Плано Карпини: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: ky:Карпини, Жованни де Плано
Мөр 45: Мөр 45:
[[it:Giovanni da Pian del Carpine]]
[[it:Giovanni da Pian del Carpine]]
[[ja:プラノ・カルピニ]]
[[ja:プラノ・カルピニ]]
[[ka:ჯოვანი და პიან დელ კარპინე]]
[[ky:Карпини, Жованни де Плано]]
[[ky:Карпини, Жованни де Плано]]
[[la:Iohannes de Plano Carpini]]
[[la:Iohannes de Plano Carpini]]

15:56, 13 Хоёрдугаар сар 2013-ий байдлаарх засвар

Плано Карпинигийн Дорно зүг рүү хийсэн аялал. Тод хөх өнгөөр түүний туулсан замыг үзүүлэв

Жованни да Пиан дел Карпини буюу Плано Карпини (Итали: Giovanni da Pian del Carpine, 1180 оны орчим - 1252 оны 8-р сарын 1) нь Их Монгол Улсын Их хааны орд өргөөнд хөл тавьсан анхны Европчуудын нэг юм. Тэрээр хойд болон төв Ази, Русь болон Монголчуудын харьяаны бусад нутгуудын тухай эртний өрнө дахинд чухал сурвалж бичгийг бичиж үлдээжээ. Тэрээр 1247 оноос 1252 онд Сербийн дээд хамба, Антиварийн хамба байв.

Аяллаас өмнөх амьдрал

Тэрээр албан ёсоор Пиан дел Карпини гэж нэрлэгддэг байсан Умбриа буюу одоогийн Перужиагийн ойролцоо, Кортона орох замд байдаг Мажионед мэндэлжээ. Тэрээр нутгийн гэгээн Ассиссигийн Франческогийн анд нөхөр, шавь нь байв. Жованни нь Францисканы урсгалынханд өндөр нэр хүндтэй байж, түүний сургаал хойд Европт түгж, Саксоны сүмийн ахлагч, Германы хамба (сайд), хожим Испани, магадгүй Барбари, Кёльны хамба байсан.

Өгэдэй хаанаар удирдуулсан Их Монгол Улсын зүүн Европ дахь байлдан дагуулалт, ялангуяа Христийн ертөнцийг эзлэх нь гэсэн айдаст автуулсан 1241 оны 4-р сарын 9-нд болсон Легницийн тулалдааны үеэр тэр дээрх албан тушаалуудыг хашиж байлаа. "Татаруудын аюул" дөрвөн жил өнгөрсөн ч хүмүүсийн сэтгэл зүрхнээс арилсангүй. Ромын Пап лам IV Иннокент Христ шүтлэгтэн улс түмнийг довтлуулахгүй байж, тэдний итгэлийг олуулахаар Монголчууд руу Католик элчийг илгээхээр шийджээ. Цаашилбал дипломат харилцаагаа өргөжүүлж, Исламын шашинтнуудын эсрэг хамтран тэмцэх бодолтой байлаа.

Аялал

Гүюг хааны IV Иннокент папад Перс хэлээр бичсэн захидал. Ватиканы номын санд хадгалагдаж буй

IV Иннокент Жованниг элч нарын ахлагчаар сонгожээ. Тэр үед Жованни нь 65 орчим настай байсан. Папын легатын хувьд тэрээр Папаас Их Хаанд бичсэн Cum non solum хэмээх захидлыг тээж явсан. Тэр үед Папын амьдардаг байсан Лионоос аяллаа эхэлж, Улаан өндөгний баяраар (1245 оны 4-р сарын 16) бас нэг элч Бохемийн Стивен гэлэнтэй нэгдсэн хэдий ч Стивен Киевийн орчмын Каневт явж байхдаа бие нь муудаж үлдсэн аж. Хуучин найз, Бохемийн хаан I Венцеслаустай зөвлөж, Бенедикт Полак хэмээх бага тушаалын ламыг орчуулагч хийлгэхээр Вроцлаваас олж авчээ.

