Дэнзэн Норгай

Дэнзэн Норгай
[[Зураг:
|frameless|alt=]]
Дэнзэн Норгай ба Эдмунд Хиллари нар. 1971 он
Төрсөн1914 оны 8 сар
Балба, Гомбо гэдэг газар
Яс үндэсширваа
Юугаараа алдаршсануулчин бөгөөд анх удаа Эверестэд гарсан
ХамтрагчЭдмунд Хиллари
Хүүхэд7 хүүхэдтэй
Эцэг эхэцэг нь Ганла Мягмар (1949 онд нас барсан)


Дэнзэн Норгай (Англи: Tenzing Norgay, sherpa (ширваа) хэлээр मार्यो पिरतीले, 1914 оны 5? сар – 1986 оны 5 сарын 9-ний өдөр) буюу Намжил Банди (Namgyal Wangdi) нь Балба улсаас гаралтай уулчин, түвд ширваа үндэстэн, 1953 оны 5 сарын 29-ний өдөр хүн төрөлхтний түүхэнд анх удаа Гималайн нурууны Эверест оргилд хүрсэн хоёр хүний нэг гэдгээрээ алдаршсан хүн юм. Тайм сэтгүүл түүнийг "20-р зууны хамгийн нөлөөтэй 100 хүний" нэгээр нэрлэжээ.


Залуу нас[засварлах | кодоор засварлах]

Төрсөн нутаг Балбын Гомбо буюу Khumbu гэдэг газар

Дэнзэн Норгай нь Балбын зүүн хэсэгт байдаг Сагармата мужийн Гомбо (Khumbu) гэдэг газар сарлаг малладаг малчин айлын 13 хүүхдийн (7 нь бага насандаа өөд болсон) 11 дэх нь болж төрсөн. Эцэг эх нь түүнийг туулай жилтэй, "өвс навч нахиалах сард төрсөн" гэдэг байсан, мөн Эвэрэст оргилд 5-р сарын 29-нд хүрсэн учраас өөрийн төрсөн он, сар, өдрийг 1914 оны 5-р сарын 29 гэдэг байжээ. Бага насандаа хэсэг зуур Даваачойлин хийдэд шавилан сууж эрдэм ном үзсэн. 19 настайдаа Энэтхэгийн Өрнөд Бенгал мужийн Даржилин хотод олноор амьдардаг ширваа үндэстнүүдийн дүүрэг рүү нүүж иржээ.

Уулчин[засварлах | кодоор засварлах]

Дэнзэн нь анх удаа 20 настайдаа 1935 онд ууланд газарчнаар Эверест уулыг судлах британийн багт ажиллажээ. Өөр хоёр газарчин эрүүл мэндийн үзлэгээр тэнцээгүй учраас Дэнзэнд ийм боломж тохиосон аж. Багийн удирдагч Эрик Шиптон хожим нь түүнийг "ярайсан цагаан шүдээрээ эелдгээр инээх нь олонтаа залуу" учраас таалагдаж, багтаа авсан гэжээ. Энэ экспедицийн үеэр Норгай нь шаламгай, уул өөд ядрахгүй урагш тэмүүлдэг, тусч, багийн гишүүддээ үлгэр жишээ хүн гэдгээ харуулжээ.

1930-аад онд Эверестийн оргилд Түвд талаас хойд хэсгээр нь авирах Их Британийн гурван албан ёсны оролдлогод оролцсон, мөн Гималайн бусад оргилд хүрэх хэд хэдэн багт ажиллажээ.

1940-өөд оны эхээр Дэнзэн нь Энэтхэгийн Читрал мужид (1947 онд Пакистан нь Энэтхэгээс салан тусгаарлахад Пакистаны нэг хэсэг болсон) Их Британы төлөөлөгч хошууч Чапманы хувийн туслахаар ажиллаж амьдарч байжээ. Анхны эхнэр Даваапүти нь энд нас барсан. 1947 онд Энэтхэгийг хувааснаас эмх замбараагүй байдал үүсэх үеэр хоёр охинтойгоо хошууч Чапманы хуучин дүрэмт хувцсыг өмсөж, тасалбаргүйгээр галт тэргэнд багтаж Энэтхэгийн Даржилин хотод буцаж ирсэн байна.

1947 онд тэрээр Эверест оргилд гарах канадын багийн амжилтгүй оролдлогод оролцов, баг (Эрл Денман, Ангидаваа Ширваа, Дэнзэн Норгай нар) нь 6700 метрийн өндөрт хүчтэй шуурганд нэрвэгдэж буцсан байна. Мөн 1947 онд анх удаа швейцарын уулын багт ажиллахдаа хальтарч бэртсэн багийн гишүүн Бандиноровыг гайхалтай шаламгай аварч ихээхэн талархал, хүндэтгэлийг хүлээжээ. Баг нь Кедарнат оргил-д авираад 6940 м өндөрт хүрч замаасаа буцжээ.

