Лев Карахан

Л.Карахан. Бээжин хот 1925 он.

Лев Михайлович Карахан (арм. Կարախանյան Լեւոն Միքայելի, 1889 оны 1 сарын 20-1937 оны 9 сарын 20) – Оросын хувьсгалч, ЗСБНХУ-БНХятад Улстай 1924 онд болон ЗСБНХУ-Япон Улстай 1925 онд гэрээ, хэлэлцээр Бээжин хотноо тус тус байгуулж байсан, Зөвлөлтийн дипломат.

Лев Карахан 1889 оны 1 дүгээр сарын 20-нд Тифлис хотод мужийн хуульчийн гэр бүлд төржээ. Армян үндэстэн.

Тэрбээр Тифлисын дунд сургууль төгсөөд 1910-1915 онд Санкт-Петербург хотын Их сургуулийн хуулийн ангид сурч байгаад төгсөлгүй орхиж, Томскийн их сургуулийг эчнээгээр 1916 онд төгссөн байна.

1904 онд буюу 15 настай байхдаа Оросын социал-демократ ажилчны намд /РСДРП буюу ОСДАН меньшевик/ нэгдэж улс төрд орсон хүн ажээ. Тэрбээр Санкт-Петербург болон Алс дорнодын Харбин хотод намын ажил эрхэлж байсан. 1912 оноос Үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөнд мөн оролцож яваад 1913 онд Санкт-Петербургийн Социал-демократуудын (Большевик, меньшевикуудын нэгдсэн) байгууллагад элсэж суртал ухуулга, зохион байгуулалтын ажил хийж байжээ.

Дэлхийн нэгдүгээр дайны үед "Текстильшик ", "Рабочие ведомости" сэтгүүлүүд болон "Вперёд" хэмээх "хууль бус" нууц хэвлэлийг зохион байгуулахад гар бие оролцож явсан. 1915 оны намар баривчлагдан Томск хот руу цөлөгдөж, Эрхүүгийн намын байгууллагад ажиллаж байжээ. Мөн Ар Байгалийн Социал-Демократын хэвлэлийн албаны ажилтан байв. Оросын 2 дугаар сарын /февраль/ хувьсгалын дараа чөлөөлөгдөн Петроград хотод ирж, Петроградын Думын Зөвлөлийн гишүүн болжээ.

1909 онд Клаудиа Ефремовна Манаеватай (1890-1978) гэрлэж, Михаил (1916-1976) хүүтэй болсон.

1917 оны 5 дугаар сард РСДРП (б) -д элссэн. Мөн оны 8 дугаар сараас Петроградын Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүн болсон.

1917 оны 11 дүгээр сараас “Брест-Литовск” -ийн энхийн хэлэлцээрт Зөвлөлтийн төлөөлөгчдийн нарийн бичгийн даргаар оролцож явсан байна.

1918 онд театрын жүжигчин Вера Викторовна Дженеева-тай (1890-1972) гэрлэсэн. 1926 онд охин Ирина (алдарт сийлбэрчин), хүү Юра (Эх орны дайны үед нас барсан) гэж хоёр хүүхэдтэй байсан.

1918 оны 3 дугаар сараас Зөвлөлт Орос Улсын Гадаад Харилцааны орлогч комиссар. /Гадаад хэргийн орлогч сайд/

1921 оны 5 дугаар сараас 1922 оны 10 сар хүртэл Польш дахь ЗСБНХУ-ын төлөөлөгчөөр ажилласан.

1922-1923 он хүртэл тэрээр Гадаад хэргийн Коммисариатын Дорнын хэлтсийн дарга байсан.

1923 оны 9 дүгээр сараас 1926 оны 8 сар хүртэл Хятадын Бээжин хотод томилогдон ЗСБНХУ-ын бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилласан.

1924 оны 5 дугаар сарын 31-нд Монгол Улстай мөн холбоотой «Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Бүгд Найрамдах Хятад Улсын хоорондын асуудлуудыг зохицуулах үндсэн зарчмуудын тухай хэлэлцээр”-т ЗХУ-ыг төлөөлж гарын үсэг зурсан. Уг баримт бичгийн 5 дугаар зүйлд: “ЗСБНХУ нь Гадаад Монголыг Дундад улсын бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрч, Хятадын бүрэн эрхийг хүндэтгэнэ” гэж заажээ. Эл заалт 1919 оны Зөвлөлт Засгийн газрын тунхаглал, 1921 оны Монгол, Зөвлөлтийн найрамдлын гэрээнд харшилсан төдийгүй, бодит байдал дээр Хиагтын гэрээнээс ч ухарсан хэрэг болжээ. Үүний хамт Зөвлөлтийн цэргийг Монголоос гаргах асуудал ч энэ хэлэлцээрт багтсан байв.

Мөн энэ өдөр “Зүүн Хятадын төмөр замын тухай гэрээ” /КВЖД/ байгуулсан байна. Эдгээр хоёр баримт бичигт Лев Карахан ЗСБНХУ-ыг төлөөлж гарын үсэг зурсан.

1925 оны 1-р сарын 20-нд Бээжин хотод Л.Карахан Японы төлөөлөгчтэй хийсэн хэлэлцээрийг дуусгаж, Ёшизава Канкичитэй "Харилцааны үндсэн зарчмуудын тухай" Зөвлөлт-Японы гэрээнд гарын үсэг зуржээ.

1925 оны 4-р сард тэрбээр Бээжин дэх дипломат корпусын “Дуаэйн” буюу ахлагчаар сонгогдож байжээ.

1926-1934 онд ЗХУ-ын Гадаад Харилцааны комиссариатын орлогч даргаар ажилсан.

1930 онд Л.Карахан балетын бүжигчин Мария Семёноватай хамтран амьдарсан.

1934 онд Туркт ЗСБНХУ-ын Элчин сайдаар томилогдсон. ЗХУ-ын Гүйцэтгэх төвийн гүйцэтгэх хорооны гишүүн. Коммунист намын Төв хорооны гишүүн (больш) байсан.

1937 оны 5-р сарын 3-нд түүнийг Туркээс Москвад эгүүлэн татаж авчраад Зөвлөлт засгийн эсрэг хуйвалдаанд оролцсон гэж буруутгаж баривчилсан.

1937 оны 9-р сарын 20-нд Цэргийн Дээд шүүхийн шийдвэрээр цаазаар авах ял оноож тэр өдөр нь буудан хороосон бөгөөд түүний цогцсыг Донскойн сүмд чандарласан байна.

Лев Караханыг хэлмэгдсэн гэж үзээд И.Сталиныг нас барсны дараа, Н.Хрущёвын дулаарлын үед 1956 онд цагаатгасан байдаг.