Теодор Рузвельт

Теодор Рузвельт

Теодор Рузвельт (англи. Theodore Roosevelt Jr.; 1858 оны 10-р сарын 27-нд Нью-Йорк хотод төрсөн- 1919 оны 1-р сарын 6-нд Нью-Йорк мужид нас барсан) АНУ-ын 25 дахь дэд Ерөнхийлөгч, 1901-1909 онуудад 26 дахь Ерөнхийлөгч байсан. 1906 оны Нобелийн Энхтайвны шагнал хүртсэн. Тэрээр АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч Франклин Рузвельтын хамаатан.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Теодор Рузвельт 1858 оны 10-р сарын 27-нд Нью-Йорк хотод Голланд гаралтай худалдаачин, буяны хандивлагчийн гэр бүлд төржээ. Теодор бол айлын хоёр дахь хүүхэд байсан бөгөөд тэрээр нэг эгч, нэг эмэгтэй дүү, нэг эрэгтэй дүүтэй байсан.

Ирээдүйн ерөнхийлөгч бага наснаасаа астма өвчтэй бие султай хүүхэд байжээ. 1860-аад оны сүүл, 1870-аад оны эхээр Рузвельтийн гэр бүл Европ, Африк, Ойрхи Дорнодоор аялжээ. Теодор өвчний улмаас сургуульд бараг явдаггүй байсан тул гэрийн боловсрол эзэмшсэн байна.

Рузвельт 1876 онд Харвардын их сургуульд элсэн орж, 1880 онд төгссөн. Дараа нь тэр анхны зохион бичлэгээ хэвлүүлж, улс төрд орж Бүгд найрамдах намд элссэн байна. Рузвельт 1882-1884 онд Нью-Йорк мужийн хууль тогтоох байгууллагын гишүүн байсан. 1884 оны 2-р сарын 14-нд тэрээр нэг өдрийн дотор ээж, эхнэрээ алдсан. Түүнээс хэдхэн хоногийн өмнө түүний охин Алис мэндэлжээ. Эмгэнэлт явдлын дараа Рузвельт ажлаа орхиж, Нью Йоркоос Дакота муж руу нүүж, тариачны амьдралыг сонгосон байна. Гэсэн хэдий ч ган гачиг, санхүүгийн алдагдал нь түүнийг Нью-Йорк руу буцаж ирэхэд хүргэсэн бөгөөд тэрээр дахин улс төрд оржээ.

1886 онд тэрээр хоёр дахь удаагаа гэрлэжээ. Түүний эхнэр нь бага насны найз Эдит Кэру байсан бөгөөд хожим нь түүнд таван хүүхэд төрүүлж өгчээ.

1895 онд Нью-Йорк хотын цагдаагийн даргаар томилогдсон. 1897 оноос - АНУ-ын 25 дахь Ерөнхийлөгч Уильяам МакКинлийн захиргаанд Тэнгисийн цэргийн яамны орлогч сайдаар ажилласан. 1898 онд Испани-Америкийн дайны үеэр тэрээр Куба дахь цэргийн ажиллагаанд оролцсон. 1899-1900 онд тэрээр Нью-Йорк хотын захирагч байсан.

Ерөнхийлөгч[засварлах | кодоор засварлах]

1900 онд МакКинли, Рузвельт нарын баг ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулав. 1901 оны 3-р сарын 4-нд МакКинли хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн албыг хүлээн авч, Рузвельт дэд ерөнхийлөгч болжээ. Мөн оны 9-р сарын 6-нд Ерөнхийлөгч МакКинли буудуулсан бөгөөд 9-р сарын 14-нд тэрээр шархаа даалгүй нас баржээ. Мөн өдөр Рузвельт шинэ ерөнхийлөгчөөр тангараг өргөв. Тэрээр АНУ-ын түүхэн дэх хамгийн залуу (42 нас 10 сар) ерөнхийлөгч болж байжээ.

1901 оны 12-р сарын 3-нд Рузвельт АНУ-ын Конгресст илгээсэн анхны илгээлтдээ нийгэмд илүү шударга ёсыг тогтоох зорилгоо тунхаглав. Тухайн үед АНУ-ын Засгийн газар нийгмийн салбарт хамгийн том асуудал тулгарсан. Авлига хээл хахуулийн өсөлт, монополийн ноёрхлоос үүдэлтэй олон нийтийн дургүйцэл улам бүр гүнзгийрч байжээ.

1904 оны 11-р сарын 8-нд Рузвельт хоёр дахь удаагаа сонгогдсон өдрөө МакКинлигээс өвлөн авсан ерөнхийлөгчийн он жилүүдийг анхны бүрэн эрхийн хугацаа гэж үзсэн тул дахин нэр дэвших бодолгүй байгаагаа зарлав. Хэдийгээр тухайн үеийн хуулийн дагуу тэрээр дахин нэр дэвших боломжтой байсан юм.

Нас барсан[засварлах | кодоор засварлах]

Теодор Рузвельт 1919 оны 1-р сарын 6-нд Нью-Йорк муж дахь "Остер Бэй" дэх эдлэндээ нойрон дундаа цусны бүлэгнэлтийн улмаас нас баржээ. Рузвельтийг Сагамор Хиллд оршуулах ёслолд хэдхэн хүн оролцсон. АНУ-ын Ерөнхийлөгч Вудро Вилсон Италид айлчилж байхдаа түүнийг нас барсан тухай мэдээд АНУ-д гашуудал зарлаж улс даяар далбааг хагас буулгасан байна.