1952 онд тэрээр швейцарын хоёр экспедицэд оролцсон, энэ хоёр баг нь Эверест оргилыг өмнөд буюу Балба талаас авирах анхны ноцтой оролдлогыг хийжээ. Ингэхдээ 5-р сарцын авиралтаар Рэймонд Ламберт, Дэнзэн нар 8595 метр өндөрт хүрч, авиралтын дээд амжилтыг тогтоож, энэхүү экспедиц нь уг оргилд авирах шинэ жимийг нээсэн байна. Намрын авиралтаар Дэнзэн, Рэймонд Ламберт нар 8600 метр өндөрт хүрч дээд амжилтаа шинэчилжээ. Таагүй цаг агаарын улмаас авиралтыг зогсоосон. Эдгээр экспедицэд Дэнзэн нь хөтөч, тээшчин биш, багийн бүрэн гишүүнээр ажилласан (хожим нь тэрээр "миний хувьд хамгийн том нэр төрийн хэрэг" болсон гэж бичсэн байдаг).

Эверест оргилд хүрсэн нь[засварлах | кодоор засварлах]

Эдмунд Хиллари, Дэнзэн Норгай нар, 1953 он

1953 он гэхэд Дэнзэн нь Эверестэд зургаан удаа авирсан туршлагатай, нэр хүндтэй уулчин байлаа. Жон Хант ахлагчтай экспедиц нь Эверест оргилд хүрэх зорилготой Их Британийн 9 дэх оролдлого байсан бөгөөд авиралтыг мөн оны 6-р сард Хатан хаан II Елизавета хаан ширээнд суух түүхэн ёслолд зориулсан байна. Экспедиц нь томоохон баг бүрдүүлжээ: нийтдээ 362 тээшчин, 20 ширваа хөтөч, 4500 кг ачаа, 400 гаруй хүн багтсан. Багийн гишүүн Шинэ Зеландын уулчин, аялагч Эдмунд Хиллари Дэнзэнтэй 1953 оны 3 -р сарын 5-нд Катманду хотод анх уулзсан тухайгаа 1975 онд ийн бичсэн байдаг:

"Би Дэнзэн Норгайтай танилцахыг маш их хүсч байлаа. Түүний нэр хүнд нь швейцарын 2 багийн авиралтаас өмнө ч олны дунд тархсан байсан... Дэнзэн нь үнэхээр л биширмээр харагдсан - ихэнх ширваачуудаас биерхүү, чадалтай, идэвхтэй хүн байлаа, түүний часхийсэн инээмсэглэл анхаарал татахаас аргагүй; тэрээр бидний бүх асуулт, хүсэлтэд үнэхээр тэвчээртэй хандсан. Бат итгэлтэй хүн байв, байгаа байдал нь өмнөх авиралтуудын амжилтыг гарцаагүй илтгэнэ. Иймд тэр өөрөө ч оргил өөд хийх эцсийн довтолгооны гишүүн болно гэж бодож байсан ... Дэнзэн нь миний уулзаж учирч байсан ширваа хөтөч нараас хамаагүй илүү хувийн зорилготой хүн байлаа."

Уулчдын багийн эхний хэсэг 1953 оны 3-р сарын 10-нд гараагаа эхэлсэн, оргил өөд довтлох сүүлчийн баазаа 7900 метрийн өндөрт байгуулжээ. 5-р сарын 26-нд багийн хоёр гишүүн (Том Бурдиллон, Чарльз Эванс нар) авирах гэж оролдсон боловч хүчилтөрөгчийн тоног эвдэрсэн учраас буцаж ирэв. Иймд ахлагч Хант нь Хиллари, Дэнзэн нарыг сонгон, оргилд хүрэх даалгавар өгч томилжээ. 5-р сарын 28-нд Хиллари, Дэнзэн нар 3 дэмжигч хүнтэй (Ангиням, Альфред Грегори, Жорж Лоу) баазаасаа хөдөлсөн. 8900 метрийн өндөрт майхангаа босгосон бөгөөд туслах баг буцсан. Маргааш өглөө нь тэр хоёр сүүлчийн авиралт хийж 11.30 цагт дэлхийн хамгийн өндөр цэг болох 8848 метр өндөр Эверест оргилын оройд хүрчээ. Хожим нь Хилларигийн хэлснээр тэд "цастай мөсийг сүхээрээ хэд завчиж хэсэг зуур орой дээр зогсов." Хиллари оргилд хүрсэнийг нотлох зорилгоор Дэнзэнгийн зургийг авсаны дараа тэд орой дээр 15 орчим минут болоод бууж эхэлжээ. Майхан дээрээ буцаан ирэхэд Жорж Лоу халуун шөлтэй тэднийг хүлээж байв. Уулчин хоёрыг бууж ирсний дараа Балба, Энэтхэг, Их Британи, Шинэ Зеланд болон бусад орнуудад мэдээ хурдан тархаж, улс орнуудын Засгийн газрууд мэндчилгээ ирүүлж, дэлхий даяар их баяр хөөр болж, хүндэтгэл үзүүлжээ.

