Маркетингийн судалгаа

Маркетингийн судалгаа гэж хэрэглэгчид, өрсөлдөгчид ба зах зээлийн талаар мэдээ мэдээллийг зохион байгуулалттайгаар цуглуулж, тэмдэглэн дүн шинжилгээ хийх явцыг хэлнэ.

Маркетингийн судалгааг гол хийх зорилго бол маркетингийн үндсэн асуудлууд болон бүтээгдэхүүн, үнэ, хуваарилалт, идэвхжүүлэлт болон зорилтот зах зээл, түүнтэй холбоотой нийгэм, эдийн засгийн орчны талын мэдээллийг цуглуулж, байгууллагын удирдлага шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллийг бэлтгэхэд оршино.

Маркетингийн судалгаа нь эдийн засгийн судалгаа, социологийн судалгаанаас ялгарах онцлог бизнесийн шийдвэр гаргахад чиглэсэн байдаг болно. Эдийн засгийн онолын загварууд, социологийн судалгааны аргуудыг хэрэглэдэг боловч зан үйл судлал, менежмент, сэтгэл судлал, санхүүгийн ололтуудаар байнга баяжиж байдаг. Маркетингийн судалгааг хэлбэрээр нь тоон ба чанарын гэж ангилдаг. Үүргийнх нь хувьд хэрэглэгчийн, өрсөлдөгчийн, зах зээлийн, зар сурталчилгааны гэж ангилж болно.

Чанарын судалгаанд: 1. Ажиглалт 2. Туршилт 3. Ярилцлага 4. Фокус бүлгийн ярилцлага гэсэн судалгааны төрлүүд байдаг.

Тоон судалгаанд: 1. Хэрэглэгчийн хэрэглээ хандлагын судалгаа 2. Ретинг, үнэлгээний судалгаа 3. Тандалт, мониторингийн судалгаанууд гэж ангилж болно.

Маркетингийн судалгааны үе шат:

  1. Судалгааны хэрэгцээг тодорхойлох
  2. Асуудлыг тодорхойлолх
  3. Судалгааны зорилтуудыг тавих
  4. Судалгааны загварыг тодорхойлох
  5. Мэдээллийн төрөл болон эх сурвалжийг тодорхой болгох
  6. Өгөгдлийг ашиглах аргачлалыг тодорхой болгох
  7. Өгөгдөл цуглуулах хэлбэрээ сонгох
  8. Түүврийн төлөвлөгөө, хэмжээг тодорхойлох
  9. Өгөгдлийг цуглуулах
  10. Өгөгдөлд дүн шинжилгээ хийх
  11. Үр дүнг тайлагнах