Кужун ван (Курё)

Кужун ван
Курё улсын ван
Хаанчлал1213-1259
Хаан суусан1213
Бүтэн нэрВан Чол
Төрсөн огноо1192 оны 2 сарын 3
Төрсөн газарКэсон
Өнгөрсөн огноо1259 оны 7 сарын 21
Өнгөрсөн газарКэсон
ӨмнөхКанжун ван
УдаахВонжун ван
Их хатанАньхэ хатан
ЭцэгКанжун ван
УлсКурё улс
Ургийн овогКэсон Ван овог
Сүмийн цолКожон

Кожон ван (고종; 高宗) Ван Чол (왕철; 王皞) (1192-1259) нь 1213-1259 оны хооронд Курё улсыг захирч байсан 23 дахь ван юм. Канжон вангийн хөвгүүн. 1212 онд хунтайжаар өргөмжлөгдөж, 1213 онд вангийн сууринд заларч, 1259 онд таалал төгсөх хүртлээ тус улсыг захирсан.

Тойм[засварлах | кодоор засварлах]

Кожон вангийн үед Курё улсыг Чой Чүнхонь, Чой Ү, Чой Хан, Чой Ыи, Ким Жүнь нарын цэргийн жанжид ээлжлэн төрийн эрхийг барьж, улс төрийн бүхий л шийдвэрийг гаргаж, улсын ван нэр төдий билэгдэлийн шинжтэйгээр улсыг захирч байсан. Их Монгол Улсын арми Алтан улсад довтолсноор Ляодунгийн хойгт байсан Киданчууд 1216-1217 оны үед Жиншань хэмээх жанжнаар удирдуулсан 90 мянган хүнтэй[1] цэргийн хүч Курёгийн нутаг руу довтлон орж, хэд хэдэн хотыг эзэлж суун, Сакжу, Чонжу, Жунжу хотуудыг довтлон эзэлсэн. Энэ үед Жиншань хэмээгчийг харъяат ноён Тунгуюй нь алж, хэсэг захирсан ч, Тунгуюйг өөр нэг ноён Ханьша гэх хүн алж, цэргээ авч Кэсон хот руу довтлохоор өмнө зүгт дайрсанч, цайз бэхлэлт чанга байснаас болж, ухран Пёняныг довтлон эзлэв. 1216 оны намар Чой Чүнхоний удирдсан курёгийн цэргийн хүч Тэдунган голын хавьд Ханьша тэргүүт Киданыг довтлон ялж, Киданчууд Бэйгуань руу ухарсан. Тэндээс хойд зүгт байсан зүрчид жанжин Пусянь Ваннугийн Зүүн Ся улс, Их Монгол Улсын эзэлсэн зарим хот руу довтлон түйвээж, байсан тул 1218 оны хавар Монголын Хажэнь, Жала[2] нарын удирдсан түмт цэрэг, Пусянь Ваннугийн 2 түм гаруй цэрэгтэй нийлж Курёгийн хилд цөмрөн орж, Хважу, Токху, Мэнжу, Сунжу хотуудыг эзлэн, Кандон цайзыг бүслэн авсан. Ханьша хор ууж үхсний дараа 50,000 киданчууд бууж өгч, Монголын жанжид, Курё улстай анхлан найрамдлын гэрээ хийж буцжээ. 1225 онд монголын элчийг зам зуурт нь курёгийн жанжид алснаар хоёр орны харилцаа тасарч, 1231-1232 онд Өгэдэй хааны зарлигаар Саритай хорчий захирсан 1 түмт Курё улсыг дагаар оруулахаар довтолсон. Энэ дайны дараа Монголын талаас тавьсан шаардлагыг эсэргүүцэж, Курёгийн цэргийн жанжид нийслэлээ Канхва арал руу нүүлгэснээр Монголын цэргийн хүч 1235-1239, 1247, 1251, 1257-1259 онд олон удаа довтлон байлдсны дараа 1259 онд Курё улс бууж өгсөн. Энэ үед Чой овогтны цэргийн жанждын ноёрхол дуусч, нийслэлээ Кэсон хот руу буцаан нүүлгэсэн. Эдгээр үйл явдлуудад Кожон ван улсын тэргүүний үүргийг билэгдэл төдий гүйцэтгэж байв. 1259 онд нас барсан. Түүнийг хөвгүүн Вонжон ван залгамжлан, Аньхё их ван (안효대왕, 安孝大王) хэмээн нэхэн өргөмжлөн, сүмийн цолыг Кожон (고종; 高宗) гэв. Харин 1310 онд Өлзийт Төмөр хааны зарлигаар Чүнхонь ван (충헌왕, 忠憲王) гэж нэхэн өргөмжлөн, сүмийн цолыг хэрэглэхийг хориглов. 1356 онд Курё улс Юань улсын ноёрхлоос гарсны дараа хуучин цолыг сэргээсэн.

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

  • Эцэг: Канжон ван (강종, 1152–1213)
    • Өвөө: Мёнжон ван (명종)
    • Эмээ: Ыижон хатан (의정왕후): Каннын гүн Ван Онгийн[3] охин.
  • Эх: Кэсон Ван овгийн Вондок хатан (원덕왕후 왕씨)
    • Нагац өвөө: Шиньань хү Ван Сон (신안후왕성)
    • Нагац эмээ: Чанрак гүнж (창락궁주): Иньжон вангийн охин.
  • Хатан, хүүхэд:
  1. Ю овгийн Аньхэ хатан (안혜왕후유씨, ?-1233): Хыижон вангийн охин. Эхийн овгийг авсан. Кожон вангийн хаяалд дүү.
    1. Воньжон ван (원종, 1219 – 1274)
    2. Аньгён хү Ван Чан (영종, 1223-?): 1269 онд бослого гаргаж, түр зуур вангийн сэнтийд заларсан.
    3. Сүхын гүнж (수흥궁주)
Өмнөх
Канжун ван
Курё улсын ван
1213-1259
Дараах
Вонжун ван

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Монголын эзэнт гүрний түүх. Их Монгол Улс. УБ., 2019. Тэргүүн боть. т.369
  2. Монголын эзэнт гүрний түүх. Их Монгол Улс. УБ., 2019. Тэргүүн боть. т.370
  3. Мүнжон вангийн ач хүү