Нэнси Кэрриган

Нэнси Кэрриган

Кэрриган ярилцлага өгч байгаа нь. 2006 оны 2 сарын 22. Турин, Итали

Уран гулгалт
Төлөөлдөг улс: Америкийн Нэгдсэн УлсАмерикийн Нэгдсэн Улс Америкийн Нэгдсэн Улс
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Нэнси Энн Кэрриган
Төрсөн огноо 1969 оны 10 сарын 13 (1969-10-13) (54 настай)
 
Медалиуд
Өвлийн олимп
Хүрэл Альбервилль 1992 Эмэгтэй ганцаарчилсан
Мөнгө Лиллехаммер 1994 Эмэгтэй ганцаарчилсан
Дэлхийн АШТ
Хүрэл Мюнхен 1991 Эмэгтэй ганцаарчилсан
Мөнгө Оклэнд 1992 Эмэгтэй ганцаарчилсан

Нэнси Энн Кэрриган (Англи: Nancy Ann Kerrigan, 1969 оны 10 сарын 13-нд төрсөн) нь Америкийн уран гулгагч, олимпийн хошой медальт тамирчин юм.

Бага нас[засварлах | кодоор засварлах]

Кэрриган Массачусеттс муж улсын Вобөрн хотод Даниэл Кэрриган, Брэнда М. (Шульц) Кэрриган нарын гэр бүлд мэндэлжээ. Тэр 6 настайдаа гулгаж эхэлсэн. 2 ах Майкл, Марк нар нь хоккей тоглодог байсан бөгөөд тэр үед хоккейгоор охид бараг тоглодоггүй байсан тул Нэнси уран гулгалтаар хичээллэх болжээ[1]. Тэрээр 8 настайгаасаа хувийн багшаар хичээл заалгах болж, жилийн дараа анхны медалиа хүртсэн байна[2].

Тэднийх эгэл жирийн айл байсан тул гагнуурчны ажил эрхэлдэг байсан аав нь түүний спортоор хичээллэх боломжийг хангах гэж заримдаа гурван ажил зэрэг хийн, заримдаа уран гулгалтын хичээлийн нь оронд талбайн мөсийг нь цэвэрлэж өгдөг байлаа[3].

16 хүртлээ Тереза Мартины удирдлага дор бэлтгэл хийсэн Нэнсиг Дениз Моррисси хэсэг хугацаанд дасгалжуулсан бөгөөд удалгүй Эви, Мэри Скотволд нартай ажиллаж эхэлсэн[4]. Тэд Нэнсиг алдрын замд хөтлөн, зодог тайлах хүртэл нь дасгалжуулсан юм.

1987 онд Кэрриган АНУ-ын АШТ-ийн өсвөрийн ангилалд 4-р байр эзэлж, ирээдүйтэй тамирчин болохоо харуулав. Тэрээр үсрэлтийн ур чадвар сайтай байсан боловч заавал биелүүлэх үзүүлбэртээ тааруу байв[5]. Ирэх жилээс нь насанд хүрэгчидтэй өрсөлдөж эхэлсэн Кэрриган улсынхаа АШТ-д бага багаар байр ахисаар байлаа: 1988 онд 12, 1989 онд 5, 1990 онд 4-р байр эзэлсэн[6]. Гэхдээ заавал биелүүлэх хөтөлбөртөө бага оноо авдаг нь түүний амжилтыг хойш татсаар байсан бөгөөд түүний аз болоход 1990 оны улирлын дараа заавал биелүүлэх хөтөлбөр нь тэмцээн уралдаанаас хасагдсан юм.

1991–1993 он[засварлах | кодоор засварлах]

Кэрриган 1991 онд улсынхаа АШТ-д 3-р байр эзэлж, дэлхийн АШТ-д оролцох эрхтэй болов. Тус ДАШТ-д анх удаа эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн бүх медалийг нэг улсын тамирчид эзэлсэн бөгөөд нутаг нэгт Кристи Ямагүчи, Тоня Хардинг нар алт, мөнгөн медаль зүүж, Кэрриган хүрэл медалиар энгэрээ мялаасан билээ[7].

1992 оны улиралд Кэрриган амжилтаа ахиулан, улсынхаа АШТ-д мөнгө, 1992 оны өвлийн олимпоос (Ямагүчи түрүүлсэн) хүрэл, ДАШТ-ээс мөнгөн медаль зүүлээ.

Олимпийн дараа Ямагүчи зодог тайлж, 1993 онд Кэрриган анх удаа улсынхаа аварга болжээ[8]. ДАШТ-д түрүүлэх магадлал өндөртэй гэгдэж байсан ч Прагад болсон ДАШТ-ий богино үзүүлбэрийн дараах дүнгээр тэргүүлж байсан Кэрриган чөлөөт үзүүлбэрээ маш муу гүйцэтгэж, дөнгөж 5-р байр эзэлсэн байна (Дэлхийн аварга цолыг Оксана Баюл хүртсэн). Чөлөөт үзүүлбэрийнхээ үеэр Кэрриган гурван ч удаа унаж, маш их бухимдсан харагдаж байлаа[9].

