Зая бандид Намхайжамц

Халимагийн нийслэл Элст, Халимагийн Улсын Их Сургуулийн хичээлийн байрны цэцэрлэгт боссон Зая бандид Намхайжамцын хөшөө

Монгол угсаатан, тэр дундаа Ойрадын ард түмний дундаас төрсөн XVII зууны нэрт хүн, буддын шашин болон төрийн зүтгэлтэн, равжамба, зая бандид, дуун хөрвүүлэгч, тод үсгийг зохиогч, соён гэгээрүүлэгч Зая бандид Намхайжамц (өөрөөр Зая Бандид Огторгуйндалай; халимагаар Зая Пандит, бүтнээрээ Зая Пандит Оһтрһун Дала; оросоор Зая-Пандита, Зая-Пандита Намкхай Чжамцо, 1599-1662) 1599 оны шарагчин гахай жилд Зүүнгар улсын нутагт сууж байсан хошууд (аймаг)-ын гөрөөчин отгийн шангас овогт Хүнгүйзаяачийн ууган хүү Баавханы тавдугаар хөвүүн болон төрж Шарха

ваг хэмээх нэрийг олов. 1616 онд 17 насандаа Төвөдийн Лхасын Барайвун хийдэд шавилан суужээ. Түүний Намхайжамц гэх сахилын нэр нь монголоор «Огторгуйн далай» гэж хөрвөнө. 10 жил шашны ном үзээд рабжамба (хэтэрхий мэдэгч) цолыг хамгаалжээ. Түүнээс хойш ахиад 20 жил Төвөдийн олон хийдэд багш лам болж явахдаа Зая бандид гэж хүндлэгдэн алдаршив. 1638 онд Гурван их богд хэмээн алдаршсан буюу V дүрийн Далай лам Агваанлувсанжамц, IV дүрийн Банчин эрдэнэ, Галдан ширээт хийдийн хамба Галдан тив нарын зарлиг дор Халх долоон хошуу, дөрвөн ойрдын нутагт төр шашны их багшаар томилогдон эх нутагтаа морилон иржээ.[1]

1640 оны халх-ойрадын олон ноёдын Тарвагатайн чуулганд оролцож Их цаазын бичигт санаа бодлоо нийлүүлэв. Тэрээр Зүүнгараас гарч яваад 1641—1642 онд Халх, 1645, 1657 онд хоёр удаа Ижилийн ойрад гэх мэт манжийн эрхэнд ороогүй монгол нутаг болгоноор ном сургааль айлдаж байжээ. Зая бандид Намхайжамц 1648 оны хулгана жил Зүүнгарын нутаг Чүй голын эрэгт Авлай тайжийнд өвөлжихдөө хамаг монгол хэлтэнд дөхөмчилж худам монгол үсгийг тодруулж, тодорхой болгосон үсэг зохиосон нь тод үсэг юм. 1662 онд Төвөдөд очих замдаа Хөхнуурт нас нөгчжээ.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "РАБЖАМБА ЗАЯ БАНДИДА НАМХАЙЖАМЦ "ОГТОРГУЙ ДАЛАЙ"- ЫН НОМЫН ӨРГӨӨ БАЙГУУЛНА". Archived from the original on 2011-07-10. Retrieved 2012-11-06.