Муюн

Муюн

Муюн (ханз: 慕容 < maγlʊn < *mɔγlʊn; Монгол хэлний «мөрөн» гэдэг үгтэй холбоотой байж болох юм) нар нь эртний Дунху гэгдэж байсан зүүн талын нүүдэлчин овог аймгийн холбоонд багтаж байсан нэгэн аймаг юм. Энэ аймаг нь хожим Сяньбигийн холбоонд байж байгаад 235 онд Кэбинэн хаан алагдснаас Сяньби улс мөхөөд, олон аймаг бие даан орших болсны нэг нь юм. Тэр цагт тус овгоос Муюн Мохуба гэгч баатар хүн гарч ирээд 238 онд аймгаа авч Ляо гол руу нүүж очиод аймгаа хүчирхэгжүүлжээ. Түүний хөвгүүн Муян 246 онд залгамжилаад, Цао Вэй улстай хамтарч Кугүрё улстай дайтаж байсан. Түүнийг хөвгүүн Шэгуй нь залгамжилаад 283 он хүртэл захирсан. Түүний дараа Муюн Шань (283-285), Муюн Гүй (285-333) нар залгамжилаад, Муюн Гүй ханы үед зүүн хойд хятадын зарим хотыг эзлээд Янь улс гэж нэрлэсэн. Ингэснээр Янь улс 410 он хүртэл бүр мөсөн мөхөх хүртлээ оршин тогтнож эцэстээ Табгачын Вэй улсад мөхсөн. Энэ үеэс тэд нэг хэсэг нь хятадад уусч, зарим хэсэг нь Табгач болон бусад нүүдэлчин нарт уусч шингэсэн.