1994 онд Нэнси алдсанаа нөхөхөөр эрчимтэй ажиллаж эхлэв. Олон Улсын Уран Гулгалтын Холбоо сонирхогч тамирчдыг ивээн тэтгэгчтэй байхыг хориглосон хоригоо цуцалсны дараа 1992 оны олимпоос медаль хүртсэний дараа Сэйко, Рийбок, Кэмпбеллс Суп, Эвиан зэрэг олон ивээн тэтгэгчтэй болж[10], сурталчилгааны ажилд цаг их гаргадаг болоод байсан Нэнси түүнийгээ багасгаж, дасгал сургуулилтдаа анхааран, спортын сэтгэл зүйчтэй хамтран ажиллах болсон[10].

1994 оны 1 сарын хэрэг[засварлах | кодоор засварлах]

1994 оны 1 сарын 6-нд болсон хэрэг явдал Кэрриганы нэр дэлхий даяар түгэхэд нөлөөлсөн юм. Тэр өдөр Детройт хотноо АНУ-ын АШТ зохиогдож байсан бөгөөд түүний өвдгийг Шэйн Стант гэгч этгээд цохиж гэмтээсэн. Уг хэргийг өрсөлдөгч Тоня Хардингийн хуучин нөхөр Жефф Гиллүүли, найз Шон Экардт нар зохион байгуулж, Стантыг хөлсөлсөн болох нь хожим илэрсэн юм.

Кэрриган халдлагад өртсөнийхөө дараа өвдгөө тэврэн "Яагаад, яагаад, яагаад" гэж орилж буй бичлэг халдлагын дараах хэдэн өдөр АНУ-ын бараг бүхий л мэдээллийн хэрэгслээр цацагджээ. Ийнхүү Кэрриган улсынхаа АШТ-д гэмтлийн улмаас оролцож чадаагүй ч АНУ-ын Уран Гулгалтын Холбоо түүнийг УАШТ-ий мөнгөн медальт Мишель Кваны оронд оролцуулах шийдвэр гаргасан юм.

Олимп болоход ганцхан сар үлдээд байсан ч золоор Кэрриган хурдан эдгэж, бэлтгэлээ эрчимтэй хийж эхлэв. Халдлага харин ч түүнд ашигтайгаар нөлөөлж, олимпийн өмнө Кэрриган компаниудтай $9.5 саяын гэрээ байгуулж амжжээ[11].

1994 оны олимп[засварлах | кодоор засварлах]

Ийнхүү халдлагаас хэдхэн долоо хоногийн дараа Кэрриган өөрийнхөө тамирчны карьерын хамгийн шилдэг үзүүлбэрээ үзүүлж[12], 1994 оны Лиллехаммерын олимпоос мөнгөн медаль зүүв. Кэрриган богино үзүүлбэрийн дараах байдлаар тэргүүлж байсан боловч чөлөөт үзүүлбэрийн дараа ялимгүй зөрүүгээр Оксана Баюлын дараа орсон аж. Си-Би-Эс Телевиз уг шийдвэрийг хүйтэн дайны үеийн баруун, зүүний хуваагдлаас улбаатай эд гэж нэрлээд, Германы шүүгч Ян Хоффманн өрөөсгөл шүүлт гаргасан[13], Кэрриган алтан медаль зүүх боломжтой байсан гэж мэдээлсэн.

Кэрриган болон хүрэл медаль зүүсэн Чен Лу нар зохион байгуулагчдыг Украйны төрийн дуулал хайх хооронд 20 гаруй минут хүлээсэн бөгөөд хэн нэг нь Кэрриганд уг хоцролт Баюл нүүрээ будаж байгаагаас болсон гэж хэлснээр Кэрриган бухимдаж, "Арай ч дээ, тэр гарч ирээд дахиад л уйлна шүү дээ, ямар ялгаа байгаа юм бэ" гэж хэлж байсан нь камерт бичигдэн үлджээ[14]. Си-Би-Эс телевиз түүнийг нь нэвтрүүлснээр, халдлагын дараа бий болоод байсан Кэрриганыг өмөөрөх хандлага эсрэгээрээ эргэсэн билээ[15].

Кэрриган олимпийн хаалтын ёслолд оролцоогүй бөгөөд түүний төлөөлөгч хэлэхдээ, Норвегийн хамгаалалтын ажилтнууд Кэрриганыг аюулгүй байдлын улмаас оролцох хэрэггүй гэж зөвлөсөн гэж хэлсэн боловч тэр нь нотлогдоогүй[15]. Гэтэл нөгөө Кэрриган нь $2 саяын гэрээ байгуулчихсан байсан Уолт Дисней Ворлдын зохион байгуулсан парадад оролцож явав.

