хандлагыг бий болгох учиртай байв. Гэвч энэ байгууллага Бериягийн хяналтнаас гарч бүр Крымийн нутаг дэвсгэр дээр Сталины нэр дээр Михоэлс захидал бичиж Зөвлөлт Социалист Еврей Улс байгуулах тухай асуудлыг ярьж эхэлжээ. Уг байгууллагыг тэр даруй устгаж, Михоэлс "aвтын -ослоор" нас барж, 10 гишүүд болон идэвхтэнүүдийг нь буудан хороож бусдад нь янз бvрийн хугацаатай хорих ял оноожээ. Сталинг нас барахаас өмнө Берия түүнтэй хамт Иосиф Броз Титог устгах төлөвлөгөг хэлэлцэж байжээ. Сталинг нас барсны дараа 1953 оны 5-р сард Москвад Берия нууц тагнуулын ажилтнуудын тэн хагасыг дуудан авчиржээ. 1953 оны 6-р сарын 26-нд эх орноосоо урвасан хэргээр Берия баривчлагдсан байна. 12-р сарын 23-нд ЗХУ-ын Дээд шvvхийн Тусгай шvvгч нарын хяналтан доор цаазаар авах ял оноож тэр өдрийн 19.50 минутанд тогтоол ёсоор буудан хороожээ. 2000 онд ОХУ-ын Дээд шvvх Берияд оноосон ялын тогтоолыг хэвээр нь үлдээжээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоос[засварлах | кодоор засварлах]