Тэд Киевийг өнгөрөөд Каневт Монголчуудын хилийн харуултай дайралдаж, цааш Днепр, Дон, Ижил мөрнийг гаталж, Ижил мөрний хөвөөнд байрлаж байсан Батын орд өргөөнд хүрэлцэн очив. Тэд Бат ханд хүргэж өгөх бэлгийнхээ хамт, хор байж магадгүй гэсэн болгоомжлолын улмаас хоёр галын хоорондуур явж, түүнтэй уулзсан гэдэг.

Бат тэднийг Монголд буй Их Хааны өргөөнд хүргэж өгөхийг тушааснаар элч нар 1246 оны 4-р сарын 8-нд аяллынхаа хамгийн ширүүн хэсгийг эхлэв. Карпинигийн бичсэнээр тэд морин дээр арай ядан сууж, давс, устай хар будаагаар голоо зогоож, цас хайлуулан буцалгаж ууж явжээ. Урал голыг гаталж, Каспийн тэнгис, Арал тэнгисийн хойд биеэр дөтлөн муслимчуудын хотоор дайрч явсаар 7 сарын 22-нд Орхон гол, Каракорумын орчимд байрлаж байсан Шар Ордод хүрч очив. Элч нар 3000 милийн зайг 106 өдөрт туулжээ.

Тэднийг очиход Өгэдэй хаан нас барж, Өгэдэйн ахмад хүү Гүюг эхийн хамт төр барьж байсан бөгөөд Гүюгийг албан ёсоор их хаанд өргөмжлөх их Хуралдай Шар Ордод Ази, зүүн Европын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 3000-4000 төлөөлөгчтэйгээр хуралдахад элч нар гэрч болон байлцжээ. Ийнхүү 8-р сарын 24-нд Гүюг хаан албан ёсоор хаан ширээнд суусан байна.

Их хаан Гүюг Христийн шашинд дагаар орох урилгаас татгалзаад, Пап болон Европын удирдагчдыг хүрэлцэн ирж, түүнд үнэнч байхаа тангараглахыг шаардсан аж. Хаан элч нарыг 11-р сар хүртэл явуулалгүй хорьжээ. Эцэст нь Папад зориулж Монгол, Перс, Латин хэлээр бичсэн захидлыг төлөөлөгч нарт гардуулж өгсөн байна. Их хааны захидлыг хүргэж өгөх урт өвлийн аянаа эхэлж, цасан дээр хоноглож, нүцгэн хөлөөрөө алхаж явсаар 1247 оны 6 сарын 10-нд Киевт хүрчээ. Тэднийг Славын Христийн шашинтнууд үхээд амилсан хүмүүс мэтээр хүлээн авч, сайтар сувилжээ. Тэгээд аяллаа үргэлжлүүлж, Папыг Лионд байхад нь хүрч очин Их Хааны захидлыг гардууж өгсөн юм.

Амьдралын төгсгөл

Аяллаас хойш тун удалгүй Жованни Далмацид байх Антиварийн хамбаар томилогджээ. Хүнд хэцүү аяллаас 5 жилийн дараа буюу 1252 оны 8-р сарын 1-нд Плано Карпини нас нөгчсөн юм.

Номнууд

Карпини аяллын үеэр цуглуулсан мэдээллүүдээ HISTORIA MONGALORUM ("МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ"), Liber Tartarorum, Liber Tatarorum ("Татаруудын тухай ном") гэсэн нэрээр эмхтгэжээ. Уг тэмдэглэл нь 9 бүлгээс бүрдэх бөгөөд эхний 8 бүлэгт нь Татаруудын улс орон, цаг агаар, ёс заншил, шашин шүтлэг, зан ааш, түүх, төрийн бодлого, тэдэнтэй хэрхэн харилцах тухай байдаг бөгөөд 9 дахь бүлэгт нь замдаа туулж өнгөрсөн нутгуудын тухай дүрсэлсэн байдаг.


1. "HISTORIA MONGALORUM" Fra Giovanni da Pian del Carpini, 1245-1247, "Монголчуудын түүх" Плано Карпини, орчуулсан Л.Нямаа, 2006, ISBN 99929-2-214-1