Ийнхүү түүний тухай "ааштай", "муухай зантай" гэсэн утгатай мэдээнүүд цуварч өгөв[16]. Үүний улмаас хэд хэдэн гэрээ, телевизийн нэвтрүүлэгт орох урилга нь цуцлагджээ[15].

1994 оны олимпийн дараа Кэрриган сонирхогчийн спортоос зодог тайлж, мэргэжлийн уран гулгагч болсон бөгөөд ингэхдээ мэргэжлийнхний тэмцээнд бараг оролцолгүй, ихэнхдээ шоу үзүүлбэрт оролцож байлаа.

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Кэрриган Стоунхэм ахлах сургуулийг дүүргээд, Бостон дахь Эммануэл Коллежид бизнес удирдлагын чиглэлээр суралцсан.

Ээж Брэнда нь харааны бэрхшээлтэй бөгөөд түүний байгуулсан Нэнси Кэрриган сан нь харааны бэрхшээлтэй хүмүүст туслах зорилготой.

Кэрриган 1995 оны 9 сарын 9-нд өөрөөсөө 16 ах, өөрийн нь төлөөлөгч байсан Жерри Лоуренс Соломонтой гэрлэжээ. Энэ бол нөхрийн нь гурав дахь гэрлэлт байлаа[17]. Хосууд гурван хүүхэдтэй: Маттью Эрик 1996 оны 12 сард, Брайан 2005 оны 4 сард, Николь Элизабет 2008 оны 5 сард төрсөн[18]. Мөн Жерри Соломоны өмнөх гэрлэлтээс төрсөн Клэйтон хэмээх хүү бий[19]. Тэд өдгөө Массачусеттс муж улсын Линнфилд хотод амьдардаг.

Кэрриганы эцэг нь 2010 оны 1 сарын 24-нд 70 настайдаа нас барсан[20] бөгөөд эх сурвалжуудын баталж байгаагаар ах Маркад нь хүч хэрэглэж байгаад алуулсан[21]. Марк Кэрриган хүний амь санамсаргүй хөнөөсөн хэргээр шийтгэл хүлээжээ[22].

Гадны холбоосууд[засварлах | кодоор засварлах]

  • Nancy Kerrigan Updates
  • Washington Post article on the clubbing
  • sptimes.com Harding, Kerrigan are linked forever by skating incident
  • The Top 10 Boston Sports Stories
  • Нэнси Кэрриган — Internet Movie Database
  • "Skate Canada Results Book - Volume 2 - 1974 - current" (PDF). Skate Canada. Archived from the original (PDF) on 2008-04-08. Retrieved 2010-10-11.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Nancy Kerrigan", Skating magazine, December 1990, p34
  2. Buzzle Biography of Nancy Kerrigan
  3. "Nancy Kerrigan Releases a Statement". Archived from the original on 2011-09-27. Retrieved 2010-10-11.
  4. "Nancy Kerrigan", Skating magazine, December 1990, p33
  5. "Excitement Under the Dome", Skating magazine, April 1987, p42
  6. "Nancy Kerrigan", Skating magazine, December 1990, p35
  7. "Victory in Munich", Skating magazine, June 1991, p29-31.
  8. "Kerrigan's chase ends", The Arizona Republic, January 24, 1993
  9. "Hershey's Kisses Pro-Am Championships Point to the Future with a Past", Skating magazine, May 1993, p14
  10. 10.0 10.1 ""Reaching for Gold"". Skating magazine. December 1993. p. 22. {{cite news}}: Cite has empty unknown parameter: |1= (help); Italic or bold markup not allowed in: |work= (help)
  11. Beverley Smith, Figure Skating: A Celebration, ISBN 0-7710-2819-9, p5
  12. The Official Book of Figure Skating, ISBN 0-684-84673-X, p174
  13. Scott Hamilton, Landing It, ISBN 1-57566-466-6, p262-264
  14. Kerrigan's Latest Foe: Her Image, AP, March 2, 1994
  15. 15.0 15.1 15.2 [1] Kerrigan's Off-Ice Spins Create `Image Meltdown', The Chicago Tribune, December 11, 1994.
  16. "In Search of the Real Nancy Kerrigan", The Boston Globe, March 10, 1994
  17. Marriages: Nancy Kerrigan, Jerry L. Solomon
  18. Skater Kerrigan Gives Birth to Baby Boy - Birth, Nancy Kerrigan : People.com; Nancy Kerrigan Welcomes Third Child (Memento 17. Тавдугаар сар 2008 цахим архивт)
  19. Skating on Thin Ice by Michelle Green, People Magazine, Nov. 28, 1994
  20. Death Notice, Boston Globe, January 25, 2010
  21. "Kerriagn's dad dies, brother accused of assault". Archived from the original on 2010-01-28. Retrieved 2010-01-28.
  22. Nancy Kerrigan's Brother Charged With Manslaughter in Dad's Death