Хожимын амьдрал[засварлах | кодоор засварлах]

Э.Хиллари, Дэнзэн нар 1971 онд

Эверест оргилд авирсны дараа дэлхийн олон ороны Засгийн газрын болон иргэдийн, мэргэжлийн байгууллагуудын урилгаар айлчилж, танилцуулга, илтгэл хийж, дэлхий даяар Гималай судлал, Балба судлал, түвд хэл болон ширваа үндэстний судлалыг ихээхэн хөгжүүлсэн.

1954 онд байгуулагдсан Даржилин дахь Гималайн хүрээлэнгийн хээрийн сургалтын анхны захирал болж, улмаар олон жил уг хүрээлэнгийн захирлаар ажиллажээ. Мөн энэ хугацаанд олон тооны гадаадын багийг Гималайн оргилуудад авирахад нь газарчилж байжээ.

1978 онд өндөр ууланд газарчлах үйлчилгээ үзүүлдэг "Дэнзэн Норгайн Аялал" (Tenzing Norgay Adventures) нэртэй компаниа байгуулжээ. 2021 оны байдлаар түүний хүү Жамлин Дэнзэн Норгай уг компанийг ажлуулж буй.

Дэнзэн Норгай нь 1986 оны 5-р сард Даржилин хотод 71 настайдаа тархинд цус харваснаас насан өөд болсон.

Алдар, шагнал[засварлах | кодоор засварлах]

Даржилин хотын Гималайн хүрээлэн дэх Дэнзэн Норгайн шарил

1938 онд Эверестийн гурав дахь авиралтын тээшчнээр өндөрлөгт үр дүнтэй ажилласан тул Гималайн клубээс Дэнзэнг "Гималайн бар" медалиар шагнажээ.

Хүн төрлөхтний түүхэнд оруулсан ул мөр, Их Британы экспедицийн амжилтанд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж 1953 оны 6-р сард хаан ширээнд суусан Хатан хаан II Елизавета Дэнзэнг "Загалмайт Жорж" медаль болон "Хатан хааны титмийн медаль"-иар шагнажээ. Мөн онд Балба улсын дээд шагнал "Балбын од" одонгоор, 1959 онд Энэтхэгийн "Падма Бхуша" одонгоор шагнуулсан.

1988 онд 6481 дугаартай жижиг гаригийг түүний нэрээр Дэнзэн гэж нэрлэсэн.

2003 онд Энэтхэгийн уулсын спортын дээд шагналыг Дэнзэн Норгайн шагнал гэж нэрлэж хүндэтгэл үзүүлжээ, шагналыг 7000 ам.доллартай тэнцэх мөнгөн шагнал дагалддаг.

2008 онд дэлхийн хамгийн хэцүү нисэх онгоцны буудлын нэг болох Балбын Лукла хотын онгоцны буудлыг Дэнзэн Хиллари (Tenzing–Hillary Airport) хэмээн нэрлэжээ. Лукла хот нь түүний төрсөн нутаг Гомбо (Khumbu) гэдэг газар байдаг.

2015 оны 7-р сард Дэлхийн ван гариг дээрхи 3.4 км өндөр уулсыг Дэнзэнгийн нуруу (Tenzing Montes) гэж нэрлэж нэр алдрыг нь мөнхрүүлжээ.

Уран зохиол[засварлах | кодоор засварлах]

  • Д.Норгай. Цаст уулын барс. дуртгал. монгол хэлээр
  • Gill, Michael (2017). Edmund Hillary: A Biography. Nelson, NZ: Potton & Burton. ISBN 978-0-947503-38-3
  • Hunt, John (1953). The Ascent of Everest. London: Hodder & Stoughton. ISBN 0-89886-361-9
  • Tashi Tenzing and Judy Tenzing (2003). Tenzing Norgay and Sherpas of Everest. International Marine/Ragged Mountain Press. ISBN 978-0071413091
  • Ed Douglas (2003). Tenzing: Hero of Everest. National Geographic. ISBN 978-0792269830