Тереза эх

Калькуттагийн Гэгээн Тереза эх
Тереза эх нэгэн уулзалтын үеэр
Хувийн мэдээлэл
Жинхэнэ нэрАгнес Гонжа Бояжу
Төрсөн1910 оны 8 сарын 26 (1910-08-26)
Оттаманы эзэнт гүрэн
Нас барсан5 September 1997(1997-09-05) (87 насалсан)
Калькутта, Энэтхэг
УлсАлбани
Гэгээн
Тэмдэглэлт өдөр9 сарын 5
Хүндлэгддэг шашинРомын Католик шашин
Адислагдсан2003 оны 10 сарын 19
Гэгээн Петрийн талбай, Ватикан
Адисласан хүнII Иохан Паул
Гэгээнтэн болсон2064 оны 9 сарын 4
Гэгээнтнээр өргөмжилсөн Пап Францис
ИвээгчДэлхийн Залуучуудын өдөр, Энэрэл хайрыг дэлгэрүүлэгч бүлгэм

Тереза эх буюу Калькуттагийн Гэгээн Тереза (Англи: Mother Teresa), жинхэнэ нэр нь Агнес Гонжа Бояжу (Agnesë Gonxhe Bojaxhiu, 1910 oны 8 capын 26 - 1997 оны 9 сарын 5) нь католик шашны гэгээнтэн, "Энэрэл хайрыг дэлгэрүүлэгч бүлгэм"-ийг үүсгэн байгуулагч юм. Ядуу, зовсон хүмүүсийн төлөөх үйлсийг нь өндрөөр үнэлэгдэж, 1973 онд Темплтон шагнал, 1979 онд Нобелийн шагнал, 1980 онд Энэтхэгийн төрийн дээд шагнал гэх мэт олон шагнал хүртсэн юм.

Калькуттагийн гэлэнмаа[засварлах | кодоор засварлах]

Тереза эх хэмээгдэх Агнес Гонжа Бояжу нь 1910 оны 8-р сарын 26-нд одоогийн Македоны нийслэл Скопье хотноо албани айлд мэндэлжээ. Маргааш нь буюу 27-нд ариун угаал хүртэж загалмайлах ёслол үйлджээ. Түүний эцэг Албанийн тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнд оролцож байсан ба зуурдаар нас барсан байна. Агнес айлын бага охин бөгөөд 12 настайдаа ирээдүйд гэлэнмаа болоод Энэтхэг явахыг хүсч байгаа тухайгаа ярьсан байдаг. 18 настайдаа Ирландын Лорето гэлэнмаагийн сүмд орж, хожим Калькутта (одоогийн Колката) явжээ. Агнес Дублин хотноо ерөнхий боловсрол эзэмшээд 1931 онд Энэтхэгийн Даржаалинд гэлэнмаагаар ирэв. Анх сахил хүртэхдээ сонгосон нэр нь Тереза байлаа. 1929-1947 он хүртэл Тереза Калькуттын Гэгээн Мариагийн сургуульд газарзүйн хичээл заасан ба 1944 онд сургуулийн захирлаар томилогдон ажиллав. Түүний ярьснаар 1946 онд галт тэргэнд явж байхдаа Тэнгэрбурханаас "Хамгийн ядуу хүмүүсийн дунд ажилласугай" хэмээх дуудлага хүлээн авсан гэжээ. Тэр сүмээсээ гадуур ядуу хүмүүст туслах сайн дурын ажил хийх зөвшөөрөл хүссэн ч Католик сүмийн удирдлага тэр дор нь хариу өгсөнгүй. 1948 онд Ромын Пап XII Пий сүмээс гадуур сайн санааны үйл ажиллагаа бие даан эрхлэх зөвшөөрөл өгчээ. Ийнхүү Тереза Калькуттагийн ядуусын хороололд орж ажлаа эхэлсэн болно. Тэрээр энэтхэг эмэгтэйчүүдийн үндэсний хувцас болох саригаас хамгийн эгэл дарууг өмсөж, орон гэргүй тэнэмэл хүүхдүүдийг цуглуулаад үнэгүй хичээл заах болов. Түүний эхлүүлсэн үйл ажиллагаа өргөжиж Гэгээн Мариагийн сургуулийг төгссөн Терезагийн шавь нар нь ирж туслах болсон ба сүм, орон нутгийн удирдах газраас хандив тэтгэмж ирэх болжээ.

Энэрэл хайрыг дэлгэрүүлэгч бүлгэм[засварлах | кодоор засварлах]

Тереза эх 1950 онд энэхүү бүлгэмийг үүсгэн байгуулах зөвшөөрөл Ариун Сэнтийгээс хүлээн авсан. Тереза эхийн хэлснээр "Энэрэл хайрыг дэлгэрүүлэгч" бүлгэмийн гол зорилго нь "Өлсөж цангасан, өмсөх хувцасгүй, орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй, хэнд ч тоогдохгүй орхигдсон болон хэнд ч хайрлуулж халамжлагдаагүй хүмүүсийн төлөө ажиллах явдал юм" хэмээн тодорхойлж байв. Тереза уг бүлгэмийг үүсгэн байгуулсан мөн гэлэнмаа нарыг удирдагчийн хувьд "Тереза эх" хэмээн дуудагдах болсон.

Энэтхэгийн Засгийн газраас тэдний үйл ажиллагааг дэмжиж эмнэлгийн байр өгсөн ба Тереза эх "Сүүлчийн замаа үдэх гэр" хэмээх асрамжийн газар байгуулав. Тэднийг анх ажлаа эхлэхэд нутгийн хүмүүс католик шашинд итгүүлэх гэж байна хэмээн хардаж байлаа. Гэсэн ч гэлэнмаа нар асарч буй хүнийхээ сүсэг бишрэлийг хүндэтгэн харьцаж, нас барахад нь мөн тэр шашных нь заншлаар оршуулах ёслол зэргийг үйлдэж байсан бөгөөд ийм хандлага нь яваандаа тэдэнд хүмүүсийн итгэл хүндлэлийг авчирсан билээ. Тереза эхийн энэ үйл ажил дэлхийн олон мянган хүний анхаарлыг татах болж улам ихээр хандив тусламж ирэх болов. 1960 он гэхэд бүлгэмийн үйл ажиллагаа бүх Энэтхэг улсаар тархсан байлаа. 1965 онд Ромын Пап VI Паулын зөвшөөрлөөр Энэтхэг улсаас гадна үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд Энэтхэгээс гадна хамгийн очсон анхны улс нь Өмнөд Америкийн Венесуэл байв.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Тереза эх – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.